Монгол улсын үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар сүүлийн хоёр жил илүүтэй хүч аван яригдах болсон билээ. Өнөөдрийг хүртэл эцэслэсэн шийдвэр гараагүй байгаа юм.

Тэгвэл энэ хаврын чуулганаар үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэнэ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, холбоод  хамтран хэлэлцүүлэг хийсэн юм. 

Үндсэн хууль судлаач Б.Цогтгэрэл  "Үндсэн хууль нийгмийн тэгш оролцоотойгоор  батлагдаж чадвал дараа нь хүлээн зөвшөөрөгдөх тал нь давуу болно. Нэгэнт олон намын тогтолцоотой орны хувьд  улс төрийн намуудын байр суурь их чухал. Иймд  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл хаврын чуулганаар хэлэлцэгдэхээс өмнө улс төрийн намууд байр сууриа нэгтгэх зорилгоор  саяхан хэлэлцүүлэг хийсэн. Парламентад суудалтай, суудалгүй намууд хэлэлцүүлэгт оролцож, аль болох байр сууриа нэгтгэх зорилгыг баримталсан. Ажлын хэсэгт  байгаагийн хувьд би төсөлд дэвшүүлсэн  байгаа олон саналыг дэмжиж байна. Гэхдээ дутуу орхигдсон чухал заалтууд байна. Тэгэхээр  ач холбогдолгүй зарим заалтыг сольж, нийгмийн шаардлага,  эрэлтэнд  байгаа, олон түмний хүсч байгаа тэр зүйл  заалтуудыг бид Үндсэн хуульд оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа.  Д.Лүндээжанцан нарын боловсруулсан төсөлд чухал заалтууд орхигдсон байна. Тухайбал, Байгалийн баялгийн зохицуулалттай холбоотой суурь заалтууд бүрмөсөн орхигдсон,эдийн засгийн бүлэг гэж огт байхгүй байгаа. Хяналт, шалгалт огт байхгүй болсон. Монголчуудын хамгийн их талцал хуваагдлын голомт нь байгалийн баялаг байгаа. Үүнийг олон түмний мэдэлд, тэдний өмчид шилжүүлж өөрчлөх ёстой. Дээр нь энэ дээр суурилсан асар их хөрөнгө олон түмний хяналтаас гадуур оффшорт, хар эдийн засгийн бүсэд явж байна. энэ бүгдийг хянадаг хяналтын институт байх ёстой. Үүнийг заавал хуульчлах ёстой" гэж байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “УИХ-ын даргын 2016 оны 12 дугаар сард ажлын баг байгуулж, хоёр жил гаруйн хугацаанд ажиллаж байна. Үндсэн хуулийн өөрчлөлт дөрвөн гол асуудалд чиглэж байгаа. Тодруулбал, УИХ-ын хариуцлагыг дээшлүүлж, парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх, Засгийн газрын эрх мэдлийг нэмж, тогтвортой, хариуцлагатай болгох, шүүхийн хараат бус, бие даасан байдлыг сайжруулах, орон нутгийн засаглалын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэж байна. Уг асуудлыг бүлгийн хуралдаанаар дахин хэлэлцэж, эцэслэсний дараа УИХ-д өргөн барих нь зөв хэмээн үзэж байгаа. БСШУС-ын салбарт 2018 онд хэрэгжүүлэх байсан төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байсан юм. Ялангуяа нийслэлд газар чөлөөлөлт болон худалдан авах ажиллагаатай холбоотойгоор төсөл, хөтөлбөр удаашралтай байгаа. Тиймээс Засгийн газарт БСШУС-ын салбарын хөрөнгө оруулалтын үр дүнг сайжруулах чиглэл өгөхөөр тогтсон” гэв.

