Утаагаа марттал улстөржсөн өдрүүд үргэлжилсээр. Ерөнхий сайдын рейтинг өсч байна гэнэ. Өмнөх сайдуудынхаас давж гарлаа л гэнэ.

У.Хүрэлсүх ч амьдралаас тасарсан амттай гоё мэдэгдлүүдээ хийж шүтэн бишрэгчид нь мань хүний рейтинг өсч байгааг магтан дуулсаар.

Ямар нэг нам, байгууллага, хувь хүний захиалгаар биш өөрсдийн санхүүжилтээр хийж гүйцэтгэдэг гэх “MEC” компанийн улс төрийн барометрийн хамгийн сүүлийн дүн энэ сарын 8-нд гарчээ. Ерөнхий сайдын ажлын үзүүлэлтээр У.Хүрэлсүхийн рейтинг өнгөрсөн оны нэгдүгээр сард 3.8 үзүүлэлттэй байсан бол сүүлийн судалгаагаар 5.6 болж өмнөх ерөнхий сайдуудаас нэг бүтэн дүнгээр илүүрхжээ. Тэгвэл бүгдээрээ бодит амьдралдаа нэг буугаад харья л даа. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болсон 2017 оны аравдугаар сард ам.долларын ханш Монголбанкны албан ханшаар 2462 төгрөгтэй тэнцэж байв. Харин өнөөдөр 2666 төгрөгтэй тэнцэж байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын рейтинг өсөх тусам ам.доллар дагаж томорсоор, монгол төгрөг улам үнэ цэнэгүйдсээр. Зөвхөн ам.доллар ч биш юань, рубль, иенийн төгрөгтэй харьцах ханш улам чангарсаар байна. Зах зээлийн үнийг тодорхойлоход голлон гүйцэтгэгчээр оролцдог бас нэгэн бүтээгдэхүүн болох шатахууны үнэ ч мөн адил. Ерөнхий сайдыг ажлаа авах үед буюу 2017 оны аравдугаар сард 1630 төгрөгтэй тэнцэж байсан АИ92 бензин өнөөдөр 1840 төгрөгт хүрсэн. 1720 төгрөгтэй тэнцэж байсан нэг литр дизель түлш 2370 төгрөгт хүрэв. Шатахуун, долларын ханш галзуурахыг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ ч тэнгэрт хадчихаад байна. Ганц хоёрхон жишээ авахад У.Хүрэлсүхийг ажлаа авах үед 2573 төгрөгийн үнэтэй байсан нэг кг цагаан будаа өнөөдөр 3270 төгрөг, 1150 төгрөг байсан атар талх 1350 төгрөг болчихоод байна. Энэ бол статистикийн байгууллагын худалдааны төвүүдийн үнийг дундажчилсан үзүүлэлт.

У.Хүрэлсүхийн улс төрийн рейтингээр цагаан сарын ууцаа, тавгийн идээгээ худалдаад авчихдаг бол ч гомдоллох хэрэг алга л даа. Өнгөрсөн жилийн цагаан сарын баяраа тэмдэглэхдээ авсан зээлээ төлж дуусгаагүй байж дараагийнхтайгаа нүүр тулчихаад байдгаа шавхаж сууна ард иргэд нь. Урдах зам нь харагдахгүй утаан дундуураа хүүхдүүдээ хөтлөөд бүдчин ажилдаа алхсаар. Яасан ч тэвчээртэй юм. Улс төрийн рейтингийг ямар шалгуураар тодорхойлоод байгааг мэдэхгүй юм. Уг нь Ерөнхий сайд маань ам.долларын ханш ингэж буурлаа, шатахууны үнэ ингэж хямдарлаа гэж яривал жинхэнэ утгаараа рейтинг нь өсөх байв.  Хоосон рейтингийг зарж идэх биш дээ. Хэнд ч хэрэгтэй юм бүү мэд.

 

Б.Төгс

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин