Ирэх сараас төрийн байгууллагуудын ажил 08:00 цагаас эхлэх юм байна. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2019 оны тавдугаар сарын 6-ны өдрийн хурлаар Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх захирамжийг баталжээ.

Уг захирамжид “Дулааны улирал эхэлж, өдөр уртсаж байгаатай холбогдуулан байгалийн гэрэл ашиглаж эрчим хүчийг хэмнэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, ажил хэрэгч соёлыг төлөвшүүлэх, авто замын ачааллыг зохицуулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил эхлэх цагийг жил бүрийн зургадугаар сарын 01-ний өдрөөс наймдугаар сарын 31-ний хооронд 08.00 цагт, бусад хугацаанд ажил эхлэх цагийг 09.00 байхаар тогтоосугай” гэжээ.