Л.АЛТАНХИШИГ

Цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээний хүрээнд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин, урьдчилан сэргийлэх үүднээс нийслэл болон зарим орон нутгийн нэгдсэн эмнэлэг, төрийн байгууллагууд ээлж дараалан ухаалаг ариутгалын хаалга суурилуулж байна. Тус хаалга нь автомат халуун үзэгчтэй. Тодруулбал, хүн ирэхийг өөрөө мэдэрч 50 см зайнаас хүний царай уншиж гурван секундийн дотор мэдрэн тухайн хүний халууныг хэмждэг. Мөн ариутгалын тусгай шингэн бодисыг мананцар болгон озоны хий болгон хэт ягаан туяагаар ариутгал хийх зориулалттай тул ухаалаг ариутгалын хаалга гэж нэрлэх болсон. Гэтэл эрүүл мэндийн салбарын зарим мэргэжилтнүүд энэ ухаалаг ариутгалын хаалга коронавирусийг танихгүй бас устгахгүй. Өөрөөр хэлбэл, ач холбогдол багатай. Вирус хувцасны гадна наалдах нь бага байдаг.

Харин “Ковид-19” амьсгалын замаар тасралтгүй ялгарч байгаа. Тиймээс өндөр үнээр ийм төхөөрөмж авахын оронд шинжлэх ухаанчаар хандаж гар халдваргүйжүүлэгч, амны хаалтад мөнгө зарцуулах нь энгийн, үр дүнтэй арга гэдгийг сануулж олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан мэдээлж байна. Манай сурвалжлах баг зарим төрийн байгууллагаар орж ухаалаг ариутгалын хаалга хэдэн төгрөгөөр авсан, яаж ажиллаж байгааг тодрууллаа. Төрийн албан хаагчидтай холбоотой хэрэг маргааныг шүүн тасалдаг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх орсон юм. Тэнд иргэдийн хөл хөдөлгөөн их байв. Тус шүүх рүү гаднаас орж ирэх иргэд биеийн температур мэдрэх хаалганы өмнө халуунаа хэмжүүлж, тусгай уураар хувцасаа ариутган цааш нэвтэрч байсан юм. Албаны эх сурвалжаас ухаалаг ариутгалын хаалга хэдэн төгрөгөөр авсан болохыг лавлахад. Шүүхийн ерөнхий зөвлөл төсөв гарган долоон сая 800 мянган төгрөгөөр худалдан авч тус шүүхэд байрлуулсан гэх хариултыг өгсөн юм.

Мөн Ашигт малтмал, газрын тосны газарт очиж тайлбар авсан. Олон үйлдэлтэй халдвараас сэргийлэх хаалгыг байгууллагын төсвөөс хөрөнгө гарган есөн сая төгрөгөөр авчээ. Бидний орсон зарим төрийн байгууллагууд ухаалаг ариутгалын хаалгаа бүрэн ашиглаж чадахгүй байгаа нь анзаарагдсан. Тухайлбал, иргэдийн гадуур хувцсыг ариутгах хэт авианы ариутгалын шүршигч нь ажиллахгүй байв. Учир нь ариутгалын тусгай шингэн бодис нь хурдан дуусдагтай холбоотой юм байна. Өдөрт 20 литр бодис найруулах шаардлагатай болдог. Нэг цэнэглэхэд 52 мянган төгрөгийн зардал гардаг аж. Мөн эвдрэл гарсан тохиолдолд хэн, яаж засварлах нь тодорхойгүй байлаа. Төрийн байгууллагууд ээлж дараалан татвар төлөгчдийн мөнгөөр худалдан авч байгаа ухаалаг ариутгагч хаалга нь гангаар хийсэн, цэнхэр гэрлийн ариутгал, автомат шүршигчтэй, халтиргаанаас хамгаалах, хэт улаан туяаны индукцийн шүршигч системтэй, халуун хэмжих, монгол тайлбартай зэрэг олон давуу талтай юм билээ. Гэвч эхнээсээ зориулалтын дагуу ашиглаж чадахгүйд хүрч байгаа нь нууц биш. 

Зориулалтын дагуу ашиглагдалгүй зогсож, амсхийдэг нь “зоос”-той холбоотой гэсэн үг. Халдвараас сэргийлэх тус хаалга хамгийн багадаа долоон сая төгрөгийн үнэтэй. Дээр нь шатахуун их зарцуулдаг машин шиг өдөр бүр 52 мянган төгрөгийн ариутгалын шингэн хийх шаардлагатай гээд бодохоор төсвийн мөнгө ухаалаг хаалганд зарцуулагдан ус шиг урсахад ойрхон байна. Учир нь ирэх саруудад хичээл сургууль танхимаар хичээллэх төлөвлөгөө бий. Энэ сургаар зарим их дээд сургууль ариутгалын хаалга суулгаж эхэлсэн байна.

Цаашид энэ нь жишиг болоод дунд сургуулиуд ч худалдан авч тавихыг үгүйсгэхгүй. Богино хугацаанд гадаргуу дээрх нян вирусийг устгах, ариутгах хаалгыг АНУ, БНХАУ-д үйлдвэрлэж байгаа. АНУ-д үйлдвэрлэсэн нь монгол төгрөгөөр хамгийн багадаа 20 сая төгрөг. Харин БНХАУ-д үйлдвэрлэсэн нь 7-10 сая төгрөгийн өртөгтэй юм байна. Зарим улс орон коронавирусийн халдварын улмаас учирсан эдийн засгийн хохирлоо нөхөх зорилгоор олон шинэ санаа дэвшүүлж шинэ техник, технологи нэвтрүүлж улмаар зах зээлд нийлүүлж эхэлсэн. Үүнийг зарим судлаачид коронвирусийг ашиглан бизнес хийх арга гэж нэрлэж буй. Харин манай улс цаашид ариутгалын энэ хаалгыг зуу зуугаар нь олон газар суулгах тусам төсвийн мөнгө үргүйдэж, өндөр зардал гарах эрсдэлтэй байна. Учир нь зөвхөн нийслэл гэлтгүй аймаг, сум бүр ариутгалын хаалга заавал авах ёстой юм байна гэсэн төсөөлөлтэй болж, цөөнгүй аймаг эхнээсээ захиалж авчран суурилуулахаар зэхэж буй сураг байна.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН - npost.mn