Ц.Оюунбаатар /МАХН-ын дэд дарга/ " Өнөөдрийн улс төр, бизнесийн мухардмал байдлаас гарах гарц нь Үндсэн хуулийн шинэчлэл юм. Харамсалтай нь эрх баригч нам Үндсэн хуулийн шинэчлэл, зарчмын гол асуудлуудад анхаарал хандуулсангүй. Зарим хийсвэр өөрчлөлтийг хийснээр асуудлыг шийдэх гэж оролдож байгаад бид шүүмжлэлтэй хандаж байгаа. Үндсэн хуулийг цогцоор нь шинэчлэх ёстой. Ард иргэд, улс төрийн нам, иргэний нийгэм, холбоод тойрч сууж байгаад шинэ тавдугаар Үндсэн хуулийг хийх шаардлагатай. МАХН хуульч, судлаачидтай хамтран Дээд хуулийн төсөл боловсруулж, 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийг тойрч гурван удаа санал аваад явж байна. Одоогоор зуу гаруй мянган хүн хэлэлцүүлэгт оролцсон. Бидний хувьд бүх улс төрийн нам оролцож, тал талаасаа ярьж, ард түмнийхээ саналаар шийдэх ёстой гэж үздэг. Ардын нам олонхиороо, дангаараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулж таарахгүй. “60 тэрбум”-ын авлигаар төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авснаа энэ намын удирдлагууд хүлээн зөвшөөрсөн. Энэ асуудалтай холбогдуулж, М.Энхболдыгоо огцруулсан. Тиймээс МАН-д Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёс суртахууны эрх байхгүй" гэв.

Ц.Ганхуяг /ИЗНН-ын дарга/ "Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл харилцан тэнцвэртэй байж  аливаа улс орон зөв засаглалаар хөгжих ёстой. Харамсалтай нь энэ зарчим хууль батлагдахаас эхлээд  алдагдсан. Үүний үр дагавар нь МАНАН юм. Өнөөдөр дээд шүүхийн шүүгчийг, нэг прокурорыг сольсноор шүүх засаглалыг сайжруулахгүй. Нөгөө талд хардлага байна. Жишээ нь, нэг МАНАН-г нөгөөгөөр солих, эсвэл нэг “Хонгил” нөгөөгөөр солигдох гэх юм уу, ийм нөхцөл байдал давтагдах учраас Үндсэн хуулийг маш нухацтай хэлэлцэж өөрчлөх ёстой. Гэхдээ нэг нам хэт давамгай нөхцөлд өөрчлөх ёсгүй. Үндсэн хууль бол нийгмийн гэрээ. Монголын ард түмэн яаж амьдрах вэ, яаж орлогоо өсгөх вэ гээд олон юмыг нарийн ярьж шийдэх ёстой. Гэтэл одоо ярьж буй өөрчлөлтөөр яаж Засгийн газраа тогтвортой байлгах вэ гэсэн  хүрээнд эргэлдэж байна. Төрд хариуцлага, хяналт байхгүйгээс УИХ-ын 49 гишүүн нь ЖДҮ-чин болж, гэмт хэрэг үйлдэж байна. Ёс суртхууны доройтолд орсон УИХ Үндсэн хуулийг хэлэлцэх, батлах, өөрчлөлт оруулах эрхгүй" гэсэн байр сууриатай байгаагаа хэлэв.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд 360 мянган иргэнээс ирүүлсэн саналаас 70 болон түүнээс дээш хувиар дэмжигдсэн заалтуудыг тусгасан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар батлах хүртэл иргэдийн саналыг авсаар байх болно. Нэмэлт, өөрчлөлтийн төслөөр Үндсэн хуулийн 27 хувь буюу 19 зүйлд өөрчлөлт орох юм" хэмээн МАН-ын бүлгийн хуралдааны үеэр онцолсон юм. 

Л.Дашням /Жудагт Монгол хөдөлгөөн/ "Үндсэн хуулиа өөрчлөх гэж 12 ажиллалаа гэж талууд ярьж байна. Энэ чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс аль болох цөөхөн зүйлийг  өөрчлөх гэж байгаа. Дорвитой өөрчлөлт хийж чадахгүй нь үнэн гэж яриад байгаа. Тэгэхээр хоёрын хооронд өөрчлөлт хийж байхаар 2020 оны сонгуулиар Үндсэн хууль өөрчлөх УИХ-ыг байгуулсан нь дээр. Ер нь бол Үндсэн хууль олон жил болсондоо ч биш хэн нэг хүний эрх ашигт нийцэхэд тохиромжгүйдээ биш, тэр үед юу бодож байв, нийгмийн амьдрал юу харуулав гэдэгт байна. Тэгэхээр өөрчлөлт зайлшгүй байна. Яаж хийх талаар судлаачдын саналыг одоо болтол аваагүй. Өөрийн бодол, үзлээр өөрчлөх гээд байна. Хэлэлцүүлэг, зөвлөлдөх санал асуулга энэ тэр нь бүгд хэлбэр. Өнөөдрийг хүртэл бид Үндсэн хуулийн хэрэгжилтийн дүгнэлт гаргаагүй. Одоо өөр замаар явъя гэж байгаа бол Үндсэн хуулийг өөрчлөх чадвартай УИХ-ыг байгуулах хэрэгтэй" хэмээв. 

Ийнхүү үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал олонхи болсон нэг намаас үүдэн хойш тавигдаж магадгүй харагдаж байгаа юм. Угтаа бол олон намын оролцоотой байж үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дорвитой хийдэг гэж судлаачид үздэг ажээ. Нөгөөтэйгүүр, иргэдийн дунд болсон хэлэлцүүлгийг хуульчид эргэлзээтэй болсон гэх хардлагыг сөхсөн удаатай. Тухайлбал,  Монгол Улсын гавьяат хуульч Д.Чилхаажав "Бид 1992 онд шинэ ардчилсан Үндсэн хууль баталсан. Тухайн үед парламентад суудалтай, суудалгүй нам, олон нийтийн байгуулагын төлөөллийг хамруулж, Ерөнхийлөгчийн зарлигаар өргөн бүрэлдэхүүнтэй комисс байгуулан нийт ард нийтээр хэлэлцүүлж байв. Үүний үр дүнд Ардын их хурал ардчилсан шинэ үндсэн хуулийг баталсан юм. Ардын их хурал сум дүүрэг бүрээс сонгогдсон 430 депутат байсан нь жинхэнэ ард түмний төлөөлөл болж байлаа. Тиймээс л Үндсэн хуулийг ард түмний бүтээл гэдэг. Үүнтэй харьцуулахад энэ удаагийн хэлэлцүүлгийг хэлэлцүүлэг гэхэд хэцүү" гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцлон дурдаж байсаныг энд эргэн сануулья. Тэрбээр мөн  Үндсэн хуулийг өөрчлөх шаарлагагүй. Хуулийг өөрчлөх, нэмэлт оруулах гэдэг нь хоёр тусдаа ойлголт. Нийгмийн хөгжлийн явцад нэмэлт оруулаад зохицуулж болдог. Гэтэл манай улсад болж л өгвөл Үндсэн хуульдаа гар хүрэхийг санаархаж байна. Өмнөх дордуулсан долоон өөрчлөлт Үндсэн хуулийн үзэл баримтлал, тулгуур зарчим зэргийг эвдсэн. Тиймээс маш болгоомжтой хандах хэрэгтэй. Бид өнгөрсөн 26 жилд Үндсэн хуулийн хүчин чадлыг бүрэн ашиглаж чадаагүй. 2000 оноос хойш 18 жилийн турш Монгол Улс “эвдэрхий” үндсэн хуультай явж ирлээ.

1992-1996 оны МАХН-ын Засгийн газар Үндсэн хуулийн боломжийг бүрэн ашиглаж чадаагүй. 1996-2000 онд АХ эвсэл засгийн эрхийг барьсан. Нэг талаараа энэ үе онцлогтой. Тухайн үеийн чуулган УИХ-ын гишүүдийн дийлэнх олонхийн ирцтэй байж хүчин төгөлдөр болдог байсан. АХ эвсэл 50, МАХН 25 суудалтай, нэг бие даагч нь О.Дашбалбар байлаа. Ингээд дийлэнх олонх бүрддэггүй. Дээр нь МАХН-ын цөөнх АХ эвсэлийн ажлыг хийлгээгүй дөрвөн жил өнгөрсөн нь үнэн. Энэ хугацаанд Үндсэн хуулийн хүчин чадлыг ашиглах боломж олдоогүй гэсэн юм.