Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл 2014 оноос хойш амжилттай хэрэгжиж, Японы Үндэсний Технологийн коллежид суралцсан анхны 21 залуу төгсөгчид эх орондоо ирлээ. Энэхүү төгсөж ирсэн оюутнуудыг ажлбын байраар хангах зуучлах, эзэмшсэн мэргэжил, мэдлэг, ур чадварыг Монгол улсынхаа хөгжилд дэвшилд ашиглах зорилгоор "1000 инженер- ажлын байр" өдөрлөгийг  өнөөдөр зохион байгуулав.

Төслийн Коосэн хөтөлбөрт хамрагдсан оюутнууд ШУТИС-ийн Коосэн бэлтгэл хөтөлбөрт 1.5 жил суралцаад шилжин суралцах шалгалтад тэнцсэн тохиолдолд Япон Улсын Коосэнд 3 жил суралцан төгсөж техник технологиор мэргэшсэн онол, дадлага хосолсон туршлагатай боловсон хүчин болдогоороо онцлог, давуу талтай ч коллежийн дипломтой төгсдөг учраас уг өдөрлөгийн үеэр ШУТИС-ийн захирал Б.Очирбат төгсөгчдөд үргэлжлүүлэн суралцах урилга гардуулсан юм. Урилга авсан төгсөгчид 1 жил тус сургуульд суралцаад бакалаврын дипломтой болох юм.  Энэ хамтарсан хөтөлбөрт хамрагдсан оюутнууд Японы улсад иенийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 100 хувийн тэтгэлэгтэй суралцаад төгсөж ирээд эх орондоо 5 жил тасралтгүй ажилласан тохиолдолд тэтгэлэг болох боломжтой ажээ. 

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан "Монгол Улсын Ерөнхий сайдын Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр баталсан Монгол-Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрт 7.5 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээлийн “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг 2014-2023 онуудад хэрэгжүүлэхээр тусгасан. Албан ёсны нэр нь энэ боловч олон нийтийн дунд “Мянган инженерийн төсөл” гэдэг нэрээрээ танигдсан байдаг. Энэ төсөл нь Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, багшлах хүний нөөцийг бэхжүүлэх, сургалт, судалгааны орчин, чанарыг шинэчлэн сайжруулах зорилгоор сургалт, судалгааны үйл ажиллагаа явуулдаг. 

Төслийн хүрээнд Коосэн хөтөлбөрт 200 оюутан, Бакалаврын хамтарсан хөтөлбөрт 320 оюутан инженерээр суралцах болно. Түүнээс гадна монгол инженерийг эх орондоо бэлдэх чадварлаг багш нарыгаа энэ төслийн хүрээнд сургаж, Магистр, Докторын хөтөлбөрт 160, зэргийн бус хөтөлбөрт 325 багш судлаачид хамрагдах юм. 

Боловсролын салбарт анх удаа инженер, технологийн чиглэлд хүний нөөцийг бэлтгэхэд дорвитой хөшүүрэг болж буй энэхүү төсөлд Монголын талаас БСШУСЯ, МУИС, ШУТИС, Японы талаас ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Японы их, дээд сургуулиудын консорциум, Японы Үндэсний Технологийн Хүрээлэн болон хамтарсан судалгаанд оролцож байгаа 40 гаруй их сургуулиуд хамтран ажиллаж байна" гэсэн юм.

Одоогийн байдлаар, Коосэн хөтөлбөрөөр Япон Улсад 115 оюутан суралцаж үүнээс анхны элсэлтийн 21 залуу амжилттай суралцан, төгсөөд эх орондоо ирээд буй нь энэ аж. Уг хөтөлбөр нь сүүлийн 60 гаруй жил амжилттай хэрэгжиж, өнөөгийн Япон Улсын хөгжил дэвшилд гол үүргийг гүйцэтгэсэн инженерүүдийг бэлтгэжээ.

Японд тус хөтөлбөрийг дүүргэсэн нэг оюутанд 20-30 ажлын байрны санал ирдэг юм байна. Анхны төгсөгчдөд монголын аж ахуйн нэгж байгууллагуудаас ажлын байрын саналууд их ирж байгаа гэлээ.  Мөн бакалаврын хамтарсан хөтөлбөрт 107 оюутан хамрагдаж байгаагаас ирэх онд анхны төгсөгчид ирэх аж.