МЭДЭГДЭЛ: Мэдээлэлгүй сэтгүүлч “Эрдэнэт” үйлдвэрийн уурхайчдын нэр төрд халдлаа
2014/02/14
“ГОК-ын захирал Ц.Даваацэрэн 70 мянган ам.долларын хүлээн авалт хийв”, “Хүний нөөцийн газрын дарга нь эхнэрийн хамт гадаадад англи хэл сурах болоод тэр зардал болох 469,000 ам.долларыг Эрдэнэт үйлдвэр гаргасан байна”, “Эрдэнэт үйлдвэрийн шинэхэн дарга Ц.Даваацэрэн гэгч улсын мөнгөнд хайр найргүй хандаж байна” гэсэн мэдээллийг ЦАГ. МН, MGLTIMES гэх мэт цахим сайтуудад нийтэлж, үнэнийг бичсэндээ эргэлзсэн сэтгүүлч нь худлаа бол тайлбар хийхийг хүсчээ. Эх орны эдийн засагт үнэтэй хувь нэмрийг оруулдаг, Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнг “Хэрээ лугаа”, “улсын мөнгө олон зуун мянган долларыг шамшигдуулсан” мэтээр үндэслэлгүйгээр илтэд гүтгэсэн мэдээлэлд “Эрдэнэт” үйлдвэрийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас албан тайлбарыг хийж байна.
Өнгөрсөн 2013 онд “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олон түүхт 35 жилийн ойгоо жилийн турш төлөвлөгөө гарган бүтээлчээр тэмдэглэн өнгөрүүлсэн. Ойн жилийн хугацаанд үргэлжлэн явагдсан үйлдвэрийн ирээдүйн хөгжлийг тодорхойлсон онол практикийн бага хурал, спорт урлагийн нэгдсэн арга хэмжээнүүд, “Бид зууны уурхайчид” ажиллагсдын баярын цэнгүүн гээд дурьдаад байвал олон үйл ажиллагааны жагсаалт гарна. Энэхүү ойн баярын үйл ажиллагаанууд илгээлтийн эзэд, анхдагчдын алдрыг мөнхөлж, уурхайчид, гадаадын мэргэжилтнүүд гээд “Эрдэнэт” үйлдвэрийн нийт ажилчдыг хамруулсан нь олны талархлыг хүлээн авсан билээ. Гэтэл энэхүү арга хэмжээнүүдэд зориулсан хөрөнгийг нэг удаагийн хүлээн авалтанд олон арван мянган доллар зарцуулсан мэтээр сэтгүүлч бичжээ. “Эрдэнэт” үйлдвэр нь Монгол, Оросын Засгийн газар, хоёр орны хамтарсан үйлдвэр учраас үйлдвэртэй холбоотой бүхий л асуудлыг хамтарсан зөвлөлийн хурлаар шийдвэрлэдэг компанийн дүрэмтэй.
“Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагын шинэ баг 2013 онд 9 зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Эдгээр зорилтуудын хүрээнд “Эрдэнэт” үйлдвэрт хүний нөөц, худалдаа, эдийн засаг, санхүүгийн байдлыг ил тод байлгахаар тодорхой арга хэмжээг авч ажиллаж байгаа юм. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ төлөвлөснөөс харьцангуй доогуур байгаа нь үйлдвэрт санхүүгийн хүндрэлийг учруулж байгаа хэдий ч 2013 онд компанийн санхүүгийн үр ашгийг тогтворжуулах зорилгоор үйлдвэрийн хэмжээнд бүх хэлтэс, цех, нэгжүүдийг хамруулан ажилласны үр дүнд өнгөрсөн оны эхний 11 сарын байдлаар нийт зардлыг 34 тэрбум төгрөгөөр хэмнэсэн. Мөн хэмнэлтийн бодлогын хүрээнд үйлдвэрийн өр авлагыг барагдуулах, өмнөх удирдлагын гаргасан тушаал, шийдвэрүүдийг хүчингүй болгох арга хэмжээг авч ажиллаж байгаа юм. Үүний нэг нь “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнгийн 2013 оны 12-р сарын 17-ны өдрийн А/755 тоот тушаалаар өмнө нь үйлдвэрийн хүний нөөцийн хэлтсийн орлогч даргаар ажиллаж байсан Д.Мөнхболд болон бусад нэр бүхий хүмүүстэй байгуулсан “Эрдэнэт” үйлдвэрийн зардлаар гадаадад сургах өмнөх удирдлагын байгуулсан № 597, №598 дугаартай сургалтын гэрээнүүдийг 2013 оны 12-р сарын 20-ны өдрөөс цуцалсан.
Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал нь хоёр орны засгийн газар, улс эх орны аюулгүй байдалтай холбоотой байдаг учраас “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой мэдээ мэдээлэлд сэтгүүлчид мэргэжлийн ёс зүйтэй хандаж, албан ёсны эх сурвалжаас нь баримт, мэдээллээ авч байх, улс орноо шударга хөдөлмөрөөрөө тэжээн тэтгэдэг уурхайчид, үйлдвэрийн хамт олны нэр төрд үндэслэлгүйгээр халдахгүй байхыг хүсч байна.
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ХХКОМПАНИЙН МЭДЭЭЛЭЛ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх