Сэрэмжлүүлэг: АКТЛАСАН барилгуудад цэцэрлэгүүд үйл ажиллагаа явуулсаар байна
2020/02/18
Улсын хэмжээнд 2016-2018 онд цэцэрлэгийн хүчин чадлын хэтрэлт дунджаар 106126 хүүхэд байсан. 2018-2019 оны хичээлийн жилд 155126 хүүхдийн хүчин чадалтай 1435 төрийн болон хувийн хэвшлийн цэцэрлэг үйл ажиллагаа явуулсан нь сургуулийн өмнөх насны нийт хүүхдийн 48 хувийг хамруулах хүчин чадалтай байна.
Цаашид цоожтой хаалганы цаана үлдэх хүүхдийн тоог багасгахад хичээж байгаа ч өнөөдрийн байдлаар зарим цэцэрлэгийн байр ГАМШИГ болсон гэдгийг бид энэ удаад онцолж байна.
Улсын цэцэрлэгийн барилга, өргөтгөлийн барилгын насжилтыг авч үзэхэд сүүлийн арван жилд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор 0-15 жилийн насжилттай барилга 58 хувийг, 30-45 жилийн насжилттай барилга 22 хувь, 45-аас дээш жилийн насжилттай барилга 11 хувийг эзэлж байна.
Үүнээс 0-15 жилийн насжилттай барилгын 25 хувь, 15-30 жилийн насжилттай барилгын 19 хувь, 30-45 жилийн насжилттай барилгын 25 хувь, 45-60 жилийн насжилттай барилгын 35 хувь, 60-аас дээш жилийн насжилттай барилгын 39 хувь нь нийслэлд байршилтай байна.
Аймаг, орон нутагт зарим цэцэрлэгийн барилгын ашиглалтын хугацаа дууссанаас акталсан, зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулсан, урсгал болон их засвар хийгээгүй нь Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.147, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.748, “Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар, ашиглалтын хугацааны жишиг норм /БНбД 13-04-03/”49 -д заасантай нийцээгүй, хүүхдийн эрүүл, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал,
• Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар цэцэрлэг нь Арьс өнгөний эмнэлгийн зориулалтаар 1966 онд баригдаж, 1991 онд актлагдсан байранд 2019 оныг хүртэл үйл ажиллагаа явуулсан байна. Одоогийн байдлаар тус цэцэрлэг "Думан" зочид буудлын өрөөнүүдийг түрээслэн үйл ажиллагаа явуулж байна;
• Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 1 дүгээр цэцэрлэгийн үндсэн барилга 1974 онд баригдсанаас хойш 45 жил их засвар хийгээгүй;
• Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар цэцэрлэг нь арьс ширний үйлдвэрийн зориулалтаар баригдсан байранд 1975 оноос хойш 44 жил үйл ажиллагаа явуулж, 2018 онд акталсан байна;
• Дорнод аймгийн Хэрлэн сумын 1,5,8,14 дүгээр цэцэрлэг, Гурванзагал, Дашбалбар, Чойбалсан, Чулуунхороот сумдын цэцэрлэг ашиглалтад орсноос хойш 28-56 жилийн хугацаанд их засвар хийгдээгүй;
• Говь-сүмбэр аймгийн Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгийн 2 бүлэг, “Хонгорхон” хувийн цэцэрлэгийн 1 бүлэг болон “Буян”, “Тунгаамал” гэсэн хувийн цэцэрлэгүүд орон сууцны зориулалттай байранд, Баянтал сумын 4 дүгээр цэцэрлэг, “Бүжинхэн” хувийн цэцэрлэг конторын зориулалттай байранд үйл ажиллагаа явуулж байна;
• Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 50 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулснаас 8 жилийн дараа ашиглах боломжгүй болсноос сумын ЗДТГ-ын орон сууцны барилгад үйл ажиллагаа явуулж байна. Тус барилгад улсын төсвийн хөрөнгөөр 2013 онд 46.5 сая, 2017 онд 79.5 сая төгрөгийн засвар хийгдсэн нь үр ашиггүй болсон байна;
• Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар цэцэрлэгийн барилгад 21 жилийн дараа засвар хийсэн;
• Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 100 хүүхдийн хүчин чадалтай 1 дүгээр цэцэрлэгийн барилгад ашиглалтад орсноос 57 жилийн дараа урсгал засвар хийсэн боловч санхүүжилтийг бүрэн шийдээгүйн улмаас дутуу хийгдэж, бохир үнэртдэг, мөөгөнцөртсөн байна;
• Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын цэцэрлэгт ашиглалтад орсноос хойш 49 жилийн дараа их засвар хийсэн;
• Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр цэцэрлэгийн барилгыг Мэргэжлийн хяналтын газраас ашиглах боломжгүй дүгнэлт 2012, 2017 онд гаргасан боловч одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Мөн тус сумын 4 дүгээр цэцэрлэгт МХЕГ-аас 2017, 2018 онд их засвар хийх шаардлагатай гэсэн боловч хийгээгүй;
• Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар цэцэрлэгийн барилга нь ашиглалтад ороод 36 жил болсон тул Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газраас 8 удаа дүгнэлт гаргаж, үйл ажиллагаа явуулахыг хориглосон боловч барилгын талбайн хэмжээг томруулан 75 хүүхдийг хүлээн авч ажиллаж байна;
• Төв аймгийн Дэлгэрхаан сумын Дэгдээхэй цэцэрлэгийн барилга анх 1962 онд ашиглалтад орсноос хойш 57 жилийн хугацаанд их засварт ороогүй, бүлгийн ариун цэврийн өрөөнд суултуур, угаалтуур байхгүй.
Үүнээс гадна улсын төсөв, гаднын зээл тусламжаар 2016-2018 онд нийслэл, орон нутагт баригдсан цэцэрлэгийн барилга байгууламж орчны стандартад нийцээгүй, чанарын шаардлага хангахгүй байх тохиолдол гарсан байна. Тухайлбал,
• Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд 2016 онд Япон улсын засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжаар баригдсан 100 хүүхдийн хүчин чадалтай, 763.5 сая төгрөгийн өртөг бүхий барилга суулт өгсөн, дээврээс ус гоождог , тааз нь цав гарсан;
• Хувийн хөрөнгө оруулалтаар баригдсан Сүхбаатар сумын 7 дугаар багийн Хөгжил хотхоны 1 дүгээр давхарт байршилтай, 200 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгыг улсын комиссын 2017 оны 2017/09 дугаар актаар ашиглалтад оруулсан бөгөөд 2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтын 2,300.0 сая төгрөгөөр худалдан авсан байна. Уг барилгын гал тогооны өрөөнд газардуулга хийгдээгүй, дээд давхраас ус гоождог, халуун усны тохиргоо алдагддаг, 1 анги болон коридорт агааржуулалтгүй зэргээр цэцэрлэгийн барилгын болон орчны стандартыг хангахгүй байна;
• Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд концессын гэрээгээр баригдсан цэцэрлэгийн барилгад ашиглалтын явцад дээврээс ус гоожсон, гүйцэтгэгч нэг удаа засвар үйлчилгээ хийсэн боловч дахин борооны ус ханаар орсон байдалтай байна;
• Дархан-Уул аймагт 26 дугаар цэцэрлэг: Гал тогооны өрөөний талбай хангалтгүй, агуулахын өрөөгүй, хоол бэлтгэлд зориулагдсан 6.8м2 цонхгүй өрөөг агуулах болгон ашиглаж байгаа боловч агааржуулалт хийгдээгүй. ариун цэврийн өрөөний бохирын шугам ил хийгдсэн, 2 бүлгээс бохир үнэртдэг, ашиглалтын явцад барилгын хана, цонхонд суулт өгсний улмаас ангиудын 3 цонх хагарсан, таазны шавар цуурч, цав гарсан байна;
• 27 дугаар цэцэрлэг: Цэцэрлэгийн зүүн талын явган хүний зам эвдэрсэн, барилгын хаяавчны плита унасан, хашааны хаалганы гагнаас салсан, зарим ангиудын шаланд чийг өгч, паркет пөмбийсөн, крантнуудын уян хоолойноос ус алддаг, мултарч унадаг, гал тогооны уур гаргагч уур сорохгүй, уур гаргагчийг дагаж ус гоождог, узелийн халуун усны насос ажиллахгүй байна;
• Нийслэлийн СХД-ийн 252 дугаар цэцэрлэг засварласан ахуйн үйлчилгээний барилгад үйл ажиллагаа явуулдаг,
• СХД-ийн 253 дугаар цэцэрлэг 00-ийн өрөөнд пааргүй,
• ЧД-ийн 18 дугаар цэцэрлэг 00-ийн өрөөнд пааргүй, хананд цууралт ихтэй, хөрсний ус гарч зоорины давхар усанд автсанаас НМХГ-аас дүгнэлт гарсан;
• Ховд аймгийн 15 дугаар цэцэрлэгийн зарим ангиуд унтлагын өрөө нь тусдаа биш, гадна тохижилтын ажил хийгдээгүй, 1 дүгээр цэцэрлэг нь агааржуулагч муу, гал тогооны цахилгаан шаардлага хангахгүй зэрэг зөрчил дутагдал байна.
Энэ мэт алдаа дутагдлыг засахгүй бол Монгол улсын ирээдүй болсон хүүхэд багачууд сурч боловсрох бус өвчин авахын зэрэгцээ нэг л өдөр цэцэрлэгийнхээ барилгад дарагдах эрсдэл байгааг анхааруулж байна.