Уул уурхайн баяжуулалтын инженер, докторант У.Соёл-Эрдэнэтэй ярилцлаа.

-УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаргийн (2019.11.08) нэгдсэн хуралдаан дээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Засгийн газрын тогтоолыг Хууль зүйн яам бүртгэдэггүй” гэж ярьсан. Энэ үнэн үү?

 

-Сангийн сайд буруу, ташаа ярьж байх шиг байна лээ. Засгийн газрын бүх тогтоолыг Хууль зүйн яаманд бүртгэдэг. Ард иргэдэд буруу мэдээлэл өгөх нь сайд хүний хувьд байж боломгүй зүйл. Сайдын ярьсан үгний үнэн, зөвийг Хууль зүйн яамнаас хэлэх байх. Засгийн газраас хэм хэмжээ тогтоосон буюу бүх нийтээр дагаж мөрдөх шийдвэр гаргахдаа олон нийтээс санал авах гэх мэтээр төсөл бэлтгэж эхлэхээс хүчин төгөлдөр мөрдөх хүртэл бүхий л үе шатыг нэг бүрчлэн журамласан хууль нь Захиргааны ерөнхий хууль. Захиргааны ерөнхий хуулийн 59-72 дугаар зүйлээр маш тодорхой зохицуулсан байдаг. Засгийн газар “Ийм шийдвэр гаргая” гээд л шууд бичээд, “За, одоо дагаж, мөрд” гээд гаргадаггүй шүү дээ. Уг хуулийн 65 дугаар зүйлд “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг хянаж бүртгэнэ, шаардлага хангаагүй захиргааны актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхгүй”, мөн хуулийн 67 дугаар зүйлд “Хууль зүйн яаманд бүртгүүлснээс 10 хоногийн дотор Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэх бөгөөд уг эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр болно” гэж маш тодорхой заасан байдаг.

 

-АМНАТ-төй холбоотой асуудал УИХ-ын гишүүдийн хооронд талцал үүсгээд байгаа. Та хуульч хүний хувьд байр сууриа илэрхийлнэ үү?

 

-Цэц 2019 оны зургадугаар сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн АМНАТ-тэй холбоотой зарим зүйл, заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд, холбогдох заалтуудыг 2019 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс түдгэлзүүлж, УИХ-д хуулиа засах дөрвөн сарын хугацааг өгсөн байдаг. Энэ хооронд УИХ, Засгийн газар уг асууддын талаар нухацтай бодоогүй. Хууль хэрэгжсэнээр баяжуулах, боловсруулах үйлдэрүүд хаагдаж, уг үйлдвэрүүдийн дотоодод өгөх эдийн засгийн үр өгөөж, АМНАТ-өөс бусад улсын төсөвт төлөх татвар, хураамжууд тасрах эрсдэл үүсэх талаар тооцохгүйгээр зөвхөн АМНАТ-ийг авах нь зүйтэй гэж үзсэн. Миний боддоор 39 үйлдвэрийн дотоодод өгөх эдийн засгийн үр өгөөж, улсын төсөвт төвлөрүүлэх татвар, хураамжууд, ажлын байр, бусад эдийн засгийн үр дагавар, цаашид шинээр үйлдвэрүүд баригдахгүй байх, энэ салбарт гадаадын хөрөнгө оруулалт хийгдэхгүй байх зэрэг хүчин зүйл нь АМНАТ-өөс илүү үнэ цэнтэй юм. Харин эсрэгээрээ Цэцийн шийдвэрийг хүлээж авах боломжгүй гэж шийдсэн байдаг. Цэцээс өгсөн хугацаанд хуулиа Үндсэн хуульдаа нийцүүлж засаагүй байж их суудлын хуралдаанаар шийдэхээр сандарч гүйх шаарддага байхгүй. Хуулийн хугацаанд Үндсэн хуульдаа нийцүүлж хуулиа засахад л болно. Энэ нь тийм хүнд, ноцтой, бас улстөр хийгээд байх асуудал биш.

 

-Сангийн сайд Үндсэн хуулийн цэц Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргасан гээд байгаа.

