Улсын Ерөнхий Прокурорын газраас олны анхаарал татсан хэргүүдийн талаар өчигдөр мэдээлэл хийсэн билээ. Өнгөрсөн оны тавдугаар сараас энэ оны долоодугаар сарын 6 хүртэл улс төрд нөлөө бүхий этгээд яллагдагчаар татагдсан 111 хүнд холбогдох 50 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсныг хянаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Үүнээс 36 яллагдагчид холбогдох 18 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн байна.

 

Мөнгө угаах гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэрэг ес байна. Үүнээс хоёр нь шийдэгдэж бусдыг нь хянан шалгаж байгааг нийслэлийн Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат мэдээллээ. Тэрбээр “Нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум, эрүүл мэндийн даатгалын сангийн 134 тэрбум төгрөгийг “Капитал” банканд хадгалуулсан гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа дууссан тул 244 тэрбум төгрөгийг тус банкны эрх бүхий этгээдээс гаргах нэхэмжлэлийн асуудал дээр ЭМДЕГ-ын хүсэлтээр ажиллаж байна.

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд эцэслэн шийдвэрлэсэн Салхитын мөнгөний орд газар дахь хүдрийн баяжмал овоолгыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Эрдэнэс Силвер Ресурс” төрийн өмчит хуулийн этгээдийн хүсэлтээр оролцож нийт 135 тэрбум төгрөгийн байгалийн баялгийг тус компанид олгуулахад төр нийтийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр оролцлоо” гэв.

Түүнчлэн “Жаст групп” компанийн захирал Г.Батхүү нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Олон Овоот гоулд” компанийн нэр дээр байсан ашигт малтмалын хайгуулын долоон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар Ашигт малтмал газрын тосны газарт мэдэгдэл хүргүүлж шийдвэрлүүлсэн болохыг хэллээ. Мөн энэ оны эхний хагас жилд эрүүгийн хэргийн хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан 2.5 тэрбум төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шүүхээр шийдвэрлэсэн болохыг мэдээллэв.

 

 

М.Энх

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин