2019 оны 8 дугаар сар 28-ны өдөр Ж. Самбуугийн нэрэмжит Мал аж ахуйн  Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн /МААЭШХ/ захирлаар  Минжигдоржийн Найданхүү гэгч томилогджээ. Тэгвэл энэ эрхэм ашиг сонирхлын зөрчилтэй нэгэн бөгөөд бусдын ажлыг авахын тулд яарсан хууль тогтоомж зөрчсөн байна.

Тодруулбал БСШУС-ны сайд Ё.Баатарбилэгийн зөвлөх М.Найданхүү ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр, АТГ-аар ашиг сонирхлын зөрчлийг нь ч хянуулалгүйгээр ХААИС-ийн харъяа Мал аж ахуй  Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлаар томилсон байна. Ингэж яарсан учир нь газрын маргаан болон ашиг сонирхлын зөрчилтэй байдал юм.  Тодруулбал, шинээр томилогдон захирлын  аав нь тус хүрээлэнд  зөвлөхөөр ажилладаг нэгэн бөгөөд хүрээлэнгийн газрыг хувьдаа авч, хувийн орон сууц барихаар төлөвлөөд байгаа.

Үүнийг МААЭШХ-ийн шинэ захирал баталж байгаа юм. Үүгээр ч зогсохгүй  МААЭШХ-ийн өмнөх захирал Т.Батсүхийг ажлаа өг гэж Архангай аймгийн засаг даргаар зодуулсан гэх мэдээлэл байна.

 

Ашиг сонирхлын зөрчилтэй М.Найданхүү гэж хэн бэ?         

БСШУС-ын сайдын Зөвлөх Минжигдоржийн Найданхүү нь 1969 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. М. Найданхүү нь Булган хотын П. Е. Шетинкины нэрэмжит 1-р арван жилд суралцсан. 1996 онд Румын улсын Бухарест хотын Хөдөө Аж Ахуйн Шинжлэх Ухаан, Мал эмнэлгийн Их Сургуулийг (USAMVB) Зооинжинер-статистикч мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн. 2014 онд Норвеги улсын Амьдралын Шинжлэх Ухааны Их Сургуульд (NMBU) ХААУ-ны (PhD) докторын зэргийг “Mongolian mare milk production” сэдвээр хамгаалсан. М.Найданхүү нь 2010 онд мөн МУИС-ийн ХЗС-ийг Эрхзүйч мэргэжлээр төгссөн. МААЭШХ-ийн  захирал болох хүртлээ БСШУС-ын сайдын Шинжлэх ухаан, дээд боловсрол хариуцсан Зөвлөхөөр ажиллаж байсан.

Б.Минжигдорж гэж хэн бэ?

ШУ-ны доктор, профессор, Монгол улсын гавьяат мал зүйч.  Тус хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан. Өдгөө хүрээлэндээ зөвлөхөөр ажиллаж байгаа. Тэрбээр тус хүрээлэнгийн үе үеийн дарга нарын адилаар Төрийн тусгай хамгаалалттай газарт эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулахаар газар авсан. Гэхдээ тэнд нь эрхэм шинжилгээ, судалгааны хүрээлэн бус хувийн орон сууц барина гэдгийг хүү нь болох М.Найданхүү хэлэв. Биднийг энэ талаар тодруулахаар өрөөнд нь очиход тэрбээр ажлын цагаар албан өрөөндөө байгаагүй юм.

Ажлаа өг гэж Архангай аймгийн засаг дарга хүн зодов

Архангай аймгийн Засаг дарга Т.Мөнхнасан энэ сарын 26-27-нд шилжих шөнө МААЭШХ-ийн захирал Т.Батсүх рүү залгаж гэрт нь ирсэн байна. Тэрбээр гэрт нь очихдоо согтуу байсан бөгөөд “Чи ажлаа зүгээр өгчихөөч” гээд зодож эхэлсэн. Энэ үед хажууд нь байсан хүмүүс болиулсан бөгөөд цагдаа дуудсан байна. Цагдаа дуудах үед Архангай аймгийн засаг дарга Т.Мөнхнасан зугтсан байна. Тэрбээр зугтахдаа МААЭҮХ-ийн захирал Т.Батсүхийн гэрт хоёр гар утас, ажлын үнэмлэх, гадуур хувцас зэрэг бүх зүйлээ үлдээжээ. Өдгөө хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газраа шалгаж байгаа юм. 