 

-Үндсэн хуулийн цэц Үндсэн хуульд дээд хяналт тавьдаг. Үндсэн хуулийн байгууллага хэзээ ч үндэслэлгүй шийдвэр гаргахгүй шүү дээ. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бүхий л хууль, тогтоомж нь Үндсэн хуульд нийцэх ёстой. Үндсэн хууль зөрчсөн хууль, тогтоомж байвал Үндсэн хуульдаа нийцүүлж засах ёстой л доо. Цэцийн шийдвэр бол маш чухал. Монгол Улсын үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд аюул учрахаас урьдчилан сэргийлж чадсан, эх оронч шийдвэр болсон гэж хуульч хүний хувьд харж байгаа.

 

-Яагаад үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд аюул учирна гэж та үзэж байна вэ?

 

-Аюул учрахгүй яах вэ. Энэ бол маш чухал, том сэдэв. Манай улс ашигт малтмалын нөөц баялаг ихтэй. Ашигт малтмал нь байгалийн хуулиараа шавхагдах нөөц баялагт хамаардаг ба Монгол Улсын төсвийн 90 гаруй хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлдэг. Манайхан энэ баялгаа түүхийгээр нь, хямд үнээр, бага татвараар экспортлосоор өнөөдрийг хүрлээ. 

 

 

Ямар ч ашигт малтмалын орд газруудаа дэлхийн улс орнууд эдийн засгийн бүрэн эргэлтэд оруулах зорилготойгоор шинжлэх ухааны дэвшилт техник, технологи, баяжуулах, боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьж ашигладаг болохоос биш, манай улс шиг түүхийгээр нь экспортлодоггүй. Түүхийгээр экспортолно гэдэг нь чанар өндөртэй ашигт малтмалыг л экспортлох боломж бүрдэхээс бус, ордын хэмжээнд ашигт малтмалыг иж бүрэн ашиглах боломжгүй юм.

 

Ийм учраас баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих нь зүйтэй. Хэрэв татварын таатай орчин бүрдүүлэхгүй бол уул уурхайн салбар хумигдаж, бүтээгдэхүүнээс нь улсын төсөвт төвлөрүүлэх татвар эрс багасна. Түүхийгээр нь баялгаа зөөж байгаа нөхцөлд Монгол Улсад нэг ч ажлын байр бий болохгүй, ямар ч нэмүү өртөг үлдэхгүй. Харин хөрш зэргэлдээ улсуудад ажлын байр бий болж, нэмүү өртөг үлдэнэ шүү дээ. Харин дотоодын эрдэс баялгийн салбарын баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийг боддогоор дэмжсэнээр шавхагдах нөөцөө өөрийн улсдаа үнэ цэн шингээж, ажлын байр нэмэгдүүлж, нэмүү өртөг шингээж, экспортод гаргах нь хамгийн сайн шийдвэр болно. УИХ-ын 76 гишүүнээс  эхлээд хүн бүр л Монгол Улсдаа үйлдвэрлэл хөгжүүлье гэж яриад байдаг. Гэтэл бий болсон үйлдвэрүүдээ шат дамжлага дамжсан төлбөрөөр дарамталж, зогсооход хүргэж байгаа нь хамгийн муу боддого. Үйлдвэрийг хөгжүүлж, боддогоор дэмжиж байж манай улс хөгжиж, олон ажлын байр нэмэгдэнэ гэдгийг хүн бүр ойлгох байх. АМНАТ-ийг хүдэр, баяжмал, эцсийн бүтээгдэхүүн тус бүрт нь, шат дамжлага болгонд авахаар зохицуулсан нь Үндсэн хууль зөрчсөн байна гэж л Цэц шийдсэн шүү дээ. Энэ маш зөв шийдвэр шүү. Монгол Улсаа боддог, ирээдүйгээ хардаг, мэддэгтэй улстөрч бол энэ шийдвэрийг алгаа ташаад хүлээж авах ёстой. Харамсалтай нь, Ч.Хүрэлбаатар сайд УИХ-ын гишүүдэд худал мэдээлэл өгөөд байгаад хамаг учир байна.

 

-Ч.Хүрэлбаатар сайд үнэхээр худлаа ярьсныг та яаж батлах вэ. Өөр худлаа ярьсан ямар ямар тохиолдол байна вэ?

