Эмч хүн цахилгааны барааны дэлгүүрт эм худалдаалж байсан хэргээр ял аван тохиолдол Сэлэнгэ аймагт гарлаа.

Тодруулбал Монгол улсын иргэн, халх, 1959 онд Улаанбаатар хотод төрсөн, 60 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар баг, Түнхэл тосгоны Эрүүл мэндийн төвийн дарга, их эмч ажилтай,  ял шийтгэлгүй, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн” одон, “Алтан гадас” одон, “Алдарт эх”-ийн 2 дугаар одон зэрэг гавьяа шагналтай, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай Я.Э гэгч нь ээлжийн амралтаараа эмийн сан нээсэн байна. Улмаар ажилдаа орох болсон тул цахилгаан барааны дэлгүүрт эмнүүдээ худалдаалах болжээ.

Суманд нь эмийн сан байдаггүй бөгөөд эмнэлэг дээр очиж эм тариа авах болохоор энд байхгүй их эмчийн дэлгүүрт зарж байгаа гээд явуулдаг тул нутгийн иргэд ер нь ихэнхдээ тухайн цахилгаан барааны дэлгүүрээс эм тариа авдаг болжээ.

Харин энэ нь хууль бус үйлдэл бөгөөд энэ  үйлдэлд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад  Я.Э нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5-р багт үйл ажиллагаа явуулдаг “Есөн Эрдэнэ” ХХК цахилгаан барааны дэлгүүрт эм худалдаалах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан болох тогтоогджээ.

Тиймээс прокурорын байгууллагаас Я. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Сэлэнгэ аймгийн сум дундын шүүх хэргийг хэлэлцэх үеэр  Я.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2018 оны 10 дугаар сард би ээлжийн амралтаа авчихаад дэлгүүрээс гадна хажууд нь 6x6 хэмжээтэй байшин байсныг эмийн сангийн зориулалтаар тохижуулаад Улаанбаатар хотын Монос, Цомбо, Нью Римиди, Азын нахиа зарим байхгүй эмнүүдийг Хүрмэн эмийн сангаас хүртэл аваад өөрөө борлуулж байсан. 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ээлжийн амралт дуусаад ажилдаа ороод 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл байхаа би өөрөө ажилдаа орсон тул худалдагч хийх хүнгүй болчихоод хажуу талын дэлгүүрийн арын өрөөндөө эмнүүдээ оруулаад өдрийн цагаар жорын дагуу манай хүү А.Ер, А.Бс нар худалдагч хийх үедээ зарж борлуулж байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” хэмээн мэдүүлжээ.

Цахилгаан барааны дэлгүүрт эмийн сан ажиллуулах нь хууль бус тул тус эмийн санд байсан эмнүүд болох нийт 340 нэр төрлийн 14463010 төгрөгийн үнэ бүхий эм, эм бэлдмэлийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж үзэж уг битүүмжилсэн хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авсан байна.

Улмаар Я.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эм худалдаалах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн байна.