Эрхэм Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг танаа, эргэцүүлэн дайх үгс

 

Монгол  Улсын  гавьяат  эдийн засагч, профессор Э.Бямбажавын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт бичсэн захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

           Эрхэм Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг танаа,

 

Таны Өдрийн сонины 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 013 дугаарт гарсан “ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгод эргэцүүлэн дайх үгс” нэртэй нийтлэлийг уншаад ахмад хүний хувьд өөрийнхөө санаа бодол, магадгүй шүүмжээ үүгээр илэрхийлж байна.

Таны энэ захидал өгүүллийг уншаад өөрийн чинь бичсэнээр чадамжтай, боловсролтой залуу бүсгүй Б.Солонгоо-оор ч зогсохгүй, амьдралын 80 гаруй жил туулж социалист, капиталист нийгмийн үед багагүй хариуцлагатай алба хашиж, сайн мууг сонсож, үзэж явсан, одоо бас сонссоор байгаа өвгөн би ч бас багагүй айлаа. Яахаар та ингэж хүн аймаар, ажил хийх эрмэлзэл зоригийг мохоохоор бичнэ вэ? Сайханбилэг Ерөнхий сайд асан та хэнд юу хэлэх, юу захихаа мэддэг хүн шүү дээ. Зөвхөн өөрийнхөө санаа бодол, ойлголтоо зөвтгөхийн тулд бусдын ажил хийх, тэр тусмаа төрдөө зүтгэх хүсэл зоригийг ийнхүү мохоож болмооргүйсэн.

Жишээ нь: Та “.....Дубайн Гэрээ гэгчид Монголын засгийн газар, Рио Тинто компанийн хүлээх үр өгөөжийн харьцааг “53:47 байна” гэж анх удаа хоёр талаасаа хүлээн зөвшөөрч бичгээр үйлдсэн байгаа... гээд энэ нь 2010 оны ТЭЗҮ-д тооцсон тооцоололтой нийцэж байгаа” гэж батлан бичжээ. Танаас асуухад 53:47 гэдэг нь талуудын хатуу үүрэг гэж бодож байна уу? Дубайн гэрээ гэгчид “тойм тооцоо, баталгаа гаргахгүй” гэсэн бий. Одоогийн байдлаас үзэхэд энэ бол хоосон тоо, ямар ч баталгаа нотолгоо байхгүй. Хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, таны итгэн үнэмшиж гарын үсэг зурах, зөвшөөрөл олгосон “Дубайн гэрээ” гэгчид дээрх тоог баталгаажуулах, нотлох заалт, тоо хэмжээ, нөхцөл байхгүй. Хэрэв та “Монголд үр ашгийн 53% ногдох нь гэж ойлгосон, болж байна” гэж итгэсэн бол дээрх баримт бичгийн аль заалтаар хичнээн хэмжээний зэс алт, бусад ашигт малтмалаар ямар үнэ, өртөг зардал, хөрөнгө оруулалтаар тооцоолол хийж 53% нь Монголын үр ашиг гэж нотлуулсан бэ?. Эдгээр тоо хэмжээ, тооцоолол нь гэрээний аль заалтаар хичнээн, юу, хэд гэж зааснаар батлагдаж байгааг шалгуулахгүй яасан бэ? Танд сайн тооцоо гаргаад шалгаад үнэн бодит үр дүнг хэлээд, зөвлөөд өгөх хүмүүс Монголд зөндөө байсан.

 

Та 53% гэхээр тэгээд “анх удаа”  /анх удаа ч биш л дээ урьд нь 56:44 гэж байсан/ гэж ойлгосон болохоор гэрээний үүрэг, заалтаар баталгаажаагүй тоо, танилцуулгад та мэдэж, эс мэдэж хууртагдсан болохоо ойлгох нь чухал. Тухайн тооцооллыг гаднын хоёр компани, Монголын Б.Бямбасайхан, Д.Ганболд, Ч.Отгочулуу нар нотолсон тухай та бичсэн байна. Тэгээд энэ компани, хүмүүсээс уулзаад мэдээлэл авах хэрэгтэй гэж зөвлөжээ.

 

Уучлаарай, ийм мэдээлэл материал тооцоолол нь Оюу Толгойн материалд үдээстэй, улсын байгууллагын архивт хадгалаастай хэн ч хэзээ ч үзсэн бэлэн байх ёстой болохоос хэн нэгнээс сураглаж мэддэг зүйл бус. Таны тэр 53:47 гэсэн тооцоолол худлаа болох нь Оюу Толгойн арав гаруй жилийн бодит амьдрал дээр нотлогдоод байна. Дээрх 53:47 гэдэг нь нотолгоогүй байжээ гэдгийг та “…манай засгийн газарт 2051 он хүртэл ногдол ашиг өгөхгүй, орлогын албан татвар бараг төлөхгүй, тэгээд дээрээс нь Засгийн газрыг 22 тэрбум долларын өрөнд орно” гэсэн Рио Тинтогийн тооцоолол үндэслэлгүй, 66 тэрбум долларын өрөнд орох төслийг олон улсад хэн ч санхүүжүүлэхгүй гэж тодорхойлоод, 53:47 гэдэг нь хоосон тоо байж гэдгийг хүлээн зөвшөөрчээ гэж таны бичсэнээс ойлгогдож байна.

Та Оюу Толгойн гэрээнүүдэд заасан 30+20+20 нийт  50:70 жилийн эцэст Монголд 53%-ийн үр ашигтай гэж /Рио шиг/ буй бол, ёстой эрхэм дүү минь, уучлаарай гэмээр байна. Хөрөнгө оруулалтын үр дүнг ТЭЗҮ-ийг үндэслэн хөрөнгө оруулалтаа нөхөөд, цааш нь хэдэн жил талуудад цэвэр ногдол ашиг өгөх хугацаагаар /Оюу Толгойд бол дээд тал нь 30 жил анхны гэрээ/ тооцдог. 50-70 жилийн дараа Оюу Толгой Монголд юу өгөхийг тооцох мэдээлэл, зах зээлийн үнэ, тэр үеийн өртөг зардлыг хэн ч хэлж, тааж чадахгүй. Хийсвэр таамаг болно. Харин эхний 30 жилээр /гэрээнд заасан/ тооцоод, үр ашиг нөхцлөө тохирсон бол арай л дээр, итгэлтэй байх байсан болов уу?

Та хэрэв 53:47 гэдэгт итгэсэн, одоо ч итгэсээр байгаа бол Рио Тинто-той “бидний тооцсон үр ашгийн хувь өөрчлөгдөхгүй, хөрөнгө оруулалт өсөхөөр бол та нөхөд зөрүүг нь өөрсдөө хариуцна” гэж тохирохгүй яасан юм бэ?. Танаас, уучлаарай, дараах хэдэн зүйлс асуумаар, зөвлөгөө авмаар /гэрээний заалтын дарааллаар/ байна.

 

      Нэг. Хөрөнгө оруулалтын гэрээ

 

Таны нөхөд болон та, Монгол Улсын бүх татвараа (газар, ус, зам ашигласны болон бууны, нохойны гэх мэт татвар төлбөр бүгдийг хамаарсан) нийт 70 жилээр /30+20+20жил/ тогтворжуулсан заалттай гэрээ байгуулсан атлаа 30,40,50,60 жилийн дараа Монгол Улсад одоогийн татварууд хэвээрээ байх юм шиг яаж тооцож батална вэ? Татварын тогтворжуулалтыг ТЭЗҮ-д хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаагаар /ядахдаа 15-20 жилээр/ яагаад тохирсонгүй вэ?. /Гэрээний 1.3, 2.1.4, 2.1.6, 2.1.7, 2.7,2.21, 2.33, 1.5, 1.11, 3.2, 3.5, 2.21, 2.33, 3.18, 7.19.4, 18-н a, b, d зэрэг заалтууд/. Та Ерөнхий сайд болчихоод ийм шаардлага тавьж байсан уу? Танд ийм өөрчлөлт оруулах санал ирсэн л байх.

Оюу Толгой компани нь бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд борлуулан ихээхэн орлого олдог боловч бүтээгдэхүүнээ ямар үнэ, нөхцлөөр борлуулж байгааг 34% эзэмшигч мэддэггүй, хамтарч худалдаа хийдэггүй, түүнд мэдээлэл өгдөггүй нууц гэдэг, орлого нь Оюу Толгой компаний дансаар бүрэн дамждаггүй, Оюу Толгой компаний үйл ажиллагаа нь Монголын Засгийн газар /34% эзэмшигч/, ТӨК, ард иргэдэд ямар ч мэдээлэлгүй байгаа зэргийг зохих ёсоор нь болгох талаар Дубайн гэрээний үед та яагаад ажиллаагүй вэ?. /Гэрээний 9.10.1, 9.10.2, 9.10.3 болон бусад олон заалтууд/  Эсвэл та “улсад зүтгээд чардайгаад хэрэггүй” гэдгээрээ хандсан уу?

Рио Тинто-д хөнгөлөлттэй нөхцөл олгосон гэрээг мөрдөх хугацаа хэт удаан, ядахдаа 30 жилийн дараа талууд 50:50 харьцаагаар хувьцаа эзэмших, гэхдээ Рио Тинто нь 16%-ийг Монголд үнэ төлбөргүй шилжүүлэхийг /элдэв болзолгүйгээр/ зааж болоогүй юу?. Тэрчлэн татварын тогтворжуулалт, элдэв хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбогдсон заалтуудыг 30 жилийн дараа хүчингүй болгоод, цаашид хэвийн нийтийн адилаар ажиллахыг яагаад заагаагүй юм бэ?. Элдэв хөнгөлөлт, чөлөөлөлт, улс доторх улс шиг тусгай нөхцлийг /30 жил  дээд тал нь/ хэрэглээд хангалттай гэдгийг яагаад яриагүй, гэрээнд заагаагүй вэ?. /30 жилийн дараа хүчингүй болговол зохих гэрээний 1.3, 2.1, 2.13, 2.16, 2.18, 2.20, 2.22, 2.27, 2.30, 2.32 дахь заалтууд/

 

Хоёр. Хувь нийлүүлэгчдийн гэрээ

 

Хувь нийлүүлэгчдийн болон ТУЗ-ийн шийдвэрийг дийлэнхи олонхийн саналаар шийдвэрлэхээр /гэрээний 5.8 ба 5.10 заалт/ зааснаас болж Монголын оролцоо бараг байхгүй болсон, эрх мэдлээ эдлэх боломжгүй гэдгийг та яагаад ярьдаггүй юм бэ?. Олонх шийддэг байж болох ч шийдвэрийг зөвшөөрсөн заалтад заавал 2 талын төлөөлөл байхыг заадаг олон улсын нийтлэг зарчмыг Оюу Толгой компанид яагаад хэрэглээгүй вэ? Мөн менежментийн багийг Рио Тинто ганцаараа тодорхойлж ажиллуулахаар /7.2-ын а,б заалт/ заасан нь хэт өрөөсгөл, нөгөө тал нь /34% эзэмшигч/ ямар ч оролцоогүй, эрх мэдэлгүй болгосон. Яагаад хамтраад, ярилцаад менежментийн багийг ажиллуулж болохгүй байна вэ? гэдгийг та Дубайд ярьсан уу? Эдгээр журмаас болж олон нийт, иргэд шүүмжлэлтэй хандаж, элдэв яриа, хэл ам, гомдол, хардалт их байгааг та Ерөнхий сайд байхдаа сайн мэддэг,сонсдог, санаа зовдог байсан нь мэдээж шүү дээ. Үүнийг Дубайн гэрээ гэгчээр засахгүй яасан бэ?.

 

Менежментийн багийн төлбөр / 7.4 ба 7.3 заалт/ -ийг үндсэн хөрөнгийн зардал, үйл ажиллагааны зардлын нийт дүнгээс бодож олгохоор заасан нь аль болох хөрөнгө оруулалтыг элдэв аргаар нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн зардлыг ихээр өсгөн гаргах замаар багийн орлогоо /ажлын хөлсөө/ боломжит хэмжээгээр их болгох хөшүүрэг болохоор журам тогтоосныг та Дубайн гэрээгээр яагаад өөрчлөөгүй вэ?. Менежментийн багийг аль болох их зардал гаргаснаар бус, их орлого олсноос нь хамааруулан урамшуулсан ажлын хөлсний системтэй байх нь зүйтэй, чухал хөшүүрэг болно гэдгийг та тун ч сайн мэднэ дээ. Бизнес ухаантай танд байтугай хөгшин санхүүч би ч гэсэн их зардал гаргавал чамд их хөлс олгоно гэдэг тогтолцоо буруу болохыг мэднэ. Рио Тинто өөрийн томилсон менежментийн багт ямар ч аргаар хамаагүй нөгөө талын зөвшөөрсөн аргаар их хөлс олгоно гэсэн  хардлага гэж хэн ч хэлэх байх.

 

Оюу Толгойн орд, ХОГ, ХНГ, холбогдох эрхүүд, ашигт малтмалын бүх зөвшөөрлүүд, Оюу Толгой компаний хөрөнгийг  барьцаалан авсан зээлээсээ Монголын талын 34%-д Рио Тинто зээл болгон олгохдоо /гэрээний 9,10,11.2 ба 11.3, 11.4, 12, 13 дахь заалт/ хөрөнгө оруулалтын санхүүжилт, үйл ажиллагааны зардлыг хольж менежментийн багийн шаардсан “мөнгөн хөрөнгө” /3.1 заалт/ гэгчээр нэмэгдүүлж хувьцаа гаргах, зээл, өр болгох, хүүгээс хүү давхар давхар бодох, АНУ-ын хэрэглээний үнийн индексээр өсгөх гэх зэрэг олон арга, давхар тооцоогоор маш өндөр /доод тал нь 9.9 %/ хүүтэй зээл олгохоор энэхүү гэрээнд заасныг /гэрээний заалт 11.3, 9.1/ та анзаараагүй байсан ч таны дээр нэрлэсэн Ч.Отгочулуу (уг нь овоо залуу гарч ирж байснаа сүүлийн үед эвдэрч, улс төржсөн зүйлийг эдийн засагтай хольж хутгаад буй) Д.Ганболд, Б.Бямбасайхан нар танд танилцуулж зөвлөсөн л баймаар юм даа. Яагаад ийм их өндөр үнээр зээл авахыг зөвшөөрсөн бэ?. Дубайн гэрээгээр  өөрчлөх ёстой заалт энэ байсан бус уу?

Оюу Толгой компани нь зэсийн баяжмал болон бусад бүтээгдэхүүнээ борлуулсан орлогоороо зардлаа нөхдөг аж ахуйн байгууллага атлаа үйл ажиллагааны зардал нэрээр нэг хувь нийлүүлэгч нь нөгөөдөр өндөр хүүтэй (Liber +6,5%) зээл олгосон гэж ТӨК-ий өрийг нэмэгдүүлж байгааг та яагаад хориогүй вэ? Дубайн гэрээг та тохирч байх үед Оюу Толгой компани жилд 700-800 мянган тонн зэсийн баяжмал экспортлож, 2.5-3.0 их наяд төгрөгийн орлого олж байсныг та мэддэг байсан нь лав. Ийм том аж ахуйн байгууллага нь үйл ажиллагааны зардалд өндөр үнэтэй зээл заавал авах уу? Суугаа орны дотоод зарчмаар шийдэх зүйл шүү дээ. Ийм шударга бус заалтыг та яагаад өөрчлүүлээгүй юм болоо?. /заалт 9,10,11/

Энэхүү гэрээнд зааснаар /11.12, 13, 14, 15, 16 ба 18 дахь заалт/ Монголын талд ойрын 30-40 жилд ногдол ашиг ногдохооргүй байсан нь /таны захиа-өгүүлэлд бичсэн Рио Тинто-гийн шинэ тооцоогоор 2051 он хүртэл/ таныг Дубайд хэлэлцээр хийж байхад тодорхой болчихсон, Монголын болон гадаад зарим орны хэвлэлээр бичсээр /би ч бичсэн/ байхад хэдийд нь яаж Монголд 53%-ийн үр ашиг нь ногдоно гэсэн хоосон тооцоонд та яаж итгэнэ вэ? Гэрээний заалтаа үзүүлээд тэр дагуу тооцоод үзүүл гэж та шаардаагүй гэж үү? Таны зөвлөхүүд, Сангийн яамныхан Дубайд болон эндээс явахаас урьд ямар тооцоо хийгээд таныг итгүүлээд, яаж та  зөвшөөрчихдөг юм бэ? Гэтэл та одоо ч Оюу Толгойн үр ашиг Монгол, Рио Тинто– 53:47 гэсэн харьцаатай байсан гээд бичээд байгааг юу гэж ойлгох вэ?.

 

 Гурав. “Дубайн гэрээ” гэгч бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөө

 

Энэхүү “төлөвлөгөө” гэж нэрлэсэн баримт бичгийг Талуудын хооронд байгуулан мөрдөж байгаа Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээний хэд хэдэн заалтыг өөрчлөх эрхгүй Туркойс Хилл ресурсес, Ти эйч ар Оюу Толгой зэрэг хуулийн этгээдүүд оролцон байгуулахыг танд хуульчид, зөвлөх нар хууль эрх зүйн үндэслэлтэй баримт бичиг гэж зөвлөсөн үү? Хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээний зарим заалтуудыг энэхүү төлөвлөгөө гэх баримт бичгээр өөрчлөхийг та яагаад зөвшөөрсөн бэ? Та бидний ойлголтоор төлөвлөгөө гэдэг нь зорьж буй зорилт, хийх эрмэлзлэл, хүсэл болохоос урьдах гэрээ хэлэлцээрийг /Засгийн газраас баталчихсан/ өөрчилдөг эрхийн акт бус болохоор ядахдаа нэрийг өөрчилж болоогүй юм уу? Бид чинь мэдлэггүй, чадваргүйгээсээ болоод хүний бичсэн зүйлд “А” үсэг ч засахгүйгээр гарын үсэг зураад байх уу? Энэ “төлөвлөгөө” гэх материалд ямар ч нотолгоо, үндэслэл нь тодорхойгүй олон тоон мэдээлэл оруулсан байх боловч тэдгээр нь Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээний заалтаар баталгаажихгүй байгааг та мэдсэн үү?. Жишээ нь:

Төлөвлөгөөний 2.2-ын b-д Монголын засгийн газар Оюу Толгой төслийн үр ашгийн 53%-ийг татвар, роялтын төлбөр, ногдол ашгийн хэлбэрээр хүртэхээр заасан тооцоог нь та үзсэн үү?. Одоо үзэж болох уу? Монголын төр “Хөрөнгө оруулалтын” 34%-д өндөр хүүтэй, АНУ-ын үнийн индексээр нэмэгддэг зээл авахаас гадна дээр дурьдсанаар Оюу Толгой компаний жил бүрийн үйл ажиллагааны зардлын 34 хувьд мөн өндөр хүүтэй зээлийг ТӨК-д олгохыг та юуг үндэслэн зөвшөөрсөн бэ?. Монголын төрд /ТӨК/ Оюу Толгойн төслийн үр ашгийн 53  хувь ногдох гэдэг нь “50, 70 жилийн дараах үр ашиг” гэвэл доромжлол болно гэдгийг та сайн мэднэ дээ.

Төлөвлөгөөний 3.1-д Монголын эдийн засагт үзүүлэх үр нөлөөг Монголын нутаг дэвсгэрт зарцуулагдах зардлын хэмжээгээр үйл ажиллагааны 7 жилд 9 тэрбум доллар гэж Оюу Толгой компаний өөрийнх нь төлөө гаргаж буй зардлыг яахаар Монголын Засгийн газарт төлөх татварыг санхүүжүүлэхийн тулд гэж нэрлэнэ вэ? Хувь нийлүүлэгчдийн гэрээний заалт, Дубайн төлөвлөгөөний хүснэгтэд заасан тоогоор бол Монголын өр зөвхөн Монголын нутагт гарах зардлаас 4,3 тэрбум доллар болно гэжээ. Та үүнийг хүлээн зөвшөөрсөн юм уу?. Энэ нь Монголд “их үр ашигтай”, төслийн үр ашгийн 53 гаруй хувийг Монгол Улс хүртэх төсөл гэж Монголын олон нийтийн “толгой угаах” гэсэн тооцоолол гэж хардахаар тоо байж гэдгийн та одоо хүлээн зөвшөөрөх үү?

Дээрх хүснэгтэд “Хөрөнгө оруулалтын зардалд ногдох НӨАТ ба бусад татвар 7 жилд 0,6 тэрбум доллар” гэсэн атлаа Монголын Засгийн газарт шууд төлөх төлбөр 7 жилд 2,2 тэрбум доллар буюу жилд 300 сая доллар гэсэн нь хоорондоо их зөрүүтэй, хийсвэр тооцоо гэдгийг та зөвшөөрөх үү?. НӨАТ-ыг Оюу Толгой компани нь татварын тооцооллоор буцаан авдаг. Ийнхүү НӨАТ нь татвар ч биш, зардал ч бус шүү дээ. /Зөвхөн төлсөн, буцаан авсны зөрүү гардаг/. Тооцоолол нотлогдохгүй болохоор Оюу Толгой ХХК-ий 7 жилийн үйл ажиллагаагаар эдгээр компаний бүх удирдлага, менежментийг хариуцагч Рио Тинто ямар хариуцлага хүлээх вэ? Таны санал,  зөвлөмж юу вэ?.

 

Төлөвлөгөөний 3.4-д “Төлбөрийн чадамж сайжруулах механизмын төсөөллийг ОТ ХХК, Туркойс Хилл бэлтгэж Станцын төсөл хэрэгжүүлэх нэгжид өгөх, Айвенхоугийн тал станцад дэмжлэг үзүүлэх эсэх нь станцийн төслийн хөрөнгө оруулагч, зээлдүүлэгчтэй хийх яриа хэлэлцээнээс хамаарахаар зааж, Хөрөнгө оруулалтын гэрээгээр Рио Тинто-н хүлээсэн үүргийг эзэнгүйтүүлж, цахилгаан станц барих асуудлыг шийдээгүй хойшлуулсанаа та хүлээн зөвшөөрдөг бол уу? Оюу Толгой компани нь жилд 150-180 сая доллараар импортын цахилгаан авч байгааг зогсоож Монголдоо энэ мөнгийн оруулахсан гэж та бодоогүй юу?

 

Төлөвлөгөөний 3.5-д Зэс хайлуулах үйлдвэр байгуулах эдийн засгийн боломжийн талаарх судалгааны тайланг ОТ ХХК боловсруулсанаар ХөОГ-ээр түүний хүлээсэн үүрэг биелсэнд тооцохоор энэхүү төлөвлөгөөнд зааж гэрээний заалтыг өөрчилснөө та юу гэж тайлбарлах болоо? Ядахдаа хэвээр нь үлдээхгүй яасан бэ? Монголын эрх ашиг хохирох болно гэдгийг та сайнаас сайн мэднэ дээ.

Төлөвлөгөөний 4.2-д ОТ төслийн ТЭЗҮ-ийг “тодорхойгүй, магадлашгүй хүчин зүйлсийн төсөөллүүдэд тулгуурласан, ОТ-н үйл ажиллагаанд заавал мөрдөх баримт бичиг биш” гэж тодорхойлсон нь Хөрөнгө оруулалтын гэрээг зөрчиж, ТЭЗҮ нь ямар ч эдийн засгийн үндэслэлгүй, хэрэггүй цаас гэсэн утгатай болгосноо та анзаарсан уу?. Аливаа үйлдвэр байгуулахад түүнийг барьж байгуулагч, ашиглагч, төлөвлөгч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, санхүүжүүлэгч, ажиллуулагч, менежмент гүйцэтгэгч бүх байгууллагад удирдлага, чиглэл, мөрдөх баримт бичиг байдаг ТЭЗҮ-ийн зүй тогтнолыг яагаад үгүйсгэсэн юм болоо?

Төлөвлөгөөний 4.4 ба 4.5-д ОТ ХХК-ий 2010-2014 оны 5 жилийн санхүүгийн тайланг 5 хоногийн дотор хүлээн авахыг Сангийн яаманд, Монголын талаас үзүүлсэн татварын хөнгөлөлт нь 646,2 сая доллараас “багагүй” болохыг ажлын 2 хонгийн дотор УТЕГ нь баталгаажуулах “яаралттай” үүргийг тус тус хүлээлгэж Монгол Улсын хууль зөрчсөн, яахаар жил бүр Сангийн яам, татварын байгууллагад тушаах хуультай тайлан тэнцлийг 5 жил өгөөгүй байсан, яагаад жил бүр, эсвэл гэрээг хэрэгжүүлэх явцад үзүүлэх татварын хөнгөлөлтийн 2009-2012 оны тооцоог 4-6 жилийн дараа 2015 онд хийх болсон, яахаар уг хөнгөлөлтийн дүн 646,2 сая доллараас бага байж болохгүй, заавал илүү байх үүргийг татварын байгууллага хууль зөрчсөн байсан ч баталгаажуулах ёстой вэ? гэдгийг та тэр үед нэлээн бодсон байх. Яагаад аливаа компани нь тухайн улсын санхүү, татварын байгууллагатай хуулийн дагуу жил бүр хийдэг санхүүгийн тайлан, татварын тооцоог Засгийн газраас үүрэг авч гүйцэтгэх болов оо гэсэн асуултуудад та хариу өгөх үү? Хэрэв энэхүү “төлөвлөгөө” гэх баримт бичгийг хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээтэй дүйцүүлж, урьд жилүүдэд хийгээгүй ажлаа, эсвэл зөрчил гаргаснаа энэ төлөвлөгөө гэгчээр дээрх 2 гэрээний заалтыг өөрчилж байгааг зөвшөөрөх үндэслэл нь юу байсан бэ? Татварын хөнгөлөлт (урьд оны) нь 646,2 сая доллар болсон бол энэ хэмжээгээр Монголын төр (ТӨК)-өөс ОТ ХХК-д оруулсан хөрөнгө мөн хэмжээгээр нэмэгдэх асуудлыг яагаад тавьж хэлэлцүүлж шийдээгүй вэ? Энэхүү 642,2 сая доллар нь Оюу толгойн төслийн хөрөнгө оруулалтад хэн оруулсан хөрөнгө болох, түүнд ногдох хувьцаа хэнийх  байх  вэ? Төлөвлөгөөний 5.5 заалтад Төслийн санхүүжилт, үндсэн үйл ажиллагааны мөнгөн орлогоос илүү  хөрөнгийг Оюу толгой ХХК өөртөө  бус, Рио Тинто группийн  тайлан тэнцэлд түр бүртгээд (хадгалаад) дараа нь буцаан авахдаа Рио Тинто-ийн баталгааны шимтгэл гэж санхүүжилтийн үндсэн дүн, хүү, шимтгэл, төлбөрийн нийт дүнгээс 1,9%-иар тооцож төлбөр төлөхөөр заасныг та үндэслэлтэй гэж үзсэн үү?

