Жилийн жилд зуны улиралд байгалийн үзэгдэлд бэртдэг Монголчууд. Энэ удаад ч мөн бүдэрч хэндээ гомдохоо мэдэхгүй сууна. Их мөнгө зарцуулан бүтээн байгуулалтыг босгодог. Тэгвэл уг ажил байгалийн шалгуурыг үл давав. Байгалийн шалгуурыг давж чадсан бол ард түмэн "онц" дүн тавих байсан биз ээ. Гэвч ийм үнэлгээ авах нь бүү хэл ам дагуулан байсан ажил нь бүүр ч их шүүмжлэлийг дагуулаад байна.  Тухайлбал, Их хотынхоо төв замын голд байршуулсан шар төмөр хашлага л гэхэд хүчтэй салхинаар савж унаж, эвдрэх нь тэр. 250 сая төгрөгөөр хийх боломжтой ажилд 800 сая төгрөг зарцуулж улсын төсвийн мөнгийг идэж уусан асуудал нь намжаагүй байхад нөгөөх нь эвдэрч унав. Замын голоор ямар азаар хүүхэд явдаггүй юм гэж баярлаж суухаас өөр гарц үгүй байна.  Хэргийн эзэн болсон шар хашлагийг анх суурилуулж байхыг харахад хүүхдийн тоглоом эвлүүлж буй аятай байсан гэдгийг жолооч нар мэдэж байгаа. Энэ ажилдаа бас бэхлэгээ хийж суурилуулна гэж 36 сая төгрөгийг төсөвлөсөн талаар яриа чих дэлсээд эхэллээ. Гэтэл анхнаасаа ажлаа дутуу хийсэн нөхдүүд буруугаа бусад руу түлхэх гэж оролдов уу гэлтэй бэхэлэгээ хийгдээгүй байсан хэмээн тайлбарлаж байх юм. Суурилуулж бэхэлгээ хийнэ гэж мөнгө авсан л гэх. Анхнаасаа  хаана хаанаа ууж идэхийн түүс болсон "шар хашлагын" ажлыг байгаль эх өөрөө шалгаж, дүнгээ тавьчихлаа. 

Нөгөөтэйгүүр, зуны цагт усархаг бороо орохоор үерт автдаг сумтай болов. Тодруулбал, Лүн сум. Энэ сумыг үерт автдаг гэдгийг мэдсээр байж ингэж байлгах хэрэг байна уу. Яагаад нүүлгэн шилжүүлж өөр нутаг дэвсгэрт "Лүн сум" байгуулж болдоггүй юм бэ?  Заавал хэн нэгний алтан амийг авч оддог "сум" байх ёстой гэж үү. Өнгөрсөн жил мөн л үерт автан олон айл орон гэргүй болж байсан. Гэтэл өчигдөр дөрвөн настай охин үерийн усанд живж амиа алдсан харамсалтай явдал гарав. 

Авто замын талаар яриад ч хэрэггүй.  Нийслэл хотын зам нь ус зайлуулагч хоолойгүйн улмаас усанд автаж, явган зорчигчид шавар шалбааг туучиж өгнө. Үүндээ ч сүүлийн жилүүдэд дасаж, сэтгэлзүйн бэлтгэлээ бэлтгэж гэрээсээ гардаг болсон. Жолооч нар соёлтой боловсон биш болохоороо явган зорчигч нарыг замын усаар булаад өгчихдөг сонин улс.  Бороо орохоор замаа хаадаг манайхаас өөр улс үгүй байх. Улаанбаатар, Арвайхээр чиглэлийн авто замын 100 км,117 км-т зорчих хэсэг дээгүүр үерийн ус давж, далан усанд идэгдэн тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүсэв. Мөн Улаанбаатар- Мандалговь чиглэлийн авто замын 107 км 800 м, 116-123 км-ийн хооронд хэсэгчилэн зорчих хэсэг дээгүүр үерийн ус давж тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүсжээ.Улаанбаатар-Тѳв аймгийн Лүн сум, Тѳв аймгийн Лүн сум-Улаанбаатар чиглэлийн авто зам, замын байгууламжийг 2019 оны 06 сарын 16-ны ѳдрийн 18:00 цагаас 2019 оны 06 сарын 17-ны ѳдрийн 18:00 цаг хүртэл түр хааж, автотээврийн хѳдѳлгѳѳнийг хязгаарлав.

Алт аминаас үнэтэй болох цаг ирсэн бололтой. Иргэдийн амь насан заналхийлсэн бас нэгэн үйл явдал болох нь тэр. Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт энэ сарын 13-наас 14-нд шилжих шөнө үргэлжилсэн усархаг бороо орсны улмаас тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баян Айраг Эксплорэйшн” ХХК-ийн нуруулдан уусгах үүрийн хойд хэсэгт уулын үерийн ус орж, 1693 м.кв талбайд үүрийн ёроолын хэсэгт дэвссэн плёнкноос хальж хуримтлагджээ. Энэ дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга А.Даваадоржоор ахлуулсан мэргэжлийн хяналтын улсын байцаагчид газар дээр нь шуурхай арга хэмжээ аван ажилласан бөгөөд МХЕГ-аас мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж байна. Тус компани цианид ашиглан нуруулдан уусгах технологиор алт олборлодог бөгөөд хуримтлагдсан үерийн усыг хөрсөнд шингээхгүй байх арга хэмжээ авч, насосоор соруулан бусад үүр руу шилжүүлэх ажил хийгдэж байна. Компанийн олборлолтын үйл ажиллагааг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас түр зогсоож, ус хөрс, уснаас дээж авч лабораторийн шинжилгээнд өгөөд байгаа ажээ. Харин хөрсөнд их хэмжээний химийн бодис алдагдсан уу гэдэг нь асуулт хэвээр үлдэв.