Токио хотноо болж байгаа мэргэжлийн сумо бөхийн Хацү башёгийн 4 дэх өдрөөс гэмтлийн улмаас барилдаанаа зогсоосон Япон Их аварга Кисэносато ирэх есдүгээр сарын 29-нд Кокүгикан ордонд зодог тайлах ёслолоо хийхээр товложээ.

Ёслолын үеэр Оичёо буюу үс авах ёслол, дээд зиндааны бөхчүүдийн барилдаан болно. 18 жил Ёкозүна цолтонгүй байсан япончуудад энэ хүндтэй цолыг авч өгсөн түүний үсэнд хэдэн хүн хайч хүргэх нь олны анхаарлыг татах нь гарцаагүй юм. Энэхүү "есдүгээр сарын 29" нь Кисэносатогийн анхны багш буюу мэргэжлийн сумогийн 59 дэх Ёкозүна Такасносато агсны төрсөн өдөр юм. Харин Тагоноүра дэвжээнээс албаар энэ өдрийг товлосон хэрэг биш, Кокүгикан ордны сул өдөр нь ингэж таарсан гэж сэтгүүлчдэд мэдээлжээ.

Кисэносато 2009 онд Араисо оякатагийн нэрийн лицензийг авсан учраас зодог тайлаад шууд энэ нэрээрээ ояката болох юм. Тагоноүра дэвжээндээ туслах ояката хийх бөгөөд Сүмо бөхийн холбооны анхны ажил нь 2-р сарын 9-нд Кокүгикан ордонд болох NHK телевизийн нэрэмжит тэмцээн аж. Тэр Ёкозүна цолтон байсан ч гэсэн шинэ ояката тул юуны өмнө хамгаалалт, аюулгүй байдлын хэсэгт ажиллаж эхлэх юм байна.