Нийслэлийн прокурорын газраас Г.Батхүү агсны Төрийн ордонд амиа алдсан хэрэгтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, түүний туслах, зөвлөх нарыг “худал мэдүүлэг өгсөн” үндэслэлээр 2019 оны арваннэгдүгээр сарын 19-нд яллагдагчаар татжээ.

Н.Номтойбаяр үүнийг эсэргүүцэж 2019 оны арваннэгдүгээр сарын 25-нд ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга Д.Отгонжаргалд хүсэлт гаргасан. Тэрбээр энэ хүсэлтдээ  Эрүүгийн хууль, Прокурорын ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн байж болох мэдээллийг бичсэн байгаа юм.

Нэгдүгээрт, Н.Номтойбаяр хүсэлтдээ “Аравдугаар сарын 31-ний өдөр Мөрдөн байцаах албаны Хэлтсийн дарга н.Эрдэнэбилэг надтай уулзаж “Таныг гэрчийн мэдүүлэг өгөхдөө талийгаач архи уугаагүй гэж худал мэдүүлэг өгсөн буюу Эрүүгийн хуулийн 21.2-т заасан үндэслэлээр прокуророос сэжигтнээр татаж магадгүй гэв” гэсэн байна.

Тэрбээр Эрдэнэбилэг нь Мөрдөн байцаах албаны Хэлтсийн дарга гэснээс түүний овог, албан тушаалыг тодорхой бичээгүй. Гэхдээ Мөрдөн байцаах албанд Хүрээлэн буй орчны гэмт хэрэг шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбилэг гэдэг хүн байдаг. Тэгэхээр Н.Номтойбаярын нэр дурдсан н.Эрдэнэбилэг гэдэг хүний энэ үйлдэл нь мөрдөн байцаалтын нууцыг задруулсан явдал гэж харагдаад байгаа юм. Үүнийг Эрүүгийн хуульд тодорхой заасан. Эрүүгийн хуулийн 21.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олж мэдсэн хүн, мөрдөн шалгах ажиллагааны талаар албаны үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан прокурорын зөвшөөрөлгүйгээр мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олон нийтэд задруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ”, уг заалтын 2 дахь хэсэгт “Шүүгч, прокурор, хууль сахиулагч, өмгөөлөгч, мөрдөн шалгах ажиллагааны нууцыг албаны үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан мөрдөн шалгах ажиллагааны нууцалсан баримт, мэдээллийг зориуд задруулж, нууцалсан гэрчийг илчилж хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан бол нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар эрх хасаж дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн байдаг.

Хоёрдугаарт Н.Номтойбаяр нь “Арваннэгдүгээр сарын 1-ний өдөр миний бие Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор С.Мөнхгэрэл, ахлах прокурор н.Батболд нартай өмгөөлөгч Н.Мандахын хамт уулзсан. Уулзалтаар ахлах прокурор С.Мөнхгэрэлээс “Г.Батхүү агсны нас барсантай холбогдуулан миний бие хардагдаж сэрдэгдэн шалгагдаж байгаа зүйл бий юү” гэхэд “Тийм зүйл байхгүй” гэсэн хариу өгсөн” гэж бас бичсэн байна.

Тэгэхээр Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор С.Мөнхгэрэл, ахлах прокурор н.Батболд нар нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаар зарлигийн нэгдүгээр хавсралтаар заасан Прокурорын ёс зүйн дүрмийг шууд зөрчсөн байх магадлалтай. Учир нь дээрх дүрмийн 2.3.10-т “мөрдөн шалгах ажиллагаанд шалгагдаж байгаа хэргийг аль нэг талд нь ашигтай шийдвэрлэх талаар бусдад урьдчилан амлалт өгөхгүй байх”, 2.3.11-т “өөрийн хяналтанд байгаа хэргийн талаар бусдад ярих, мэдээлэхгүй байх” гэсэн заалтууд бий.

Тиймээс Н.Номтойбаярын “мэдээлсэн” мөрдөгч, прокуроруудын үйлдлийг холбогдох хууль хяналтын байгууллага анхааралдаа авч шалгаж үзэх нь зүй ёсны хэрэг болжээ.

sonin.mn