 

-Өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн чуулганыг харж байхад Сангийн сайд дотоодын баяжуулах үйлдвэрүүд дөрвөн хувийн АМНАТ төлж байгаа гээд байсан. Энэ бас худдаа. Яагаад худлаа вэ гэхээр, Ашигт малтмалын тухай хуулийн хүчингүй болсон заалтуудаар баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд хүдэр худалдаж авах, боловсруулалт хийх, экспортод гаргахдаа шат дамжлага бүртээ төлбөр төлж, уг төлбөр нь нийлбэр дүнгээрээ 8-10.5 хувь болж байгаа гэдэг нь тодорхой. Энэ хэдэн тоог нэмэхдээ хүртэл худдаа ярьж байна. Жишээлбэл нүүрсэн дээр АМНАТ шингэсэн үнээр буюу 72 ам.доллар авна. Энэ үнэд 2.5 хувь буюу 1.8 ам.доллар шингэсэн үнэ. Боловсруулаад экспортод гаргахад Сангийн яамны цахим хуудсанд аравдугаар сард зарласан үнээс тооцоход экспортод гаргаж байгаа таван хувь, нэмээд өсөн нэмэгдэх 1.5 хувь нийт 8.46 доллар болно. Үүнээс түүхий эд авахдаа төлсөн 1.8 долларыг хасаад, баяжуулах боловсруулах үйлдвэрүүд 6.66 ам.долларыг АМНАТ-д төлөхөөр байна. Гэтэл “Чалко” миний олж мэдсэнээр 58 ам.доллароор нүүрсээ авч байгаа. “Чалко”-гийн улсын төсөвт төлдөг АМНАТ нь дөрвөн ам.доллар. Гэхдээ энэ нь нүүрсний үнэндээ багтсан учраас манай нүүрсийг 54 ам.доллароор л авч байгаа гэсэн үг.

 

Тэгээд бодохоор 58 ам.доллароор аваад 200 гаруй км газар тээвэрлээд, хилийн цаана гаргаад, боловсруулаад, коксын үйлдвэрт очих үнэ, 72 ам.доллароор аваад, тээвэрлээд, ажилчдын цалин, хөлсөө төлөөд, нэмүү өртөг шингээгээд, Монгол Улсын бусад татвараа төлөөд, экспортод гаргаж байгаа үнэ хоёрын хооронд 20-30 ам.долларын зөрүүтэй байна. Энэ хоёр бүтээгдэхүүн нэг зах зээлд өрсөлдөхөд Монголд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн өрсөлдөх чадваргүй болж байгаа биз дээ.

 

 

Эндээс харахад Ч.Хүрэлбаатар сайдын яриад байгаа “Эрдэнэс Тавантолгой”-н төлж байгаа долоон хувь нь дөрвөн ам доллар, дотоодын баяжуулах үйлдвэрийн төлж буй дөрвөн хувь нь 6.66 ам доллар болж байна. Энэ бодит тооноос харахад, “Чалко” өндөр хувьтай хэрнээ бага төлж, Монгол компани бага хувьтай харагдаж байгаа боловч их төлж байгаа нь хөдөлшгүй бодитой, баримттай юм. Ийм учраас Ч.Хүрэлбаатар сайд бодит мэдээллийг УИХ-ын гишүүд болон иргэдэд хэлэх нь зүйтэй. Ташаа мэдээллээр нийгмийг үймүүлэх нь буруу юм. Эх орныхоо ирээдүй хойчдоо хийж бүтээсэн зүйлтэй байх нь Монгол хүн бүрийн үүрэг байх учиртай.

Энэ ерөөсөө ч улстөржих асуудал биш. Энэ үйлдвэрүүдийн ард 18 000 гаруй ажлын байр, түүнийг дагасан 72 000 иргэний эрх ашиг шууд хөндөгдөнө. Дээрээс нь энэ үйлдвэрүүд бусад төрлийн татвараа хуулийн дагуу төлөөд явж байгаа шүү дээ. Төсөвт төлдөг бусад төлбөрийг ч бас тооцох хэрэгтэй. Дан ганц АМНАТ гэж хараад байж болохгүй. Нөгөө нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно гэдэг шиг л зүйл хийх гэж байна.