Ажлаа аваад удалгүй шууд халаа элгээ хийж эхлэв

Даваа гаригт  ХААИС-иас Минжигдоржийн Найданхүү гэгч нь ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг тогтоох хүсэлт бүхий  албан бичиг даваа гаригт АТГ-т хүргүүлсэн байна. Албан бичгийн хариу ирээгүй байхад Минжигдоржийн Найданхүү үүрэгт ажлаа авсан байх юм.

Улмаар ажлаа аваад дөрвөн цаг болж байгаа хэрнээ халаа сэлгээ хийж  тус хүрээлэнгийн дэд даргаар ажиллаж байсан Б.Бейсен гэх хүнийг халж оронд нь ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан н.Дамдиндорж гэгч хүнийг томилсон байна. Тэрбээр энэ талаараа сэтгүүлчдэд томилох гэж байгаа хэмээх худал тайлбар өгсөн байдаг. Үүгээр ч зогсохгүй тус хүрээлэнд халаа сэлгээ хийх болно гэдгээ хурал дээр ч хэлж, “Би бол Засгийн газраас томилогдож ирсэн” хэмээн сүрийг үзүүлсэн байна.

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор МААНШХ-ийн одоогийн захирал М.Найданхүү болон өмнөх захирал Т.Батсүхээс цөөн зүйл тодруулсан юм.

 

М.Найданхүү: Би ажлаа өгөөд сайдынхаа зөвлөхийг хийгээд л явна... Сайдын зөвлөхийн албан тушаалаасаа ч огцорчихъё

-Таныг захирлын албан тушаалыг хууль бусаар авсан. Мөн ингэхдээ түүний биед халдсан гэсэн мэдээлэл байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Би Т.Батсүхтэй уулзаагүй гурав, дөрвөн жил болж байна. Биед нь халдсан асуудлыг мэдэхгүй.

-Өмнөх захирал Т.Батсүх ямар үндэслэлээр албан тушаалаасаа чөлөөлөгдөж байгаа юм бол. Та ямар мэдээлэлтэй байна вэ?

-Ямар нэгэн байдлаар албан тушаалынхаа байдлыг давуулан ашигласан асуудлаар Хөдөө аж ахуйн сургуулийн шийдвэр гарч ажлаас чөлөөлөгдсөн гэсэн.

-Та ашиг сонирхлын зөрчилтэй эсэхээ АТГ-д мэдүүлээгүй юм байна лээ. Яагаад?

-Өгсөн. Би 2002-2019 онд Норвеги Улсад ажиллаж байгаад өнгөрсөн зургадугаар сард ирсэн. Дараа нь БСШУС-ын сайдын зөвлөх болсон. Энэ үед АТГ-д ашиг сонирхлын байдлаа шалгуулсан.

-Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлаар томилоход ямар нэг ашиг сонирхлын зөрчилгүй болно гэсэн баримт бичиг байна уу?

-Яамны сайдын зөвлөхөөр ажиллахад ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн бичиг бий. Хүрээлэнгийн захирлаар томилогдоход ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн бичиг удахгүй ирэх байлгүй дээ.

-Уг нь энэ бичиг ирсний дараа албан тушаалд томилогдох ёстой биз дээ?

-Ажил сайжруулах зорилготой л энд томилогдон ирж байна.

-Таны аав Б.Минжигдорж хүрээлэнгийн зөвлөхөөр ажилладаг юм байна. Тийм үү?

-Миний аав 1988-1996 он хүртэл хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан. 82-той хөгшин одоо зөвлөхөөр ажиллах уу.

-Таны аавын нэр дээр таван жилийн хугацаатай хүрээлэнгийн мэдлийн буюу улсын тусгай хамгаалалттай газрыг эзэмшсэн байна. Хүрээлэнгийн мэдлийн газрыг яагаад нэг хүн хувиараа эзэмших ёстой юм бэ?

-Энэ бол 2009 онд авсан асуудал. Аавын нэр дээр одоо ч хүртэл бий. Бид жил бүр 900 орчим мянган төгрөг төлдөг. Үүнийг ашиг сонирхлын зөрчил гэж нэрлэх нь ч хаашаа юм.

-Хүрээлэнгийн мэдлийн газрын хувьдаа авчихсан байна шүү дээ. Ийм асуудал байж болох юм уу?

-Ганцхан манай аав ч биш энд газар авсан зөндөө л олон хүн бий. Бичиг баримт нь байгаа юм чинь зүй ёсных биз дээ.

