Сайн байна уу, сайтын уншигчдаа. Би гэдэг хүн аав болж, амьдралын үнэ цэнийг мэдэрч, үрийнхээ зулайг үнэрлээд удаагүй залуухан эцэг.

Сайхан эхнэртэй. Анх танилцаж байсан үеэ бодвол бид хоёр нэг их догдлохоо больсон ч дотно харилцаа маань тийм ч муудаагүй. Гэхдээ надад нэг асуудал байна. Би угийн бүр өсвөр наснаасаа эмэгтэй хүнийг маш хүчтэй мэдэрдэг нэгэн. Зөрж өнгөрсөн охидтой, уулзаж танилцсан эмэгтэйчүүд, бүр эмэгтэй найзууддаа хүртэл хөнгөн дурладаг сонин араншинтай. Шууд хэлэхэд шалиг гэхэд болно доо. Гэхдээ эхнэртэйгээ танилцахаас өмнө гурван эмэгтэйтэй л энгэр зөрүүлж үзсээн. Тийм болохоор уулзсан охин бүртэйгээ унтаж яваагүй гэдгийг минь ойлгоорой. Одоо ярих түүх бас л эмэгтэй хүн. Тэр тусмаа хоёр дахь хүн… Манай эхнэр намайг их харддаг. Би түүнийгээ буруутгахгүй ээ. Яагаад гэвэл би өөрөө их алдаа гаргадаг юм. Улайм цайм гардуулж байгаагүй ч залуу эрэгтэй хүний хувьд их гутардаг. Одоо ийм цаг зуурын мессеж, мессенжерийн сээтэгнэлүүд илрээд байгаа, ийм үйлдэл гаргаад байгаадаа их л зовох юм. Магадгүй 10-20 жилийн дараа эхнэрээсээ бүр мөсөн уйдчих вий гэж хүртэл айдаг. Би эхнэрээсээ өөр нэг бүсгүйтэй танилцлаа. Интернэтээр үүсгэсэн энэ харилцаа өнгөрсөн оноос эхлэлтэй. Чатаар түүнийг анх харснаас хойш өөр рүү нь юм бичих хүсэл төрж, нэг удаа зориглоод бичлээ. Юутай ч согтуу байсан учир айгаагүй хэрэг л дээ. Гэтэл тэр ч бас намайг сонирхдог байснаа хэлж бид хоёр долоо хоног тасралтгүй харилцав. Энэ үед оройд би ямар нэгэн шалтгаанаар интернэтэд байх боломжгүй гэж аргацааж, эхнэртээ хар авахуулахгүй байдаг байлаа. Бид хоёр бүр бүх зүйлсээ ярьж, ингээд нэг өдөр яагаад орой мсж бичихгүй байдгийг надаас тайлбарлахыг тууштай шаардсанаар би эхнэртэй гэдгээ хэлэв ээ.

Хэсэг хариу бичээгүй ч надад их дассан байсан учраас шууд холбоо таслаж чадаагүй. Харин ч надад аятайхан санагдав. Урьд нь утас руу залгах вий, эхнэрийг байхад мессеж бичих вий гээд л 00-д ч тухтай байж чаддаггүй байв. Харин ил цагаан болсон учир намайг ойлгож өдөр харилцдаг боллоо. Гэхдээ баригддаг л юм билээ. Нэг өдөр эхнэр маань бидний бүх зурвасыг олж үзсэнээр ах дүүс, гэр бүлийнхэн мэдэж бүр салах дээрээ тулав. Би ч нөгөө эмэгтэйгээс харилцаагаа таслана гэж амласан.. Нэг их удаагүй ээ. Байдал арай намжаад эхэлмэгц бид хоёр дахиад л бага сагаар холбогдож, нэгнийгээ их санаснаа тэсэлгүй ярилцав. Ингээд анх удаа уулзахаар болж, түүнийд очлоо.

Удаан үргэлжлээгүй уулзалтад бид хоёр маш их сэтгэл хангалуун үлдэх шиг. Дараа нь тэднийг очих бүртээ дотроо шаналж, өөрийгөө буруутгасан. Гэхдээ бид хоёр нэг удаа ч дотно харилцаанд орж байсангүй. Би түүнийг үнсэж тэвэрч, элдэв зүйлсийг ярьсаар уулзалтын богино хугацаа маань дуусна. Өөр хүнтэй харилцаа үүсгэнэ гэдэг аймшигтай юм билээ. Гадуур тухтай ч алхаж болохгүй. Хааяа караоке, пабд сууж, ихэнхдээ орцонд уулзана. Ингэж явсаар би гэдэг хүн дурлаж орхив оо. Эхнэртэйгээ байхдаа аятайхан ч сууж болохгүй гэгэлзээд. Байж байгаад л загнуулна. Баригдсанаас хойш харилцаагаа бүр нарийсгаж зөвхөн өдөр л холбоотой байдаг боллоо..

Нөгөөхөө орой орхиод явахад хэцүү, сүүлдээ үг хаядаг болж надад бүр дурласан гэдгээ ч хэллээ. Ингээд яваад байж болохгүй байдал бишдэхээс өмнө салъя гэсэн ч болж өгөхгүй хэвээр. Ингээд саяхан нэг өдөр урьд байгаагүйгээр түр тар хийж хэсэг холбоогүй болов. Арай гэж ярилцаж эхлэхдээ нөгөөх маань ёстой хар элгийн хүн шиг огт таньдаггүй байсан мэтээр харилцаж бичиж байгаа хэлж байгаа үгс нь хөндий хүв хүйтэн болсон. Уг нь даруухан эелдэг тийм эмэгтэй гэдгийг нь би сайн мэднэ. Ухаантай болохоор над шиг тэнэг нөхрийг эхнэр, нялх үрээ хаях үйлдэл гаргаж мэднэ гэж бодсоноос харилцаагаа шууд таслахаар шийдсэн байх. Сүүлдээ бүр аймшигтай үгс хэлдэг болж холбоо барихаар оролдох бүрт унтаж хэвтэх хүсэл чинь биелээгүй болохоор ингэдэг үү гэж асууна. Хэдийгээр нууц амрагийн харилцаа нь сексийн гол зорилготой байдаг нь хууль байх. Гэтэл надад тийм чухал биш.

Энд бичиж байгаа болохоор хүмүүст таалагдахын тулд чухал биш гэж хэллээ хэмээн дүр эсгэж байна гэж бодож мэдэх юм. Үнэн хэрэгтээ чухал байгаагүй ээ. Хамгийн гол нь би үхтлээ дурласанд л бүх учир оршиж байна. Одоо тэр надаас бүх харилцаагаа тасласан хагас жил үргэлжилсэн үнсэлт хүнд ямар их дурсамж үлдээх нь тодорхой. Би муу хүн. Эхнэрээ хуурахыг оролдож, өөр харилцаа үүсгэсэн. Хэдий мартах хэцүү нүдэнд үргэлж харагдаад байгаа ч түүний адил би урьдынх шигээ эхнэрээсээ өөр эмэгтэйн тухай бодохыг хүсэхгүй байна. Үүний тулд маш олон арга хэрэглэж үзээд эцэст нь ийм захидал бичлээ… Надад дахиад ийм харилцаа үүсгэх баталгаа үгүй ч энэ удаагийнх асар том сургамж боллоо.

Үүнээс өөр эрсдэлтэй золиос шаардсан явдал болж болох байсан ч би амьдралд огт хэрэггүй хоёр дахь хүний ардаас гансарч шаналж үлдэв. Хамгийн тэнэг байдал л энэ байх. Мартаад, өөр зүйл рүү дахин шунах тэнэг занд минь сургамж боллоо. Би эцсийн эцэст эхнэрээ нялх үрээ орхиж явахгүй, энэ байр сууриндаа ч хатуу зогсдог байлаа. Гэхдээ хайр дурлал ямар ч нөхцөл байдалд хүргэж болох аюултай гэдгийг миний насны залуус мэдэх болов уу. Хэрхэн мартах вэ.

Намайг шүүмжлэхийн зэрэгцээ зөвлөгөө өгнө гэж найдаж байна.