Хамаг бүхэн хаалгаа барьсан энэ өдрүүдэд гар дээрээс худалдаа эрхлэгчид болон түрээсийн байртай, аж ахуйн нэгжүүдийн орлого, зарлага, худалдаа үйлчилгээний борлуулалт ямар байгааг сурвалжиллаа.

Дэлгүүр, цайны газар, үсчин, гоо сайхан...гээд өнөөдрийн олсон орлогоороо маргаашийн түрээсээ төлж, багахан ашгаараа ажилчдаа цалинжуулдаг түрээсийн бизнес эрхлэгчдийн нөхцөл байдал хүндэрч, ажилчдын цалин бүү хэл түрээсийн төлбөрөө дийлэхгүй хэмжээнд хүрснийг тэдний олонх нь учирлаж байна.  

МУБИС, ХI  хороолол, хүнсний I дэлгүүр орчмын төв зам дагуух гудамжуудад хамгийн олон худалдаа, үйлчилгээний газар үйл ажиллагаа явуулдаг. Арга ч үгүй биз. Нийслэлийн хамгийн хөл, хөдөлгөөнтэй хэсэг учраас тэр. Гэвч өдгөө эдгээр гудамж  эл хульхан, ажин түжин байна. Хаяа хаяандаа үйлчлүүлэгчээ хүлээн хийцгүйрэх зөөгч, бармен, тогооч, худалдагч, угтагчид...паб, цайны газар, үсчин, маникюр, хүнсний дэлгүүр гэсэн өнгө алаг хаягтай гурван хаалга тутмын нэг нь цоожтой байгаа нь анхаарал татна. 

Хаалга нь онгорхой ч, үүдэн хэсгээ том буйдангаар тэвхэлж тавьсан нэгэн паб руу шагайж ажиллаж байгаа эсэхийг нь асуухад  гартаа ажлын бээлий өмссөн 30 гаруй насны эр цаад өрөөнөөс толгойгоо цухуйлган ”Манайх ажиллахгүй. Засвар хийж байна” хэмээн хариулав. Түүнээс “Урин цагаар засвар хийх нь алдагдалтай биш үү” гэхэд “Манайх энэ объектын үндсэн эзэд нь. Энэ жил орлого олж чадсангүй. Цаашид ч хөл хорио үргэлжлэх төлөвтэй байгаа учраас энэ сул цагийг ашиглаад засвар хийх төлөвлөгөөтэй байна. Байр түрээслэгчдийн орлого буурсан учраас түрээслэгчид үйл ажиллагаагаа зогсоосон.

Одоо ажиллалаа гэхэд ажилчдынхаа цалинг цаг тухайд нь өгч чадах эсэх нь эргэлзээтэй болсон” гэж тайлбарлав. Цааш явсаар “Ломбард, үсчин, гоо сайхан” гэсэн олон төрлийн хаягтай хаалгаар орвол үүдний жижигхэн зайд  хэсэгт ломбард ажилладаг бололтой. Жижигхэн цонхны дотор талд “Хаалттай, шаардлагатай бол дараах дугаараар холбогдоорой” гэх зурвас үлджээ. Харин цаахна талын танхим руу орвол өөд өөдөөсөө харсан  үсчний зургаан суудал байх ба ганц эрэгтэй үсээ засуулж суух. Харин цаахна хэсэгт гоо сайханч бололтой эмэгтэй, утсаараа оролдож зогсох юм.  Хаалгаар ормогц 40 гаруй насны үсчин эмэгтэй утсаар ярин суух бөгөөд яриагаа дуусгалгүй шууд утсаа таслан, өндийж  “За ямар үйлчилгээ авах вэ” хэмээн ихэд уриалгахан угтав.