-Та АТГ-д ашиг сонирхлын зөрчлийг шалгуулах бичгээ хэзээ бичгээ хүргүүлсэн бэ?

-Өнгөрсөн даваа гарагт хүргүүлсэн. Бид нар ажлаа сайжруулах ёстой байна. Та нар яагаад энэ хулгайч /Т.Батсүх/-ийг өмөөрөөд байгаа юм. Тэгвэл бүгдэд нь арга хэмжээ авчихаад 10 хоногийн дараа эргээд уулзъя. Хэрэв газар авсан хүмүүс бүгдээрээ газраа хүрээлэнд өгчихвөл манайх ч бас газраа буцаагаад өгье. Харин ч бид барилга байгууламж барихгүй байлгаад байгаа шүү.

-Таныг Норвегид докторын зэрэг хамгаалах гэж явсан гэсэн. Гэтэл та хамгаалж чадаагүй юм биш үү. Энэ талаар тайлбар өгнө үү?

-Тийм асуудал байхгүй. Би 2014 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр хамгаалсан.

-Хүрээлэнгийн ажилчид малын биворын хашаанд амьдардаг юм байна. Гэтэл энэ том газрыг нэг хүн эзэмшээд, ажилчид нь ийм нөхцөлд амьдрах нь шударга гэж үү?

-Хэрхэн өвөлжилтөд орох уу, яах уу гэдэг дээр ярилцаад сууж байна. Аавтай холбоотой газар 2009 оны асуудал. Би тухайн үед захирлаар томилогдоод ийм шийдвэр гаргасан бол миний буруу.

-Хэрэв сонгон шалгаруулалт болбол та оролцох уу?

-Би оролцоно. Хэзээ мөдгүй өвөл боллоо. Ажил цааш явах ёстой. Энэ хүн ажилдаа наймдугаар сарын 4-ний өдрөөс хойш ирээгүй байна шүү дээ.

-Та Архангай аймгийн Засаг дарга Т.Мөнхнасаныг таних уу?

-Танина. Миний шавь.

-Таны шавь Т.Батсүхийг албан тушаалаа өг гэж зодсон гэсэн. Та мэдсэн үү?

-Тийм зүйл ерөөсөө байхгүй. Хэрэв тэгсэн бол хуулийн байгууллага нь шийдэх байх. Т.Мөнхнасан, Т.Батсүх хоёрын хооронд мөнгөний асуудал байдаг гэж хүнээс дам сонсож байсан.

-Та аавынхаа газрыг цуцлах уу?

-Миний аав Монгол Улсын гавьяат мал зүйч. 27х27 метр газар л байдаг. Эхлээд уг асуудалд судалгаа явуулна. Байшингаа барьчихсан олон хүн бий. Хойно өндөр барилга бий. Хэрэв уг барилга цуцлагдвал би газраа цуцална. Энэ асуудалд нээх буруудахгүй болов уу гэж бодож байна.

-Яагаад?

-Хүмүүс бүгдээрээ эзэмшээд байна шүү дээ. Дайраад авчихсан биш. Гэрчилгээ авчихсан. Энэ Захиргааны актыг зохих журмын дагуу авсан.

-Төрийн мэдлийн газрыг хувь хүнд зохих журмын дагуу олгоно гэсэн заалт хуульд бий юу?

-2009 онд аав гавьяат болоход тухайн үеийн хүрээлэнгийн удирдах зөвлөлийн шийдвэрээр өгсөн байдаг юм.

-Бэлэглэсэн гэсэн үг юм уу?

-Т.Батсүх тухайн үед орлогч дарга нь байсан. Өөрөөс нь асуу.

-Хэрэв АТГ-аас таныг ашиг сонирхлын зөрчилтэй. Энэ албан тушаалд томилуулахгүй гэсэн бичиг ирсэн тохиолдолд та албан тушаалаа өгч чадах уу?

-АТГ татгалзвал би энэ албан тушаалаасаа татгалзаж чадна. Гэхдээ тийм юм болохгүй. Энэ хооронд авлига авсан асуудал болоогүй. АТГ-ын ашиг сонирхолтой эсэх бичиг гурван сарын хугацаанд хүчинтэй байдаг. Хэрэв таны хэлээд байгаа шиг хууль бус гэвэл би ажлаа өгөөд сайдынхаа зөвлөхийг хийгээд л явна.

-Сайдын зөвлөх гэдэг сэлгээний ажил юм уу?

