Нүдний эмч Барнуд овогтой Бадамсамбуугийн Батсайхан нь 2021 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, хамт олонд нөхөж баршгүй хүнд гарз тохиосонд гүн эмнэлэл илэрхийлье.

Б.Батсайхан нь 1986 онд нийслэлийн 23 дугаар дунд сургууль, 1993 онд Оросын Холбооны Улсын Эрхүү хотын Анагаах ухааны дээд сургуулийг Хүүхдийн эмч – Нүдний эмч мэргэжлээр төгссөн юм. Ажлын гараагаа 1993 оноос Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн (хуучнаар Эх нялхсын эрдэм шинжилгээний төв) Нүдний мэс заслын тасагт эхэлжээ. Хожим 2007 оноос өөрийн үүсгэн байгуулсан “Бат мэлмий” хувийн эмнэлэгт ажиллаж байсан туршлагатай.

Анагаах ухааны их сургуулийн Төгсөлтийн дараах сургалтад 1997 онд хамрагдаж, нүдний эмчийн ахлах зэрэг эзэмшсэн бөгөөд ажиллах хугацаандаа эмнэлгийн мэргэжилтний баримтлах ёс зүйн хэм хэмжээг сахин мөрдөж, мэргэжлийн алдаагүй ажиллаж байв. Энэ хугацаанд Архангай, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл, Дорноговь зэрэг аймгийн хүн амд нүдний төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг чанартай, жигд, хүртээмжтэй хүргэж ажиллажээ. Манай улсад анх 1989 онд ирсэн Нүдний нисдэг эмнэлэг “Orbis” багтай 1996, 1998 онд, “SEE International” байгууллагын төлөөлөгчидтэй 1996-1998 онд хамтран ажиллаж, ОХУ-ын Эрхүү хотын зөвлөх эмч, дэд доктор В.Г. Ульдановын 1996-1999 оны лекц, сургалтад оролцон мэдлэг туршлагаа дээшлүүлж байсан болно.

Мэргэжлийн эмч нартай хамтран УКТЭ, УКГЭ, УБТЗ-ын Төв эмнэлэгт нүдний эмгэгтэй өвчтөнд нүдний нөхөн сэргээх бичил мэс засал, Гэмтэл согогийн эмнэлэг, Сүрьеэгийн эмнэлэгт өөрийн мэргэшсэн сэдвээр үзлэг, оношлогоо, зөвлөгөө өгдөг байжээ. Давхардсан тоогоор нийт 32,820 гаруй өвчтөн үзэж, эмчилж, мэс засал хийн эдгэрүүлсэн байна.

Б.Батсайхан нь нүдний ховор тохиолдох эмгэгийг ялгаж оношлоход мэргэшин, “Монголын хүүхдийн торлог, судас бүрхүүлийн сөнөрлийн үеийн мэс заслын эмчилгээний асуудал” сэдэвт судалгааны ажил эхлүүлж, мэс заслын арга, ажилбар, аргачлал, зөвлөмж санаачилж байсан юм.

Ажиллах хугацаандаа хамт олон, бусад мэргэшлийн эмч нартай хамтран нэг баг болон идэвхтэй ажиллаж байсан түүнийг шударга, төлөв даруу зантай, хамт олныхоо дунд нэр хүндтэй, мэргэжлийн ур чадвар өндөр, ажилдаа дур сонирхолтой хэмээн мэргэжил нэгт нөхөд нь үнэлдэг билээ.

Түүний хүн нэг бүрийн эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг эдлүүлэх, мэлмийгээр нь ертөнцийг тольдуулахын төлөө эрүүл мэндийн салбарт оруулсан нөр их хөдөлмөр зүтгэл, үлгэр дууриалал, хийсэн бүтээсэн бүхэн, нямбай, уртай, ажилсаг, хичээнгүй гэгээн дүр нь бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно. Ум сайн амгалан болтугай!

Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд нь