Нийслэлийн хэмжээнд 10 мянга гаруй багш нар бий. Тэдний 10 гаруй хувь нь орон сууцтай ажээ. Үлдсэн хувь нь айлын хашаа байшинд аль эсвэл орон сууц түрээслэх зэрэг амьдралын түвшин доогуур амьдардаг гэнэ. Өнөөдрийн авч байгаа цалингийн хэмжээ банкны шалгуур хангахгүй учраас ипотекийн зээлэнд хамрагдах боломжгүй гээд түрээсийн орон сууцны 200 квот өгөхийг шаардсан.

Харин НОСК-ийн захирал Б.Сүхбаатар “Багш, эмч гэх мэт хэн нэгэнд квот өгөхгүй. Мөн түрүүлж, сүүлд бүртгүүлсэн гэх мэтээр эрэмбэлэхгүй. Шаардлагыг хэрхэн хангаж байна вэ гэдгээс л хамаарна. Хэрэв тэтгэвэртээ гарсан ахмад багш бол ахмад гэдэг ангилалд, ажиллаж байгаа багш бол төрийн албан хаагч гэсэн ангилалд бүртгэнэ. Аль нэг байгууллага, мэргэжилд давуу эрх үүсэхгүй. Цахим ертөнцөд мөн худал мэдээлэл түгээж байгаа. Иргэдийг түүнд хууртахгүй байхыг хүсэж байна.  Одоогоор “Буянт-Ухаа 2” 972 айлын орон сууцанд нэг ч айл ороогүй, ямар ч гэрчилгээ өгөөгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна" гэсэн юм. 

Тэгвэл багш нар өнөөдөр хугацаагүй өлсгөлөн Засаг даргын Тамгын газрын өмнө зарлаж эхэллээ. Монголын нийт ядуу ард иргэдийнхээ өмнөөс энэхүү тэмцлийг эхлүүлж байгаа аж. Цаашид өлсгөлөн зарлаж тэмцэх багш нарын тоо нэмэгдэх гэнэ. Одоогоор 100 багш уг тэмцэлд нэгтгэнэ гэдгээ илэрхийлжээ.

Өлсгөлөн зарлаж эхэлсэн багш нарын төлөөлөл "Өнөөдөр бид нар Ганболд гэж хүнтэй уулзахад үр дүнгүй хариу өгч байна. Өлсгөлөн зарлах хэрэггүй гэж зөвлөсөн. Боловсролын салбарт насаараа ажиллачихаад орох оронгүй байгаа багш нар байна. Бид нар шударга ёсны төлөө явж байгаа. Булхай луйвар их байна. Сошиалд орчинд түрээсийн орон сууцанд оруулж өгнө гээд 6 сая төгрөг авсан талаар яригдаж эхэлсэн. Манай багш нараас түрээсийн орон сууцанд орох гээд 8 сая төгрөг өгсөн асуудал хүртэл бий. Үүнийг бид удахгүй дэлгэнэ. Бид өөрсдийнхөө хүсэлтээ өгөөд түрээсийн орон сууцанд хамрагдах гэхээр журам нь их өндөр шаардлагатай.  Гэтэл үүнийг нь давахгүй багш нар олон байгаа юм. Үүнээс л үүдэж бид квот өгөхийг шаардсан. Түрээсийн орон сууцанд зөвхөн нэг хүн л таван байрыг авчихсан цааш нь өөр хүнд түрээслээд байгаа гэдэг булхай байна. Бид нар шударга бус зүйлтэй тэмцэхээр өлсгөлөн зарлалаа. Тэрнээс хийх ажилгүйдээ энд ирээгүй" гэлээ. 

Энэ түрээсийн орон сууцанд багш нар яагаад квот шаардаж байгаа вэ?

-Нэгдүгээрт, өрх толгойлсон эмэгтэй багш нарын цалингийн хэмжээ хүрэхгүй

-Хоёрдугаарт, төрийн албан хаагчийн шаардлагаар бүртгүүлэх гэхээр болохгүй. Яагаад гэвэл өрх толгойлсон багш нар хамтран зээлдэг байхгүй. Ингээд шаардлага хангахгүй байгаа юм. 

Нөхөр нь өндөр цалин хийдэг. Цалингийн зээлгүй хүмүүс л түрээсийн орон сууцны шаардлагыг хангаж байгаа хэмээн онцлов. Бид нарын төлөөллөөс сонгон шалгаруулалт оролцуулахыг шаардаж байна. Учир нь булхай луйвраар байртай хүмүүс дахиж байртай болох эрсдэл өндөр гэж үзэж буйгаа илэрхийллээ.