-Тэгвэл сайдын зөвлөхийн албан тушаалаасаа ч огцорчихъё. Хоёулангаас нь болъё.

 

Т.Батсүх: Хүнийг зодож нүдэн, айлган сүрдүүлж байж албан тушаалыг нь авдаг болох вий

-Таныг яг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн юм бэ?

-Та бүхний мэдэж байгаагаар Zarig.mn дээр намайг хорь орчим хоног мөрдөж мөшгин, доромжилсон байдаг. Улмаар Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлын энэ сарын 8-ны өдрийн тушаал гарсан байдаг. Гэвч удалгүй уг тушаалыг цуцалж, дахин тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн. Миний орны хүнээр М.Найданхүү томилогдож байгаа юм байна. Асуудлын гол нь манай байгууллагын мэдлийн газраас болсон. Тухайлбал, үе үеийн захирлууд байгууллагын мэдлийн газраас хувьдаа авч хаус босгодог. Мөн М.Найданхүүгийн аав Б.Минжигдорж байгууллагын мэдлийн хэсэг газарт гэрээ барина гэхээр нь зөвшөөрөөгүй юм. Гэр барьчихсан байсныг нь буулгасан. Тиймээс намайг чөлөөлсөн асуудал нь газартай холбоотой. Хуваагаад авчихъя гэхээр нь үгүй гэсэн. Энэ хариулт таалагдаагүй юм байлгүй. Хүрээлэнгийн мэдлийн 15 орчим га газар байсан. Гэвч үе үеийн захирлууд хувьдаа авсаар байгаад одоо тав орчим га газар л үлдлээ.

-Тухайлбал, энд хэн хэн гэдэг захирлуудын гэр байдаг юм бэ. Зөвшөөрлийг нь яаж авдаг гэсэн үг үү?

-Өмнө нь хүрээлэнгийн захирлаар ажиллаж академич Чадраабал, Эрдэнэсүрэн, Загдсүрэн нарын гэр бий. Ингэхдээ тэд “Залуу судлаачдад зөвлөгөө өгөх төв”, “Номын өргөө” зэргээр эрдэм шинжилгээний хүрээлэнг шинэчлэх зориулалтаар авсан ч хувийн орон сууц болгон ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, үе үеийн захирлууд хүрээлэнгийн газрын ингэж хувааж авдаг. Тиймээс уг үйлдлийг таслан зогсоохын тулд 2014 онд өмнөх захирлуудыг бүгдийг нь цуглуулж, одоо энэ асуудлаа зогсоо гэж хэлсэн. Гэтэл “Чи ч бас дунд нь байшингаа барьчих. Хэдүүлээ ингээд шийдчихье л дээ” гэж хэлж байсан юм. Б.Минжигдорж нь хүрээлэнгийн зөвлөхөөр ажилладаг. Уг нь миний багш шүү дээ. Хүү нь сайдын зөвлөх учраас энэ бүх зүйлийг хийсэн юм байна.

-Б.Минжигдорж уг газрыг хэдэн онд ямар зориулалтаар авсан бэ?

-2009 онд уг газрыг “Аж ахуй судалгаа, эрдэм шинжилгээ”-ний зориулалтаар авсан байдаг.

-Иргэдийн ойлгож байгаагаар албаны унааг танай хүү унаж явсан учраас чөлөөлөгдсөн гэх ойлголттой байна шүү дээ?

-Би Өвөрхангай, Өмнөговь орох албаны ажилтай байсан. Тухайн үед манай жолооч тэтгэвэртээ гарчихсан, жолоочгүй байх үе таарсан. Тиймээс хүүхдээрээ машинаа бариулаад өөрөө хойноос нь хувийнхаа машинтай Өвөрхангайд очсон. Манай хүүгийн хувьд надаас нэг хоногийн өмнө түрүүлж очин Өвөрхангайн Найман нуур суманд хүн буулгасан юм билээ. Уг асуудлыг zarig.mn сайт хойноос мөрдөж, мөшгөж байгаад бичлэг хийсэн. Ингээд тус сайт "Сайд аа энэ хүнийг чөлөөлөөч" гэсээр байгаад чөлөөлүүлж байгаа нь энэ.

-Та өөрийгөө тухайн үед томилолтоор явж байсан гэдгээ яаж батлах вэ?

-Тухайн үед томилолтоор явж байсан гэдгийг дэд захирал мэднэ. Мөн бичгээр ч бий.

