Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь тухайн дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж буй зургаан хоригдлыг хугацааны өмнө суллах, дэглэм бууруулах тухай Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн дүгнэлтийг хүлээн авч хянан хэлэлцлээ.

Улмаар гуравдугаар сарын 07-ны өдөр дөрвөн хоригдлын хорих ялыг хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоон, хоёр хоригдлыг хорих ял эдлүүлэх дэглэмийг бууруулан нээлттэй байгууллагад эдлүүлэхээр өөрчиллөө. Тэдний дунд өрх толгойлсон, 5 хүүхдийн эх байсан бөгөөд тэрээр “Үр хүүхдүүдээ зөв хүмүүжүүлж, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, ажил хөдөлмөр хийж амьдарна. Өнөөдөр үр хүүхдүүддээ очих боломжийг надад олгосон шүүх байгууллагад маш их баярлалаа” хэмээн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.