30 монгол судлаач, оюутан зуны сургуульд суралцахаар иржээ
2018/07/25
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монгол судлалын үндэсний зөвлөл хамтран жил бүр зохион байгуулдаг залуу монгол судлаачдын зуны сургууль эхэллээ. Даваа гарагт болсон зуны сургуулийн нээлтэд БСШУС-ын сайдын зөвлөх Б.Ганбат, Монгол судлалын үндэсний зөвлөлийн Нарийн бичгийн дарга Д.Заяабаатар болон 11 орны 30 залуу монгол судлаачид оролцлоо. Тодруулбал, энэ оны зуны сургуульд ОХУ, АНУ, БНХАУ, Франц, Япон, ХБНГУ, Унгар, Лаос, БНАСУ, БНСУ, Турк зэрэг 11 орны 16 их сургууль, судалгааны төвөөс 30 залуу судлаач, оюутан оролцохоор Монгол Улсад хүрэлцэн иржээ.
Зуны сургуулийн нэр хүнд өсөж, хамрагдах хүсэлтэй судлаачдын тоо өссөн
Залуу монгол судлаачдад зориулан зохион байгуулж буй сургалтын онцлог болон монгол судлаачдын чанар, тоог нэмэгдүүлэх талаар ямар бодлого баримталдаг талаар Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Заяабаатараас тодрууллаа.
Тэрбээр “Энэ жилийн залуу монгол судлаачдын сургуульд хамрагдах хүсэлтэй 50 гаруй хүний материал ирсэн. Монгол хэлний мэдлэг, сонирхол зэргийг нь харгалзан үзээд 30 залуу судлаачийг хамруулж байна. Зуны сургалтад өмнө нь цөөн орны судлаач оролцдог байсан. Харин сүүлийн дөрвөн жилээс зохион байгуулалтыг өөрчилж, нэр хүндийг нь өсгөсөн. Энэ хүрээнд сургалтын долоо хоногийг хөдөө, монгол ахуйд зохион байгуулах болсон. Өөрчлөлт үр дүнгээ өгч 2015 оноос эхлэн залуу монгол судлаачдын зуны сургалтад хамрагдахыг хүсэгчдийн тоо эрс өссөн. Нэг үе Монгол судлал уламжлалт салбар буюу хэл, соёл, түүхийг голчилдог байсан. Монгол судлал одоо өргөжиж байгаа. Өөрөөр хэлбэл, Монголыг олон талаас нь хардаг, судалдаг болсон гэсэн үг. Орчин үеийн Монголын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн тогтолцоо ямар байгааг монгол судлаачид сонирхдог болсон” гэв.
Нээлтийн үеэр залуу монгол судлаачдын нэг Б.Цэцэнданжин “Бээжингийн төвийн үндэсний их сургуульд доктрантурын нэгдүгээр дамжаанд суралцдаг. Миний судалгааны чиглэл уйгаржин монгол бичгийн сурвалж бичиг. Бага байхдаа Монголын талаар зурагтаар мэдээлэл авч, номоос уншиж байсан. Өөрөөр хэлбэл, Монголын талаар бүр багаасаа сонирхох болсон. Харин Монгол бичиг судлах болоод дөрвөн жил болж байна. Зуны сургуульд суухаар Монголд анх удаа ирлээ. Монголын хөдөөд очиж, монгол соёлтой танилцах гэж байгаадаа байртай байна” гэв.
Сургалт ирэх наймдугаар сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ. Залуу монгол судлаачид эхний долоо хоногт хөдөө очиж, монгол ахуйтай танилцах юм. Харин дараа нь Шинжлэх ухааны академи, МУИС, МУБИС болон монгол судлалын сургалт, эрдэм шинжилгээний гол төвүүдийн эрдэмтдийн лекцийг сонсох төлөвлөгөөтэй байна.