Үйлчилгээ авах гэж зорьсон нэгэн биш гэдгийг мэдмэгц бага зэрэг дурамжхан, дуу нь сулраад “Би хоёр сараас хойш ажиллаагүй. Энэ сарын 1-нээс ажилдаа орсон. Нэгэнт орлогогүй цагт дэмий түрээсийн төлбөр төлөөд яах вэ гэж бодоод, гэртээ хүүхдээ харсан юм. Уг нь энэ хавь хөдөлгөөн ихтэй, хүнээр тасардаггүй байсан ч оюутнууд эрт амарч, хөл хорио тогтоосны улмаас орлого эрс муудсан. Манайд долоон үсчин байдаг. Хүн орж ирвэл ээлжээрээ авах журамтай ч одоо нэг нэгнээсээ өрсөх гэж  уралдах нь холгүй л боллоо. Өдрийн 15 мянган төгрөгийн түрээс төлдөг. Дор хаяж хоёроос гурван хүний үс засаж байж түрээсийн мөнгөө төлнө гэсэн үг. Гэтэл өдөртөө ганцхан хүнтэй үе ч бий. Тэгэхээр ашиг олох нь байтугай түрээсээ ч төлж дийлэхгүй хэмжээнд хүрч байна” гэлээ. 

Цааш  явсаар нэгэн паб руу орлоо. Цонхон талын ширээнд хижээл насны эр шар айраг шимэн суухаас өөр зочин байсангүй. Харин зочин угтагчийн хажуугийн ширээнд нэгэн эмэгтэй навсайтал бичиж, тэмдэглэсэн дэвтрийн эрээн хуудсыг хэдэнтээ эргүүлж, тооны машин  точигнуулан сууна. Түүнийг А.Эрдэнэцэцэг гэх бөгөөд тус ресторан, уушийн газарыг зургаа дахь жилдээ түрээслэн ажиллаж байгаа аж. Энэ жил шиг хүнд байдалд орж байгаагүйг тэрбээр онцоллоо. Энэ тухайгаа “Би 38 ам.метр орчим талбайг гурван сая төгрөгөөр түрээслэдэг. Түрээсээ яажшуухан төлнө дөө гэж бодохоор үнэндээ шөнө нойр хүрэхгүй байна. Орлого 50-60 хувь буурсан. Түүгээр нь түрээсээ чүү ай төлж байна. Гэтэл тог цахилгааны зардал, ажилчдын цалин хөлс, банкны мөнгө гээд өчнөөн асуудал бий.

Миний хувьд олон жил энэ газрыг ажиллуулж, найдвартай түнш нь байсан учраас эзэд маань тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлж байгаа нь дэм болж байна. Олон сар ийм байх биш дээ гэж бодоод зүтгэж байна. Түүнээс бидэн шиг жижиг бизнес эрхлэгчид мөнгөтэйдөө болгоод байгаа юм биш. Өөрсдийнхөө амьдралын төлөө төр засгийг царайчлалгүй, түмэн олноос гуйлгүй болгочих санаатай арга сүвэгчилж суугаа хүмүүс шүү дээ. Адаглаад ажиллах цагийн хуваарь сунгавал зүгээр л байна” гэлээ. Үүнээс үзвэл цоожтой хаалганы тоо цаашид ч нэмэгдэж мэдэх нь. Эрсдлээс сэргийлэн үйл ажиллагаагаа түр зогсоосон, түрээсээ дийлэлгүй хаалгаа барьж буй нь ч байх аж. Ямартай ч хаалттай хаалга бүхний цаана санхүүгийн хүндрэл, бизнесийн эрсдэл бий болжээ.

ОРЛОГО 100 МЯНГА, ТҮРЭЭС ХЭДЭН САЯ

Цайны газруудын хувьд нөхцөл байдал бүр ч хүндэрчээ. 13:00 цаг бол үдийн цайны оргил ачааллын үе байдаг. Гэтэл аль ч газрын зоогийн газрууд энэ үеэр ганц нэгхэн хүнд үйлчилж байгааг ам уралдан ярьцгааж байна. УБИС-иас өгссөөр Хүнсний I дэлгүүр орчимд таарах хэд хэдэн цайны газраар орвол өнөөх дүр зураг хэнд ч илхэн харагдах юм. “Сар од” нэртэй цайны газраар орвол эгнүүлэн өрсөн ширээний цаад захад ахимаг насын ганц эмэгтэй хооллон суухаас өөр үйлчлүүлэгч алга. Б.Туяа гэх эмэгтэй энэ газрыг түрээслэн ажиллуулах бөгөөд хөл хорионы хугацаанд сар гаруйн хугацаанд хаалгаа барьжээ.

