Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Казахстан Улсын “Daewoo Bus Kazakhstan” ХХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг болон “Daewoo Bus Kazakhstan” компанийн захирал Ассемкан Дускужанов.А.С, тус компанийн Монгол дахь төлөөлөгч З.Бердаулет нар байлцав.

“Daewoo Bus  Kazakhstan” компанийн захирал Ассемкан Дускужанов.А.С хотын Захирагчийг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, автобусны үйлдвэрийнхээ талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Daewoo Bus Kazakhstan” компани нь 2007 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа. “Daewoo” корпорацитай хамтран ажилладаг. Манай компани автобус баазын 40 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг. Явах эд анги сэлбэгээ БНСУ-аас нийлүүлдэг” гэв.

“Daewoo Bus  Kazakhstan” компанийн автобусууд нь зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс дотор, гадар эд ангийг төмрөөр хийсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шаттай, хүүхдийн автобус нь зориулалтын жижиг суудалтай хяналтын камер, хамгаалалтын хэрэгслээр тоноглосон гээд нийтийн тээврийн стандартын шаардлагыг бүрэн хангасан” хэмээн мэдээлэл өглөө. Улаанбаатар хотод Казакстан Улсаас автобус нийлүүлсэн тохиолдолд баталгаат хугацаандаа засвар үйлчилгээг нь бүрэн хариуцах нэгдсэн төв байгуулж өгөх талаар мөн дурдлаа.

Хотын Захирагч С.Амарсайхан Улаанбаатар хот нийтийн тээврийн парк шинэчлэлд  ихээхэн ач холбогдол өгч буйгаа дуулгаад, хэд хэдэн улсын автобус үйлдвэрлэгч нийлүүлэгчидтэй уулзаж, судалж байгаагаа хэллээ. Тэрбээр “Хотын удирдлагууд автобусны чанар, нийлүүлэх хугацаа, төлбөрийн нөхцөл, засвар үйлчилгээ,  баталгаа гэх мэт харьцуулалтыг хийж судалж байна. Автобусны хийц дизайн,   чанар, аюулгүй байдал маш чухал. Дотоодын үйлдвэрлэгч компаниудтайгаа бид санал солилцсон байгаа. Бидний зүгээс автобусны чанар үзэмж, нийтийн тээврийн стандарт, төлбөрийн уян хатан нөхцөлийг чухалчилна” гэв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс