БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад Хэргийн Сайд Ван И 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхаж, Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцсон билээ. Гэвч Монгол Улсын Засгийн Газрын Хэвлэл Мэдээлэл, Олон Нийттэй Харилцах Хэлтсийн бэлтгэсэн албан мэдээнд уг уулзалтын ярианы товч агуулга багтаагүй юм.

Үүнээс ч болсон уу? Ерөнхий Сайд У.Хүрэлсүх Монгол хэл, бичигтэй холбоотой асуудлыг хөндөн тавьсан гэх албан бус мэдээлэл сошиал орчинд түгэх болов.

Тэгвэл уулзалтын ярианы товчийг Хятадын Төв Телевизийн сайтанд нийтэлснийг орчуулан хүргэж байна.

 

 

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх: "Ван И сайдын айлчлал бол Монгол Улсын шинэ Засгийн Газар байгуулагдсан болон коронавирусын дэгдэлтээс хойш Монголд айлчилсан анхны Гадаад Хэргийн Сайдын айлчлал болж байна" хэмээгээд Монгол Улс энэхүү айлчлалд өндөр ач холбогдол өгч буй нь хоёр орны уламжлалт найрамдал, стратегийн харилцан итгэлцлийг илэрхийлж байгааг тэмдэглэв.

Мөн "Цар тахлын энэ үед Монгол, Хятад хоёр нэг завин дээр сууж байгаа бөгөөд  бие биедээ ч харилцан тусалж байна" хэмээгээд Хятад Улс харамгүй тусламж үзүүлж, урьдчилан сэргийлэх мэдээлэл өгч байгаад талархаж байгаагаа илэрхийллээ.

У.Хүрэлсүх цааш нь : "Монгол, Хятад бол мөнхийн хөршүүд бөгөөд Хятад улстай сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм. Монгол Улс "Нэг Хятад" бодлогыг тууштай баримталдаг бөгөөд хэзээ ч Хятадын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцож байгаагүй бөгөөд цаашид ч оролцохгүй. Монгол Улс Хятадын дотоод, гадаад бүхий л бодлогыг ойлгож, дэмжиж байгаа" хэмээн цохон тэмдэглэв.

Мөн ирэх жил эрх баригч Монгол Ардын Нам (МАН) байгуулагдсаны 100 жил, БНХАУ-ын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ой тохионо. Иймд хоёр тал нам хоорондын хамтын ажиллагаагаа бэхжүүлж, ой тэмдэглэх арга хэмжээ зохион байгуулна гэдэгт итгэж байна гэв. Мөн тэрээр цаашид Хятад улстай бүх талын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шинэ ахиц оруулахыг хүсэж байна гэжээ.

БНХАУ-ын удирдагчид У.Хүрэлсүхэд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөсөн болохыг Ван И уламжлахын сацуу: "Монгол Улс зургаадугаар сард сонгуулиа амжилттай зохион байгуулж, улс төрийн тогтвортой байдлыг хангаж байна. Шинэ Засгийн Газрын удирдлаган дор Монголын ард түмэн шинэчлэлээ үргэлжлүүлнэ гэдэг итгэж байна" хэмээсэн юм.

Мөн Ван И: "Миний энэ удаагийн буй айлчлал нь тахлын дараах үеийн Хятад, Монгол хоёр улсын бүх талын хамтын ажиллагааг бэхжүүлэх явдал юм. Хоёр тал хэд хэдэн чухал зөвшилцөлд хүрлээ" гэв.

Хятад улстай харилцаагаа хөгжүүлэх нь Монгол Улсын урт хугацааны гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байсаар ирсэн бөгөөд энэ нь Монгол Улсын урт хугацааны үндэсний ашиг сонирхолд бүрэн нийцэж байгааг Хятад улс өндрөөр үнэлж байна гэж Ван И өгүүлээд, Хятад улс мөн Монгол Улстай найрамдалт харилцаагаа бэхжүүлэх ажлыг тэргүүлэх чиглэл болгон үргэлжлүүлнэ. 

Хятадын хөрш орны бодлого нь эргэлзээгүй.

Хятад, Монгол хоёр улс мөнхийн хөршүүд бөгөөд иймээс ч үүрд найзууд байх ёстой . Мөн энэ нь зөвхөн хоёр орны удирдагчдын зөвшилцөл төдийгүй хоёр орны нийгмийн бүх давхарга, хүмүүсийн зөвшилцөл байх ёстой" гэв. 

 

Хятад, Монголын хамтын ажиллагаанд асар их хөгжлийн боломж байгааг тэмдэглэхийн сацуу Ван И : Хоёр улс халдварын дараах эрин үед бие биенийхээ хөгжлийг ахиулж, сэргээн хөгжүүлэхийн тулд янз бүрийн салбарт хамтран ажиллах төлөвлөгөөгөө боловсруулах ёстой хэмээв: Мөн: "Бид МАН-тай засаглал, удирдлагын чиглэлээр туршлага солилцоогоо бэхжүүлж, ирэх жил хоёр нам байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэхээр төлөвлөж байна" гэжээ.

Ван И өнөөгийн олон улсын байдал нь төвөгтэй, өөрчлөгдөж болох боловч Хятад, Монгол хоёр улс бие биенээ баттай ойлгож, харилцан итгэж, ялангуяа бие биенийхээ үндэсний бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, нэгнийхээ дотоод хэрэгт  хөндлөнгөөс оролцохгүй байх ёстой хэмээв. Мөн дотоод ажил хэрэг, улс төрийн харилцан итгэлцлээ улам бүр дээшлүүлбэл Хятад-Монголын найрамдал тасралтгүй байх болно гэж онцолсон байна.

 

Эх сурвалж: 

 

https://english.cctv.com/2020/09/17/ARTIOlxs9PM1gQVep0UD3YLu200917.shtml?fbclid=IwAR2dcg1S5PefaeUjZNMpvGvjYWACjLis8vvZQFWI4YiisWMiL6tygRhqKj0