 

Бусдын хөрөнгийг хадгалсан бол Рио Тинто нь ОТ ХХК-д төлбөр төлөх атал Рио Тинто-д ОТ ХХК нь шимтгэл гэж төлбөр  (80 сая доллар) төлөх үндэслэл юу болохыг та хэлэх үү? Үүний оронд уг хөрөнгийг ОТ ХХК өөртөө бүртгэж өөрөө хадгалвал ядахдаа бусдад шимтгэл төлөхгүй бус уу? Энэ нь орлогоо, татвараа нуух нэг арга болохыг та анзаарсан уу?

 

 Төлөвлөгөөний 5.6-д Монголын Засгийн газар нь зээлийн барьцаанд Оюу  толгойн уурхайн ашигт малтмалын бүх тусгай зөвшөөрлүүд, ХөОГ, ХНГ-д тусгагдсан бүх эрхүүд, ОТ ХХК-ий үл хөдлөх хөрөнгийг барьцаалахыг зөвшөөрч ОТ-н ордоо барьцаа болгон  баталгаа гаргаж байгаа атал Рио Тинто баталгааны өндөр  шимтгэл авч Монголын тал (ТӨК)  ямарч шимтгэл авахгүй байхаар тохирсоноо та зөв гэж бодсоор байна уу? Монголын орд газар, гэрээ, бүх хөрөнгө, эрх барьцаалсан атлаа баталгааны шимтгэл гэж Рио Тинто-д төлбөр төлөх үндэслэл юу вэ? Энэ заалтаар Монголын тал хэтэрхий  буулт хийж зээл, хүү, шимтгэл, төлбөрийн дүнгээс  1,9%-иар бодож Монголын өрийг өсгөхийг зөвшөөрсонөө та хүлээн зөвшөөрөх үү?

Төлөвлөгөөний 5.5 ба 5.6 дахь  заалтаас үзэхэд  Монголын эзэмшлийн 34%-ийн зохих хэсгийг Монголын олгож буй эрхийн үнэлгээ эзлэх нь зүйд нийцнэ гэвэл та юу гэж үзэх вэ?

Төлөвлөгөөний 6-р зүйлд АМНАТ-ыг зөвхөн зэс, алт, мөнгө зэрэгт төлөхөөр заагаад, бусдыг орхигдуулсан нь ямар учиртай юм бэ? Ядахдаа ХөОГ-д заасан молевдинд АМНАТ төлөхгүйгээр яагаад заасан бэ? Тэрчлэн хүдэр дэх бусад металл, эрдэс бүтцүүдэд ч 30+20+20=70 жилд АМНАТ төлөхгүй байх уу?

 

Дөрөв. Таны бичсэн “... эргэцүүлэн дайх үгс”-ээс айхын учир

 

Дараах захиас, үгсийг та  нэлээд анхаарч бодож бичсэн байх л даа. Тэр чинь залуу боловсон хүчин Б.Солонгоо-г болон Оюу толгой, энэ шиг хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээнд оролцогчдыг, ийм үүрэгтэй ажил хариуцсан хүмүүсийг айлгасан байх. Жишээ нь:

Эрхэм дүү чи (Солонгоо-г хэлж буй) өнөөдөр ч авлига хахууль авсан хардлагад өртөөд буй гэдэгт эргэлзэхгүй байна.  Улсын эрх ашгийн төлөө зүтгэсэн хүмүүст төрийн  нэрийн өмнөөс улс төр ямар “шагнал” өгч шорон оронд томилолт өвөртлүүлдгийг төрийн байгууллагынхан сайтар ойлгож ...

 

Ачааны хүндийг чи үүрнэ, чамд улс төрийн манлайлал  үзүүлэх, асуудлыг шийдэх хүн олдохгүй, зориг зүрх гаргаж шийдэхгүй бол өөрөө мянга чардайгаад ямарч нэмэргүй, үр дүнгүй ажил болоод л өнгөрнө ... маргааш нуруу руу чинь хутгалах зантай хүн нэг бус байгаа .....

 

Эрдэнэт үйлдвэрийнхээс ОТ-д хамаагүй дээр гэрээ (ийм бус гэдгийг хойно би товч бичнэ) хийсэн хүмүүс өнөөдөр шоронд хадагдаад байна.   

 

Хэлэлцээ хийгээд хичнээн ахиц дэвшил гаргасан ч эрхэм дүүг попуудын олон сүрэг хүлээж байгаа..... мушгидаг, шүүмжилдэг сүрэг цөөвөр байгаа гэж мэд.

 

ОТ төслийг эх орондоо яаж чиг ашигтай шийдсэн ч сайнаар бодоход шүүмжлүүлж  хараалгуулна, саараар бодоход “хам хэрэгтэй” болох хувь заяа эрхэм дүүг хүлээж байгаа (ямар аймаар юм бэ? Миний бодоход хэний ч айдас хүрэх байх)

 

Эрхэм дүү энэ асуудлын ард гарахаас өөр аргагүй. Эс зоригловоос, эсхүл эртхэн ажлаа өгсөн нь дээр (???) гэх зэргээр төрийн залуу ажилтанд  Монгол Улсын нэр төртэй Ерөнхий сайд асангаас  захиас, сургаал ч  гэмээр, айлгасан сүрдүүлсэн, ажлаа өгөхийг шаардсан захидал-өгүүлэл бичсэнд  энд, Монголд харамссан хүмүүс олон байгааг та мэдэж сонгож буй байх.  Залуусыг бид ингэж айлгаж сүрдүүлж улсын ажил сайн хийвэл шоронд орно шүү гэж сурталчилж байгааг тань эсэргүйцэж байна. 

 

4.2 Таны захиа-өгүүлэгт зөв зүйтэй захиас, дүгнэлт, сургаал байгааг би үгүйсгээгүй шүү.

 

Өөрт чинь хэвлэлийн хурал хийж, хэрүүлийн сэдэв шиддэг улстөрчид биш, хэлэлцээр, гэрээн дээр ажиллаж хэцүү асуудлыг шийдэж чаддаг (гарц, хувилбар олж чаддаг гэвэл илүү дээр) мэргэжлийн хүмүүс илүү хэрэгтэй.

Арбитрт очилгүйгээр хоёр тал хэлэлцээний  ширээний ард суух хэрэгтэй,  бас шаардлагатай, Засгийн газар, Рио Тинто хаана хаанаа ойлгох цаг иржээ.

Өнөөдрийн эдийн засгийг  хурдан тэлэхэд гадаадын хөрөнгө оруулалт л хамгийн чухал үр дүнг өгнө.

Гадагшаа дуугарч байгаа сувгаа нэг болгох хэрэгтэй. Монголчууд нэгдэж нийлж байж л том гэрээ хэлэлцээр хийж хамтарч чадна.

 

... бид дотроо дандаа хэмлэлдэж, гадагшаа өгөөш өгч, бие биенээ харлуулж, гүтгэж  хорьж цагдаж байснаас гадагшаа нэг хүч болж хэзээ ч  ажиллаж чадаагүй иржээ (сүүлийн 20-30 жилд гэж би хэлнэ)

Таны эдгээр захиас, сургаал одоогийн төр,  засгийн удирдлагад ч, аль ч намын нөхдөд хэрэгтэй, тустай гэдэгт хэн ч маргахгүй байх аа! Би хувьдаа зөв зүйтэй захиас гэж бодно.

Таны энэ захиас-өгүүллэгт буй зарим мэдээллийн буруу ойлголтын талаар товчхон:

Та “Эрдэнэт үйлдвэрийн гэрээг анх хийсэн хүмүүсийн зөвхөн Зөвлөлтийн хэлсэн маш доогуур үнээр баяжмалаа  худалдана, 2003 он хүртэл татвар авахгүй, төсвөөс татаас өгнө гэдэг  заалтууд өнөөдөр бол бараг цаазын ял сонсох байсан биз” гэжээ. Гэтэл бодит үнэн нь:

Эрдэнэт үйлдвэрийн гэрээг анх 1973 онд байгуулаад, 1991 онд өөрчлөн шинэчилж, 2003 оноос компаний хуулиар (үндсэндээ) ажилласан.  Бүтээгдэхүүнээ зөвлөлтийн хэлсэн үгээр бус, зах зээлийн тэр үеийн одоогийнхоос ихээхэн бага үнээр худалддаг байсан. Харин доллар,  шилжих рубль, төгрөг хоорондын ханшийг тэр үеийн албан ханшаар тооцдог нь Эрдэнэтийн орлогыг нэмэгдүүлэхийг шаардаж байсан. Тэр үед (1970-80 оны) Монгол Улсад валют (рубль, доллар г.м) олох үйл ажиллагааг урамшуулах нь маш чухал байв. Эрдэнэт үйлдвэр баяжмалаа худалдаж  валютын орлого олж байсан тул Монголын бусад үйлдвэр, байгууллагын адилаар урамшил болгон рублийг төгрөгт шилжүүлэн тооцохдоо албан ханшаас илүү ханшаар бодож, Эрдэнэт үйлдвэрийн орлогыг нэмэгдүүлж байсан. Үйлдвэр нь хамтын үйлдвэр байхад рубль-төгрөгийн ханшийн зөрүүг зөвхөн Монголын тал төлж байгааг өөрчилж, урамшлыг 50:50 харьцаагаар тооцдог болох, эсвэл албан ханшаар  нь ямар үнээр борлуулж чадаж байна, тэр үнээр нь тооцож байх асуудлыг Зөвлөлтийн талд тавьсаар 1988 онд “Хамтын үйлдвэрийн эдийн засгийн нөхцөл” гэдэг баримт бичгээр шийдэж, дэлхийн зах зээлийн үнийг нь (худалдсан үнэ) рубль, төгрөгийн албан ханшаар тооцдог болсон. Энэхүү ханшийн зөрүүгээр олгох урамшлыг Зөвлөлтийн талаар бас төлүүлдэг болгохын тулд төсвийн татаас  нэг тал нь төлдөг гэсэн үндэслэл гаргаж байснаас татаас олгодог гэсэн ойлголт гарсан юм. Эрдэнэт үйлдвэр татвар төлдөггүй байсан гэдэг нь эндүүрэл. Харин байгалийн нөөцийн төлбөрийг 1991 оноос төлдөг болсон.

 

... ОТ дээр Эрдэнэтийн гэрээнээс хамаагүй дээр гэрээ хийсэн ... “гэж таны бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 1973 оны гэрээг тохиролцсон хүн биш боловч 1991 оны гэрээг гардан тохиролцсон. Зах зээлийн эдийн засагт шилжсэн хүнд үед (одоо ч Эрдэнэт үйлдвэр Монголдоо хамгийн их татвар төлөгч) Монголыг “Эрдэнэт үйлдвэр аварсан”  гэж товчоор хэлж болно.  ОТ бол Эрдэнэтээс 4-5 дахин их, гэвч гэрээнүүдийн  дээрх  наад захын асуудлыг шийдэхгүй бол 20,30,50 жилийн дараа ч ОТ Монголыг Эрдэнэт шиг аварч чадах  бол уу даа?

 

Та “өнөөдөр хөршөөсөө асуухгүйгээр хүмүүсийнхээ цахилгаан,  дулааны мөнгийг даах шийдвэр гаргах боломж бүрджээ”  гэсэн нь бас л эндүүрэл. Ард иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдэхдээ миний мэдэх 1965 оноос хойш хэзээ ч  хөршөөсөө Монгол улс зөвшөөрөл авч байгаагүй юм шүү дээ.

 

Тав. Эрхэм ерөнхий сайдаас хүлцэл өчихийн учир

 

Таны “... эргэцүүлэн дайх үгс” гэсэн захиа-өгүүлэлд бичсэн зүйлсийн талаар танд хандах болсны учир нь би хувь хүний хувьд, эсвэл өөр намын гишүүний хувьд таны бичсэнийг эсэргүйцэж, эсвэл танд дургүйдээ бус, харин Монголын ард түмний өнөөгийн болон ирээдүйн амьдралд маш чухал эерэг нөлөөтэй, дэлхийд ч томд тооцогдох  Оюу толгой гэх том ордын ашиглалтын хувь заяанд санаа зовнин эх орныхоо хөгжил гэж хэнхэглэн зовж суудаг хөгшин би ямарч улс төржилт, ямарч  цаашдын “таны бичсэнээр хор уршигтай” санаа бодолгүйгээр санал бодлоо солилцох, таны санал, захиас, сургаалыг сонсож, зарим асуудлаар саналаа хуваалцахыг хүссэнээс өөр зүйл байхгүй гэдгээ чин үнэн сэтгэлээсээ илэрхийлж хүлцэл өчиж байна. Таны үнэтэй цагийг үрж, олон зүйл асууж байгаадаа уучлалт хүсье.

 Оюу толгойн гэрээний талаар өвгөн би саналаа урьдах болон өнөөгийн Засгийн газарт хэвлэлээр болон шууд өөрсдөд нь илэрхийлсээр байгаа бөгөөд дээр танаас асуусан зүйлс болон гол гурван хэлэлцээр, гэрээний талаар бичдэг, саналаа илэрхийлдэг. Би Оюу толгойн уурхайн ашиглалтыг, түүний  гэрээ хэлэлцээрүүдийг эсэргүйцэгч биш, харин таны бичсэнээр “хоёр тал хэлэлцээний ширээнд сууж, харилцан хүлээн авах боломжтой, хоёр талд адилхан ашигтай байхаар уг ордыг ашиглах, арга нөхцөл, гарцыг олох, хэлэлцээрт зохих  өөрчлөлт, нэмэлт оруулан цаашид улам өрнүүн ажиллуулах нь зүйтэй гэж үздэг өвгөн болно.

 

 Би танд олон асуулт тавьж хэнхэглэж байгаадаа санаа зовохын хамт өөрийнхөө  зарим саналаа тантай хуваалцахыг та зөвшөөрөх үү? Тухайлбал:

 

Оюу толгой  ХХК-ий үйл ажиллагааны эрх зүйн үндэс, мөрдөх  нөхцөл, журам болж буй ХөОГ, ХНГ болон Төлөвлөгөө гэх баримт бичгүүдэд зохих өөрчлөлт, тодруулалт хийж, шудрага бус, нэг талын (Рио Тинто-ийн)  сонирхлоор байгуулсан, Монголын төр (ТӨК)-ийг өр ихтэй болгож, түүнд ногдол ашиг төлөхгүй байлгах гэсэн хандлагаар тохирсон  гэх хардлага бий болгоод буй нөхцөл, заалтуудыг ядахдаа  дээр танаас асуусан товч асуултын дагуу өөрчлөх нь нэн чухал гэж миний үздгийг та дэмжих үү? Ийнхүү өөрчлөлт оруулахгүй бол газрын хэвлийн баялаг нь Төрийн нийтийн өмч болох тухай Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн хэлэлцээр гэрээнүүд гэж үзэгдэн хэл ам дагуулсаар байх байдлыг Рио Тинто-той илэн далангүй элдэв маргаангүйгээр хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал байгааг та дэмжих үү?

 

Зөвхөн ОТ ХХК-д зориулсан, 30 жил, цаашдаа 50 жил, 70 жил баримтлах нөхцөл, журамтай, тэдгээр нь хөнгөлөлттэй, Монголын ижил аж ахуйн нэгжээс бага татвар төлбөр төлдөг, тэр нь 70 жил мөрдөгдөх, тэрчлэн Монголын төрийн өрийг нэмэгдүүлж, ногдол ашиг ойрдоо авахгүй байх агуулга, нөхцөл хандлагатай заалтуудтай, “Улсын доторх улс” гэж үзэгдэх Оюу толгой гэх баялаг орд, байгалийн хишгийн үнэлэмж ихэнхийг үндсэндээ гадаадынхан хүртсэн уурхай байхыг Монголын олон нийт, ард иргэд эсэргүйцэх нь зүй ёсны зүйл гэж үздэгийг шүүмжлэх үү? эсвэл дэмжих үү?

 

 ОТ-н уурхайн холбогдох  баримт бичгүүдэд ядахдаа дээр танаас асуусан заалтуудаар зохих өөрчлөлт, нэмэлтийг оруулж, олон нийтэд ил тод болгон хэрэгжүүлбэл “төлөвлөгөө” гэгчид заасан ОТ уурхайн үр ашгийн 53% Монголд ногдоно гэсэнтэй ойролцоо гарах боломж бий болох байх гэсэн гэнэн миний тооцооллыг та юу гэж үзэх болоо?

 

 Рио Тинто-той хэлэлцээ хийх, санал  боловсруулахад дараах асуудлыг онцлон анхаарах нь чухал гэж үзэж байгааг та сонирхох уу?

 

Татварын хөнгөлөлт, тогтворжуулалтын заалт бүх татварт хамаарах бус, хуульд заасан 4 нэрийн татвар тогтворжихоор тохирох.  Гэрээний эхний хугацаа дуусахад (гэрээгээр бол 30 жил) татварын хөнгөлөлт, тогтворжилтийн талаарх заалтуудыг цаашид мөрдөхгүй болгох. Талуудын оролцоог 50:50 болгохдоо Рио Тинто нь 16%-ийг ТӨК-т ямар нэг төлбөр, нөхцөлгүйгээр шилжүүлэн өгөхөөр тохирох.

 

Монголын талын  хувь оролцоонд Рио Тинто-ийн олгох зээл  хэт өндөр хүүтэй, зээлийн үлдэгдлийг болон хүүг АНУ-ын үнийн (хотын) индексээр өсгөх, хүүгээс хүү бодох зэргээр Монголын өрийг нэмэгдүүлэх заалтуудыг өөрчлөх, хасах.

 

Монголын талын эзэмшлийн 34%-ийг өөр төлбөрөөр сольж, хувь эзэмшихээ болих, таны нотлоод буйгаар Монголын талын үр ашгийн зөвхөн 17 хувийг л энэ оролцоо эзэлдэг гэдэгтэй санал нийлэхгүй тул хэвээр нь үлдээж, гэрээнд өөрчлөлт оруулах.  Роялтын төлбөрөөр 30-70 жилд 34%-ийг нөхнө гэж байхгүй. Бусад орнуудад роялт 10% хүртэл байдаг. ОТ 2023-24 оноос жилд 5-6 тэрбум доллар, 2029 он гэхэд 29 тэрбум долларын орлого олно шүү дээ. Харин хөрөнгө оруулалтыг  өсгөхийг зогсоох, эцэслэн  тохирох, цаашдаа  өсгөх бол ОТ өөрөө шийддэг болгох.

 

Уурхайн хаалтын менежмент, журам, хаалтын сангийн талаар тодорхой заах, гэрээнд зааснаар хаалтын санг ганцхан Монголын төр хариуцах бус, компани нь ногдол ашиг хуваахаас өмнөх ашгаас уг санг байгуулдаг болох.

 

Оюу толгой ХХК-ий бүтээгдэхүүний борлуулалт, үнийг нь хамтран тохиролцож байх, биет хэмжээ, орлого нь  Оюу толгой компаний  дансанд  бүрэн бүртгэгддэг, өөрт үлдэх ногдол  ашгаа гадаад, дотоодод чөлөөтэй зарцуулах журмыг баримт  бичгүүдэд  Монголын хууль, олон улс оронд хэрэгждэг нийтлэг журам, бүртгэлийн олон улсын стандартын дагуу тогтоож, ил тод эргэлзээ төрүүлсэн зүйлсгүй болгон  мөрдөхөөр тохирох.

 

Гэрээний эхний хугаца дууссаны дараа ОТ ХХК нь Монголын ижил өрлийн аж ахуйн нэгжийн адилаар ялгаварлан гадуурхалгүй, элдэв илүү хөнгөлөлт эдлэхгүйгээр  тухайн үед Монгол улсад мөрдөж байгаа хууль , хэмжээ, журмаар  ажилладаг, татварыг ч мөн бусдын ижил зарчим, хэмжээ, журмаар  төлдөг байхаар баримт бичгүүдэд  өөрчлөлт оруулах.

 

Хувь нийлүүлэгчид, ТУЗ нь шийдвэр гаргахдаа “олонх” гэдэгт Рио Тинто, ТӨК-ий аль альных нь төлөөлөл (гишүүн) заавал зөвшөөрсөн байвал хувь нийлүүлэгчдийн болон ТУЗ-ийн шийдвэр хүчинтэй байхаар гэрээнд өөрчлөлт оруулах.

 

Менежментийн багийг томилох, ялангуяа үйлчилгээний төлбөр төлөх одоогийн журмыг өөрчилж, менежментийн баг нь орлого илүү олох сонирхол, хөшүүргийг  нэмэгдүүлсэн журам тогтоох. (Их зардлаас бус, их орлогоос нь тооцож багийн хөлс олгох).

 

Компаний жилийн төсөв, санхүүжилттай холбогдуулан аж ахуйн  тооцоот бөгөөд баяжмалын орлого ихтэй Оюу толгой ХХК нь  эргэлтийн хөрөнгөд гадаадаас зээл авах, түүнийхээ 34 хувийг  Монголын өрөөр тооцох заалтыг өөрчлөх.

 

“Оюу толгой далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” гэх баримт бичгээс далд уурхайд шууд хамаарахгүй “Монголын эдийн засагт үзүүлэх нөлөө” гэсэн баталгаагүй мэдээллүүд, дүгнэлт болон Сангийн яам, Татварын байгууллагад яаралттай үүрэг өгсөн заалтууд, татварын хөнгөлөлтийн болон алдагдлын хэмжээ зэргийг энэ баримт бичгээс хасах. Монгол улс  Оюу толгойн компанид үзүүлж буй татвар, гааль хөнгөлөлт, чөлөөлөлтийг Монголын талаас Оюу толгойд  оруулсан  хувь хөрөнгөөр тооцдог болох. Эдгээр асуудлаар Өвгөн надтай саналаа хуваалцвал туйлын их баярлана. Хэрээс хэтэрсэн, өөрийгөө мэдэхгүйгээр дээш даварсан  гэж та намайг үзэх бол би хариу шаардахгүй.

 

Зургаа. Эрхэм дүү Солонгоо болон төрийн албанд зүтгэж буй залууст

 

Өвгөн ах нь төр, улсын албанд хоёргүй сэтгэлээр 40 гаруй жил зүтгэсэн, ач тусыг нь ч  эдэлсэн, та нар шиг залуухан мэргэжилтэн байхаас эхлэн Монголбанк, Сангийн яам, Засгийн газар, ТЭЗҮХороо, Үнэ стандартын улсын хороо, Казахстан улсад суугаа ЭСЯ-д тус тус ажиллаж байхдаа хэзээ ч төрд үнэнчээр зүтгэвэл хэрэг түвэгт холбогдох, шорон, гянданд  суух тухай боддоггүй байсан учраас, уучлаарай, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд (асан)-аас Солонгоо чамд бичсэн захиас-өгүүллэгийг уншаад чамайг хэвлэлээр, телевизээр харснаас өөрөөр мэдэхгүй болохоор асууж зөвшөөрөл авахгүйгээр Таны нэрийг энэхүү захидалд оруулсандаа хүлцэл өчиж байна.

Уучлаарай! Чи залуу хүн, бас хариуцлагатай ажил хийж буй болохоор Сайханбилэг Ерөнхий сайдын бичсэнийг хөгшин над шиг хүнд хүлээж аваагүй, залуу хүний уужим сэтгэлээр ухаантай хүний захиас, сургаал, болгоомжлол гэж хүлээж авсан байхаа гэж найдна.

Монгол Улсад Оюу Толгой болон түүнтэй гүйцэхүйц олон том, жижиг төсөл цаашдаа хэрэгжих нь лавтай болохоор төр, улсынхаа төлөө сурсан, мэддэгээ зориулах, зүтгэх ажилд томилогдсон болон цаашид энэ албыг хаших залууст өвгөн ах нь захихад битгий айгаарай, чадлаараа үнэнчээрээ элдэв авлига, зүй бусад автахгүйгээр  зүтгэвэл төр, улс чамайг, та нарыг хэрэгтэн болгоно гэж байхгүй. Ажлаа сайн хий, үнэнчээр зүтгэ, юуны урьд Монгол Улсаа бодож ажилласан байхад айх зүйл байхгүй гэдгийг өөрийнхөө болон надтай хамт ажиллаж байсан хүмүүсийн бодит жишээ, амьдралаас нотлон та нарт захиж байгааг минь хүлээн авахыг хүсье.

 

Эрхэм Ерөнхий сайд (асан)-ын амрыгэрж хүндэтгэн мэндчилсэн:

 

Монгол Улсын  гавьяат  эдийн засагч, профессор Э.Бямбажав