Өнөө цагт ч амар болжээ. Юу гэхээр хүн бүр машин хөлөглөөд л. Гадуур явж байх зуураа ажихнээ зай л байвал машин зогсож байгаа харагдах юм. Тэгээд машины эзэд нь ойр зуурхан машинаа тавьчихаад, ажлаа амжуулчихдаг болжээ.

Ингээд зогсохгүй, машиндаа хүүхдээ хүртэл үлдээгээд л явчихдаг. Саяхан л гэхэд “Toyoto Pruis” маркийн машиныг эзэн нь нэгдүгээр эгнээнд орхиод явсныг цагдаа нар журамлаж байсан удаатай. Тухайн үед машиныг ойролцоох журмын хашаанд хийсний дараагаар машины эзэд ирсэн бөгөөд тэнд хоёр сартай хүүхдээ орхисон байсан аж. Гэтэл журамласан хүмүүс нь машины цонх хар теньтэй байсан учраас юу ч харагдаагүй. Мөн машины эзнийг удаан хүлээсэн боловч гарч ирээгүй зэргээр өөрсдийгөө хаацаалаад өнгөрч байсан. Хэдхэн хоногийн өмнө л гэхэд мөн дөрвөн настай хүүхдээ машиндаа орхиод явсны араар цагдаа хүүхдийг нь буулгаад машиныг ачаад явчихаж. Тиймээс эцэг, эхийн хариуцлагагүйгээс ийм байдалд хүргэлээ хэмээн ярихын оронд зүгээр л машиндаа хүүхдээ үлдээхийг нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй ч юм шиг. Хүмүүс хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд хахуул өгөхгүй, мөнгө зарахгүй. Зүгээр л үнэгүй өөрийн машиндаа үлдээгээд ажлаа амжуулбал ямар вэ. Тэгээд ч жилийн жилд нийслэлд цэцэрлэгийн тоо хангалтгүй. Хүүхдүүд тэр бүр цэцэрлэгийн хаяа дэрлэж чадахгүй байна гэх мэтээр шүүмжлэл ч тасардаггүй. Иймд цэцэрлэг барина гэхийн оронд зүгээр л ээж, аавд нь хүүхдийг нь даатгаад үзье. Яахав. Ээж, аавууд маань өөрийн унаанд хүүхдээ тайван орхиод ажлаа амжуулаад явж байг. Тэр хооронд хүүхэд нь ч сайн амраад авна. Ингэснээр хэн хэнд нь амар байж болох юм.

Т.БОЛОРЦЭЦЭГ