Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газар, аймгийн Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж ойн сан, байгаль экологид хохирол учруулж байгаа гэмт үйлдлүүдтэй тэмцэх, хууль бусаар бэлтгэсэн моднуудыг хөрөө рамаар дамжуулан зүсмэл материал болгон зах зээлд нийлүүлж байгаа үйл ажиллагааг таслан зогсоох, стандартын шаардлага хангаагүй хөрөө рамуудын үйл ажиллагааг журамлах зорилгоор тус аймгийн Бат-Өлзий суманд үйл ажиллагаа явуулж байгаа хөрөө рамуудын үйл ажиллагааг аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу газар дээр нь шалгасан байна.

Шалгалтаар тус суман дахь 18 хөрөө рам нь бүгд стандартын шаардлага хангахгүй, зөвшөөрөлгүй ажиллаж байсныг тогтоон үйл ажиллагааг нь түр зогсоосон бөгөөд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд болон нөхөрлөлийн удирдлагуудтай уулзаж хөрөө рамыг стандартын шаардлага хангасан нөхцөлд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 22 тоот тогтоолд заасан газарт төвлөрүүлэн байгаль хамгаалагч, улсын байцаагчийн хяналтан дор явуулах, хөрөө рамыг битүүмжилсэн улсын байцаагчийн лацыг өөрсдөө дур мэдэн хөндөж үйл ажиллагаа явуулсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх талаар анхааруулснаас гадна Байгаль орчны газраас хяналт шалгалтын явцад ойн тухай хууль тогтоомж зөрчсөн 7 зөрчлийг илрүүлж гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар аймгийн цагдаагийн газарт шилжүүлжээ.