Коронавирусийн халдвар олныг цочроож эхэлснээс хойш амны хаалт, ариутгах бодис, дархлаа дэмжих эм тан тэргүүтний эрэлт эрс нэмэгдэв. Үүнийг дагаад дээрх бүтээгдэхүүнүүдийн үнэ өсчээ. Тухайлбал, үйлдвэрээс 90 төгрөгөөр нийлүүлдэг амны хаалтын үнэ 150 төгрөг болж, үүнийг дагаад эмийн сангууд жирийн үед 150 төгрөгөөр зарж байсан нэг удаагийн амны хаалтыг 800 төгрөгөөр борлуулж, 1400 төгрөгийн үнэтэй, гар болон эд зүйл ариутгах зориулалт бүхий спиртийг 1800 төгрөгөөр “шаг”-лаж байгаа ажээ. Чоно борооноор гэдэг энэ. Ийм хуншгүй зан бол овсгоо самбаа биш ов заль юм. Олон нийтийг хамарсан өвчин тахал, эмх замбараагүй байдал, дайн байлдаан, байгалийн гамшигт үзэгдэл зэрэг онцгой нөхцөл үүссэн тохиолдолд бизнесийн байгууллагууд ашиг хонжоо хайх бус аль болох бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг хямдруулж, үгүй ядаж л нэмэхгүй байх нь нийгмийн хариуцлагын нэг хэсэг юм. Манай зарим аж ахуйн нэгж, иргэдэд тийм хариуцлага, сэтгэл дутаж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Эм, эмнэлгийн бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийн зөрүүн дээр үнэ нэмж ашиг олох нь бизнесийнхэнд наад захын ёс зүй, эх оронч сэтгэл дутаж байгааг харуулна.
2020 он гарсаар БНХАУ-д ч ийм хандлага гарсан юм байна. Тиймээс коронавирусийн халдвартай холбоотой гэмт хэргийг хатуу шийтгэнэ гэдгээ өмнөд хөршийн эрх баригчид мэдэгджээ. 
 
 
 
Тус улсын дээд прокурорын газрын мэдээлэлд “Халдварт өвчнөөс хамгаалан засах хууль болон Эрүүгийн хуулийн холбогдох тогтоолыг хатуу хэрэгжүүлж, халдвараас сэргийлэн хянах хугацаанд бараа, бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөж, үлэмж ашиг олж, зах зээлийн дэг журмыг ноцтой эвдсэн гэмт хэрэг болон хуурамч бүтээгдэхүүн, эм бэлдмэл үйлдвэрлэн борлуулсан гэмт хэргийг хатуу шийтгэнэ” хэмээн онцолжээ.
 
 
 
Ийнхүү коронавирусийн халдвар дэгдсэнтэй холбоотойгоор өмнөд хөрш хуулиа чангатгаж, иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ хариуцлагыг өндөрсгөж буй аж. Бээжингийн нэгэн эмийн сан 146 юаниар зардаг байсан хайрцаг амны хаалтыг 850 юаниар зарж байсан нь илэрсэн бөгөөд энэ үйлдэл нь хэрэглэгчдийг хохироосон гэж үзэж уг байгууллагыг 430 мянган ам.доллараар торгосон байна. Энэ жишээ бусдад нь хатуухан сургамж болсон нь ойлгомжтой. Олон нийтийн сүлжээгээр бичиж байгаачлан хатгалгааны вирусээс илүүтэй хүмүүсийн бодол, сэтгэлгээн дэх “вирус”-ийг анагаах цаг болжээ. Үүнд эмх цэгц, хууль журам чухал ч хувь хүмүүсийн ухамсар, ёс зүй, соёл хамгийн чухал билээ.
 
 
 
Г.Сонинбаяр
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин