Өнөөдөр ЭМЯ-наас ээлжит цаг үеийн мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:  Франц иргэнтэй ойрын хавьтал болох Оюутолгойд тусгаарлагдсан долоон хүн, Дархан аймагт тусгаарлагдсан нэг иргэн буюу нийт найман хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илрээгүй, сөрөг гарсан. Энэ нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын сүүлд гарсан шинжилгээний хариу юм.

Өмнөх шинжилгээний хариу нь бүгд сөрөг гарсан 207 хүн дээр нэмээд нийт 215 ойрын хавьтлын шинжилгээний хариу сөрөг гарлаа. Нийт 414 хүнийг тусгаарлалт, ажиглалтад авч ажиллалаа. Ойрын хавьтлын хүмүүсийг маш богино хугацаанд олж тусгаарласан. Гуравдугаар сарын 12-ны өдөр ХӨСҮТ-д нэг иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авахад коронавирусийн халдвар илрээгүй, сөрөг гарсан. Мөн гуравдугаар сарын 13-нд Дархан-Уул аймагт 10 хүнийг ажиглалтад авсан. Тус өдөр хоёр сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлан тандалт судалгаа, лобаторийн шинжилгээ хийж, эмчийн хяналтад байна.

Өнөө өглөө Дорноговь аймгаас 54 хүний шинжилгээний сорьц ирсэн. Энэ нь ямар учиртай гэхээр, батлагдсан тохиолдол маань шинж тэмдэг илэрснээс хойш халдвар тархах, дамжуулах магадлал өндөр байдаг тул хэд хоног харж байж халдвар дамжсан бол вирус өвчтний биед өсөж, үрждэг. Тиймээс 4-5 хоногийн дараа шинжилгээ хийж нягтална. Бид маш богино хугацаанд ойрын хавталуудыг хяналтад авсан. Франц иргэний биеийн байдал тогтвортой байна гэж хянаж, эмчилж байгаа эмч мэдэгдлээ.