Сүүлийн жилүүдэд ирээдүй болсон үрс минь араатан авиртай хүний баг зүүсэгчдийн гарт эрүүл мэндээрээ хохирох цаашлаад амиа алдах гээд харамсалтай хэргүүд гарсаар байна. Хуулийн байгууллагын зүгээс авч буй арга хэмжээ нь тэдэнд багаддаг уу, Эсвэл хуулиа мэддэггүй юу.

Ямаа нь омгоо захирч, дарж чаддагүй хүмүүс манай улсад олширсоор байгаа нь харамсалтай. Үүний жишээ болсон харамсалтай хэрэг энэ сарын 13-нд бүртгэгдлээ.

Энэ сарын 13-ны өдөр хойд эцэг нь дөрөвхөн настай хүүгээ "орондоо шээлээ" гэх шалтгаанаар хөх эрээн болтол нь зоджээ. Мөн хүүгийн дотор эрхтэн нь ажиллагаагүй болж, хоёр ч удаа хагалгаанд ороод байгаа гэдгийг эмч нар хэлэв. Хүний хоёр сайхан үрийг хайрлана гэж эхтэй нь суучихаад "эрүүл мэнд", "амь нас"-аар нь хохироох эрх...

Төрсөн ээжийг нь энэ сарын 10-нд  Дархан-Уул аймаг руу явсан байх үед нь хойд эцэг нь "шөнө орондоо шээсэн" гэх үндэслэлээр зодсоныг гурав хоногийн дараа мэдсэн байгаа юм. Болсон явдлын талаар хүүгийн ээж "Би бага хүүхдээ аваад, дөрвөн настай, зургаан настай хоёр хүүхдээ нөхөр дээрээ үлдээгээд гурав хоног хөдөө яваалд ирсэн. Миний хүү намайг явахаас өмнө бөөлжөөд эмнэлгээр яваад, бага зэрэг сульдаатай гэж байсан. Миний хажууд уг нь зодож байгаагүй. Ганц хоёр удаа ширүүн үг л хэлдэг байсан. Гэтэл намайг хөдөө явсаны хойгуур зодсон байсан. Намайг хөдөө явсаны маргааш нь манай аав гэрт очиход хоёр хүүхдээ аваад гадуур явж байна гээд оруулахгүй байсан гэсэн. Би гэр рүүгээ харимаар санагдаад болж өгдөггүй. Гуравдугаар сарын 13-ны өдөр гэртээ иртэл хаалгаа түгжчихсэн, хаалгаа тогшихоор тайлж өгөхгүй байсан. Утсаар залгаад авахгүй байхаар нь олон удаа залгаж байж хаалгаа тайлуулсан. Намайг гэртээ ороход манай нөхөр орон дээрээ хэвтэж байсан. Хүүгээ харсан чинь нүүр бие нь тэр чигтээ хөх эрээн болчихсон байхаар нь би уурлаад “Чи хүүхэд зодсон байна. Муу яргачин гээд уурласан. Тэгээд хүүхдээ авах гээд гарнаас нь татсан. Миний хүү “гар өвдөөд байна” гээд байхаар нь харсан тохой хэсгээрээ хавдчихсан байсан. Ингээд гэмтлийн эмнэлэг дээр ирж, үзүүлсэн. Нөхөр зодсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Юугаар зодсоноо надад харуулсан. Хоол хуурдаг модон хусуураар зодсон байна лээ. Биеэр нь дүүрэн хөхөрсөн шарх сорвитой болсон. Тэр модон хусуураа цууртал нь хүүг минь зодсон байгаа юм" гэсэн юм. Харин хүүг зодсон хойд эцэг  Т нь "Орондоо шээсэн байхаар нь хоол халааж байхдаа модон хусуур хэрэглэж байсан тэрүүгээрээ цохисон. Ингэхэд уйлаад доошоо суусан. Уурандаа юу болсоныг мэдээгүй. Уур гарсныхаа дараа цохисон газрыг нь харахад хөх няц болсон байсан. Өмнө нь шийтгээд өнгөрдөг байсан юм. Ингэж зодож байгаагүй" гэв. Хүүг "орондоо шээх" үед нь ингэж загнаж байхгүй бол "шээхээ болихгүй" гэж ээжид нь хэлдэг байжээ. 

Монголчууд бид өмнөх зууны хүмүүжүүлээр үр хүүхдээ өсгөн хүмүүжлэх нь хэр зохистой вэ. Хүмүүжүүлж байна гэж бяцхан үрсээ харгисласаар байх уу. Хүүхдээ зодсон хойд эцгийн хэрэг анх удаа гарч байгаа нь энэ биш. Өмнө нь удаа дараа гарч байсан. Манай улсад хойд эцэг нь долоон настай хүүгээ сэхээнд ортол зодсон хэрэг гарч олныг сэртхийлгэсэн. Түүнчлэн Дорноговь аймагт 12 настай охин хүчирхийлүүлсэн, өнгөрөгч оны аравдугаар сарын 14-нд Дундговь аймагт хойд эцэг нь 13 настай охиноо хүчирхийлж, жирэмсэн болгосон, Дорнод аймагт гурван настай охиныг хойд эцэг нь зодож гэмтээсэн зэрэг хэргүүд гарч байсан гээд тоочоод байвал дуусахгүй цааш хөвөрнө. 

 Ийм байхад бид дуугүй дүлий оргиод сууж байх уу, үүний эсрэг хуулиа чангатгах цаг хэдийнээ болжээ.