Тэрбээр “Манайх сард гурван сая төгрөгийн түрээс төлдөг.  Өдөрт 100 -150 мянган төгрөгийн орлого орж байна. Ажиллагаагүй сарын хугацаанд тогны төлбөр 100 мянга гарсан байна. Одоо бүр ч нэмэгдэнэ. Ажилчдаа цалинжуулна, бараагаа татна гээд бодохоор хуруу хумсаа хуйхлахаас наахнуур болж байж өр төлбөрөө өгч байна” гэж ярив. Түрээслэгчдийн нөхцөл байдлын тухай нийтлэл бичих гэж буйд минь ихэд олзуурхан бор зүрхээрээ амьдрал ахуйгаа болгох гэж яваа биднийгээ одоо л дэмжмээр байна шүү хэмээгээд төр засгийн эрх баригчдын сонорт үгийг минь хүргээрэй гэлээ. 

Хотын төвд байршилтай үйлчилгээний газрын түрээс талбайн хэмжээ, зориулалтаас шалтгаалан 1.5 саяас дээш байдаг аж. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэгчээр их багагүй санхүүгийн хямралд орж байгаа энэ үед эзэн, түрээслэгчид итгэлцлийн журмаар түрээсийн хугацааг хойшлуулах, түрээсийн хөнгөлөлт үзүүлэх гэх мэтээр өдөр хоногийг аргацаан, бизнесээ торгоож байна. Тодруулбал, түрээслүүлэгчид түрээсийн төлбөрийг 300 мянгаас нэг сая хүртэлх төгрөгөөр бууруулж, орлогоосоо хамааран түрээсээ хуваан төлөх, хойшлуулах зэрэг уян хатан нөхцөл баримталж байгаа аж. Гэвч ихэнх ресторан, пабын өдрийн орлого 100-250 мянга төгрөг байгаа нь түрээсийнхээ хаана ч хүрэхгүй байгааг түрээслэгчид учирлаж  байлаа.  Ийм байдалтай дахиад хоёр, гурван сар өнгөрвөл хэчнээн байгууллага хаалгаа хааж, бизнес эхлүүлэх гэж авсан зээлийнхээ хүүнээс өндийхгүй өвдөг сөхрөхийг төсөөлөхөд хүндхэн байгааг тэд дайв. 

 

АЖИЛГҮЙ, ОРЛОГОГҮЙ ИРГЭД ӨДӨР БҮР НЭМЭГДСЭЭР

Түрээсийн төлбөр, банкны зээлийн хүүнд толгой гашилж суугаа бизнес эрхлэгчид хямралаас сэргийлэхийн тулд орон тооны цомхотгол хийж эхэлжээ. Ихэнх  газрууд хагас хүчин чадлаараа ажиллаж байгаа учраас ажилчдынхаа тоог цөөлжээ. Зарим удирдлагын хувьд хэцүү цаг үед нэг ч гэсэн хүнийг орлоготой байлгах үүднээс ээлжийн хуваарьт шилжүүлэн, цагийн менежмент хийн ажиллаж байгаа гэнэ. Ингэснээр долоо хоногийн 5-6 өдөр ажиллаж бүтэн цалинждаг байсан хүн хагас цалингаар цалинжиж, зүгээр суухаар зүлгэж суухаас аргагүй нөхцөл байдалд орчихсон байгааг энэ удаад бодит нөхцөлөөс нь сурвалжиллаа. 

Жижгэвтэр цайны газар, уушийн газрынхан тогооч, тооцооны ажилтан гэх хоёр, гуравхан хүний бүрэлдэхүүнд шилжжээ. Тэгэхээр энэ нь зөвхөн түрээсийн бизнес эрхлэгчдийн орлого, зарлагын асуудал биш нэг иргэн, түүний цаадах өрх гэрт санхүүгийн хүндрэл үүсч буй хэрэг юм. Өнөөдрийн нийгэмд банканд зээлгүй, бусдад өргүй хүн ховор. Хувийн бизнес эрхлэгч, ажил олгогчийн орлого муудсанаар ийнхүү  ажилгүйчүүдийн тоо эрс нэмэгдэх хандлагатай байна. 