-Яг ямар үндэслэлээр чөлөөлсөн эсэх асуудлыг танд ирүүлсэн үү?

-Надад бичиг ирүүлсэн. Гэхдээ энэ асуудалд ашиг сонирхол байна уу гэж харж байна. Уг нь миний ажлыг хэн нэгэн албан тушаалтан хүч түрэн авах биш сонгон шалгаруулалтаар ном журмынх нь дагуу авах ёстой. Надад татгалзах юм байхгүй. Төрийн албанд томилж болсон юм чинь эргүүлэн татах нь нээлттэй. Гэхдээ бүх зүйл хууль ёсных байх ёстой гэсэн байр суурьтай байна. М.Найданхүү ийм ашиг сонирхлын зөрчилтэй байж болохгүй шүү дээ. Аав нь Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн зөвлөхөөр ажилладаг. Мөн Архангай аймгийн Засаг даргатай хамтарч томоохон төсөл хөтөлбөрүүд дээр ажилладаг. Гэтэл хүү нь захирлаар нь томилогдон ажиллах гэж байна. Б.Минжигдорж, М.Найданхүү, Т.Мөнхнасан нар чинь нэг нутгийн хүмүүс шүү дээ. Төрийн албыг ингэж гэр бүл, нутгийн бизнес болгож болохгүй биз дээ.

-Таныг Архангай аймгийн Засаг дарга гэрт чинь зодсон гэж байсан. Тухайн үед яг юу болсон юм бэ?

-Т.Мөнхнасан над руу залгаад байсан юм. Тэгээд манай гэрт ирээд бид хоёр уулзсан. Ирэхдээ жаахан халамцуу байсан. Би нэг ангийнхан гэдэг утгаар хүндлээд байж байтал “Чи ажлаа зүгээр өгчихөөч” гэсэн. Би ажлаа ингэж өгөхгүй ээ. Уучлаарай гэсэн чинь “Чи миний багш, манай нутгийн ахад яагаад ажлаа өгч болдоггүй юм бэ” гээд маргалдсан. Ингээд намайг зодож эхэлсэн. Би ухаан алдаад сэрэх үед Т.Мөнхнасан байхгүй, гэрт цагдаа ирчихсэн байсан. Ийм томилгоон дээр төрийн сайд хүн анхаараасай гэж бодож байна. Улстөрийн албан тушаалтан, зөвлөхөө авчран сүүлдээ зохион байгуулалттай зодож, миний биед халдаж байна.

-Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн чинь өөрөө төрийн байгууллага. Тиймээс захирлыг тодорхой хууль журмын дагуу албан тушаалаас нь чөлөөлнө. Мөн томилоход АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй эсэхээ тодорхойлуулах ёстой. Үүний дараа албан ёсоор томилогддог шүү дээ. Гэтэл та хууль бус томилгоо болсон гэсэн. Сонгон шалгаруулалт явуулаагүйн дээр АТГ-ын тодорхойлолт байхгүй гэсэн үг үү?

-Энэ процесс өрнөөгүй. Өөрөөр хэлбэл, хууль илт зөрчиж байгаа байхгүй юу. Цаашид албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгөхгүй гэсэн хүнийг зодож нүдэн, айлган сүрдүүлж байж албан тушаалыг нь авдаг болох вий гэхээс эмзэглэж байна.

-Хүрээлэнгийн захирлаар хэдэн жил ажилласан, ямар мэргэжилтэй хүн бэ?

-Би зоотехникч мэргэжилтэй ОХУ-д төгссөн. Малзүйч гэсэн үг. Доод шатнаас нь эхлээд дэд захирал, захирал хүртэл дэвшин ажилласан. Захирлын албан тушаалд томилогдон ажиллаад долоо дахь жилдээ ажиллаж байна.

-М.Найданхүү нь мэргэжлийн хүн мөн үү?

-Манай чиглэлийн хүн л дээ. 2000 оны хавьцаа Норвегид докторын зэрэг хамгаалахаар явж байсан юм. Гэвч энэ хүн докторын зэргээ хамгаалаагүй байхгүй юу. Үүнийг Зайсан даяараа л мэднэ.

Бид сэтгүүл зүйн үүргийн дагуу мэдээллийг тэнцвэртэйгээр тал бүрийн байр суурьтайгаар баримттай нь хүргэлээ.  Харин хууль бус энэ үйлдэлд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар анхаарлаа хандуулж хариуцлага тооцож, асуудлыг хуулийн дагуу шийднэ бизээ...

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.