Өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс түүхий нүүрс хэрэглэхийг хориглосноор “Сайжруулсан түлш” хөтөлбөр хэрэгжиж байгаа. Уг хөтөлбөр хэрэгжээд хэд хэдэн шүүмжлэлийг араасаа дагуулсаар.

Тортог ихтэй, дулаанаа удаан барьдаггүй, угаар их гардаг гээд цаашлаад борлуулах цэг цөөн, түлш нь хангалттай ирдэггүй гэсэн шүүмжлэл үргэлжилсээр. Сайжруулсан түлш борлуулах цэгүүд болон борлуулалт хэр байгааг сурвалжиллаа.

Хан-Уул дүүрэгт өнгөрсөн бямба гариг буюу энэ сарын 4-ний өдөр гэр хорооллын сайжруулсан түлш зарах цэгүүдээр түлш тасарсан байна. Яармагийн айл өрхүүд 4-8 дугаар хороодын бүх цэгүүдээр яваад нүүрс олдохгүй байна гэдгээ Яармагийн групп хуудсуудаар дамжуулан хэлж, нэг нэгнээсээ түлш зарж байгаа газар байгаа эсэхийг асуусан сэтгэгдэл, постууд бичсэн байлаа. “Эцсийн буудлын Нүхт-5, Нүхт-8, Сонсголон-3, Сонсголон-7 дугаар гудамжны түлш зарах цэгүүд түлш нь дууссан дахиж ирээгүй хаалттай байна” гэх постууд дор “Харин хайгаад олдохгүй байна. Олбол хэлээрэй” гэсэн сэтгэгдлүүд зөндөө хөвөрнө. Үүнээс харахад нэг л газар нүүрс тасарсан нь олон хүнийг бухимдуулж байгаа нь илт байлаа.

Энэ талаар Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо Арцат-10 дугаар гудамжинд байрлах сайжруулсан түлш борлуулах цэгийн борлуулагч Х.Цэрэнгээс тодруулахад “Өмнөх долоо хоногт түлш тасарсан. Манайх зарж дуусаад дахиад захиалах гэтэл одоогоор бэлэн байхгүй. Үйлдвэрээс гарахаар нь хүргэлт очно гэсэн. Тэгээд маргааш нь ирсэн. Тэр өдөр тэрэг түрсэн, машинтай гуч гаруй хүн манайхаас түлш асууж ирсэн. Нэлээд бухимдалтай байх шиг байна лээ. Хайгаад олдохгүй эцсийн буудал ч орсон гэх хүмүүс байсан” гэв.

Харин түлш тасарсан нэг өдөрт хүмүүс юу түлсэн бол. Хан-Уул дүүргийн тавдугаар хорооны иргэн Д.Баасан “Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр нүүрс тасраад хүүтэйгээ хайж машинаар зөндөө явсан. Яармагаас түлш олоогүй. Арга бараад гурван шуудай модоор өнжлөө. Ингэж үйлдвэрлэлт нь муу байгаа юм болов уу. Мод түлээд дулаанаа хурдан алдаад бүтэхгүй юм байна лээ.

Дахиж ингэж тасарвал ёстой аргаа барах нь ээ. Нялх нойтон хүүхэдтэй бол бүр хэцүүдэх юм байна” гэсэн юм. Харин энэ талаар сайжруулсан түлшний лавлах утас болох 70119410 утсаар тодруулахад мэдээллийн ажилтан “Манай борлуулалт хэвийн, ямар нэгэн тасалдал гараагүй. Түлш борлуулах цэгүүд хэвийн ажиллаж байна” гэв. Мөн бид Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хэд хэдэн сайжруулах түлш борлуулагч нартай холбогдлоо.

Тэд “Уулархаг өндөр газар байрласан түлш борлуулах цэгүүдэд түлш ирэхгүй байгаа. Эндэхийн түлш борлуулагч нар өөрсдийнхөө машинаар чадах ядахаараа зөөж ард иргэддээ борлуулж байна. Ер нь хэд хэдэн удаа түлш тасарсан. Бид өөрсдөө аргалаад аль болох борлуулалтаа таслахгүйг хичээж байна” гэв. Харин Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэн С.Чимэд “Би өөрөө амьжиргаагаа портер машинаар залгуулдаг. Энэ хавиар түлш тасарсан гэхээр нь өөрөө машинаараа түлшээ зөөгөөд байгаа. Бусад унаа тэрэггүй хүмүүс хэцүүддэг байх. Заримдаа ойр хавийнхандаа чадлынхаа хэрээр зөөж авчирч өгдөг л юм. Байнга тэгээд зөөгөөд байж чадахгүй шүү дээ” гэв. Харин Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны иргэн Р.Эрдэнэчулуун “Нүүрсний картанд гурван тоннын эрх бий гэсэн. Долоо хоногт зургаан шуудай түлш авах ёстой. Гэтэл нэг өдөрт нэг шуудай нүүрс түлдэг айл өрх олон байна. Энэ картын эрхийг ихэсгэх шаардлагатай байна” гэв.

Картанд байгаа гурван тонн нүүрсийг тусгай аппликэйшнээр хянах ба нүүрс борлуулагчид картыг уншуулаад нүүрсээ бэлэн мөнгөөр зардаг. Харин иргэд өөрсдийн картаа Saintulsh нэртэй аппликэйшнийг татан уншуулж хянах боломжтой. Гэвч долоо хоногт зургаан шуудай нүүрс зарим айлд багадаж байна. Түүхий нүүрсийг ихээр нь аваад өвөлжин түлдэг зарим айлд хүндрэлтэй байгаа талаар иргэд хэлж байсан юм.

Энэ талаар Хан-Уул дүүргийн долдугаар хорооны иргэн Д.Пунцаг “Манайх түүхий нүүрс хэрэглэдэг байх үед хоёр портер нүүрсээр өвлийг давчихдаг байсан.

Сайжруулсан түлш сайхан асдаг юм байна. Гэвч долоо хоногт л зургаан шуудайг тэрэг түрээд зөөх настай надад хэцүү юм. Хүүхдүүд бүгд тусдаа гарчихсан. Зарим нь гадаадад ажиллаж амьдардаг. Хүн хүч цөөтэй хөгшин настай бидэнд байнга тэрэг түрээд хэдэн шуудай нүүрс зөөх ч бас яггүй ажил юм байна. Мөнгөтэй байгаа үедээ өөрсдийн хэрэгцээнд тохируулаад бөөнөөр нь авчихдаг болмоор байна” гэв.

Өөрсдийн хэрэглээний нүүрсээ мөнгөтэй үедээ бөөнөөр нь авах сонирхолтойгоо олон хүн илэрхийлсэн юм. Гэвч картанд үүссэн эрхээсээ хамаараад ингэж авч чадахгүй байгаадаа иргэд бухимдалтай байна. Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны иргэн Л.Сүрэнчимэг “Манайх нам даралтаар халдаг гурван өрөө байшинтай.

Долоо хоногт зургаан шуудай нүүрс багаддаг. Ганц нэг танил борлуулагчаасаа гуйгаад долоо хоногтоо долоон шуудайг авдаг. Өдөрт нэг шуудай түлш түлнэ. Сайжруулсан түлш маш их тортогтой. Олон нялх нойтон хүүхэдтэй айлд тортгийг нь байнга арчиж цэвэрлэж байхгүй бол ханиад шуухниа хүрчих гээд хэцүү юм. Дээрээс нь маш их үнс гардаг. Долоон шуудай түлшнээс долоон шуудай үнс гарч байна. Хог ачуулах өдөр хүртэл хогны сав дүүрч халиад заваан юм. Түүнээс илч сайтай, дулаахан л байна” гэв. Борлуулах цэгүүд олон байгаа ч заримдаа түлш тасрах үе гардаг учраас иргэд долоо хоногт зургаан шуудайгаар хязгаарлахгүйгээр түлшээ авч нөөцлөх сонирхолтой байгаагаа ч хэлж байв.

Мөн өнгөрсөн долоо хоногт Хан-Уул дүүргийн сайжруулсан түлш борлуулах цэгүүдээр цагдаагийн хяналт шалгалт явлаа. Цагдаа нар сар бүр сайжруулсан түлш борлуулах цэгүүдээр явж хяналт шалгалт хийдэг аж. Ээлжит шалгалт нь өнгөрсөн долоо хоногийн пүрэв гариг буюу нэгдүгээр сарын 9-ний өдөр болов. Сайжруулсан түлш борлуулах цэгүүдийн борлуулагч нараас өдөрт хэдэн шуудай түлш худалдаж байгаа, картыг байнга уншуулж байгаа болон ямар нэгэн зөрчил гарч байгаа эсэхийг шалгадаг аж. Энэ талаар Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ахмад Б.Будсүрэнгээс тодруулахад “Сар бүр сайжруулсан түлш борлуулах цэгүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг өгсөн. Үүний дагуу өнгөрсөн пүрэв гаригт хяналт шалгалт хийсэн. Гарсан алдаа зөрчилгүй. Өмнөх долоо хоногийн бямба гаригт түлш тасрах асуудал гарсан ч маргааш нь хэвийн үйл ажиллагаандаа орж, түлш борлуулах цэгүүд хэвийн ажиллаж байна” гэв.

Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны сайжруулсан түлш борлуулах цэгийн савлагч Д.Пүрэвдорж “Өмнөх долоо хоногийн бямба гаригаас өөр түлш тасарсан тохиолдол манай энүүгээр одоохондоо гараагүй. Манайх хоёр тоннын том шуудайгаар түлшээ захиалж аваад өөрсдөө савладаг. Гурван савлагч ажилладаг. Нэг хүн өдөрт дунджаар 130 шуудайг савладаг. Цалин боломжийн авна. Тортог л их гардаг юм” гэв.