БУЙДХАН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУД ЗЭЭЛИЙН ХҮҮНД ДАРЛУУЛЖ БАЙНА

Хотын төвийн үйчилгээний газрууд иргэдийн хөл хөдөлгөөн, амьжиргааны түвшингээс хамаараад хоосонгүй байгаа ч төвөөс алсрах тусам нөхцөл байдал хүндэрчээ. Зурагтын хуучин эцэс орчмын хэд хэдэн хүнсний дэлгүүрээр орвол ихэнх  үйлчлүүлэгчид нь өрийн дэвтэрт нэрээ бичүүлэхээс гадна, бичиг баримтаа гэрийнхээ ойролцоох дэлгүүрүүдэд барьцаанд тавьжээ. Өөрөөр хэлбэл, өдөр хоногийг өнгөрүүлэхийн тулд зээлээр хүнсээ залгуулж байна. Автобусны буудал дагуу байрлалтай цөөн хэдэн дэлгүүр л таван төгрөгний орлоготой байгаа тухай худалдагчид нь хуучилж байв. “Хүнсний ногоо, гурил будаа, мах, махан бүтээгдэхүүн” гэсэн хаягтай дэлгүүрт орвол нэгэн эмэгтэй 300 орчим грамм мах худалдан авч байхтай таарав.

Худалдагч эмэгтэй  “Өдөртөө энэ мэтээр хэдхэн килограмм мах зарж байна. Иргэдийн хувьд төмс ногоог ч мөн граммаар нь авч байна. Миний хувьд хамаатныхаа дэлгүүрийг түрээслэдэг учраас сарын түрээсийн төлбөрийн дарамт харьцангуй бага. Гэхдээ бизнес эхлүүлэх гээд өчнөөн мах, ногоо, эргэлтийн бараа хүнээр цалингийн зээл авахуулаад татчихсан. Энэ янзаараа хүнийг ч өрөнд оруулаад, өөрөө ч өрөнд баригдах шинжтэй. Яг ийм байдлаар намар, өвөлтэй залгавал ганц би ч биш жижиглэнгийн худалдаа, үйлчилгээ эрхлэгч олон мянган хүний ахуй амьдрал хэцүүдэх нь” гэлээ. Харин автобусны буудлаас хойшоо хэдэн гудамж өгсвөл, нийтийн байрнуудын дунд байрлалтай хүнсний мунхлаг байв. Энд өмнөх хэд хэдэн дэлгүүрийг бодвол хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Гэвч ихэнх үйлчлүүлэгч нь зээлийн үйлчилгээ сонирхож байгаа нь тодорхой болов. Тус дэлгүүрийг Д.Амартайван гэх айл түрээслүүлэн ажиллуулдаг аж.

Тэднийх өнгөрсөн хавар хотод ирж, бизнесээ эхлүүлжээ. Бага насны дөрвөн ч хүүхэдтэй энэ айл дэлгүүртэй залгаа жижиг өрөөндөө амьдарч, дэлгүүрийн орлогоороо амьдралаа залгуулдаг гэнэ. Гэвч хөл хорио тогтоосны улмаас оюутнууд хөдөө явж, ажил орлогогүй иргэд ихэссэнээр бараа, бүтээгдэхүүн худалдан авах чадвартай үйлчлүүлэгч эрс буурчээ. Энэ тухай тэд “Манай өрийн дэвтэрт хоёр сая орчим төгрөгийн зээл бичигдсэн. Мөн манайх банканд 10 сая төгрөгийн зээлтэй. Гэтэл орлого сайтай өдөр 150 мянга орчим төгрөг ордог. Үүнээсээ эргэлтийн бараагаа татна. Заримдаа бараагаа зээлээр татаж байна. Ашиг байтугай, банкны зээлээ төлөх мөнгө олохгүй байгаа ч хаалгаа хаачихвал байдал бүр ч дордоно гэж бодоод зүтгэж байна. Бидэнд үүнээс өөр найдах орлогын эх үүсвэр байхгүй. Дэлгүүрийнхээ хаалгыг барьчихвал хоногийн хоол, орох оронгүй болно. Аль ч газар ийм л байх шиг байна даа” хэмээн ярив. Тэд өдрийн орлогоо тооцон, ярилцсаар үлдсэн юм. Энэ мэт олны хөлөөс зайдуу үйлчилгээний газрууд нэр төдий нээлттэй байна. 

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН