Улаанбаатар хот “Ковид-19” халдварын голомтын бүс болоод гурван сар гаруй хугацаа өнгөрлөө. Өдөр бүр 50 гаруй хүн нэмж халдвар авсан нь шинжилгээгээр баталгаажиж байгааг ЭМЯ өдөр бүр мэдээлж байна. Түүнчлэн коронавирусийн халдвар авсан зарим иргэд гэр хороолол дунд байрлах нийтийн байранд амьдарч байсан хүмүүс аж. Тухайлбал, өнгөрсөн сарын 23-нд Баянзүрх дүүргийн II хороонд байрлах нийтийн байрнаас халдварын есөн тохиолдол илэрсэн.

Тус байранд өрөө түрээслэн амьдарч байсан иргэн өвчнийхөө нууц үед халдвар авсан гэдгээ мэдэлгүй байрны оршин суугчидтай ойр байж, амны хаалт зүүж эрсдлээс сэргийлээгүй тул бусад найман хүнд вирус халдаасан болох нь тандалт, судалгаагаар илэрсэн юм. Мөн тус хорооны нутагт байрлах зэргэлдээ нийтийн байрнаас энэ сарын 2-нд дахин халдвар илэрсэн. “Ковид-19”-ийн халдвар авсан хүнтэй нэг байранд оршин суух хүмүүс халдвар, хамгааллын дэглэмээ хэрхэн мөрдөж байгааг манай сурвалжлах баг тодрууллаа. Биднийг очиход нийтийн байрны гадаа эргүүлийн цагдаа байсангүй. Мөн халдвар гарсан нийтийн байрны оршин суугчид чөлөөтэй гарч, орж байгаа харагдав. Тухайлбал нийтийн байранд сард 180 мянган төгрөгийн түрээс төлж амьдардаг Т.Батдэлгэртэй бид таарсан. Тэрбээр амны хаалтгүй хүнсний дэлгүүрийн гадаа зогсоод утсаар ярьж байв. Мөн тус байрнаас хоёр хүн гараад гудамж уруудан явж байхад нь зарим зүйлийг асууж тодрууллаа. 

Амьдарч байсан нийтийн байранд нь халдвар илрэх үед эмч мэргэжилтнүүд оршин суугч бүрээс PCR шинжилгээ авч, цагдаагийн хамгаалалт гаргасан байна. Өчигдрөөс цагдаа нар буусан тул аюулгүй гэж үзээд оршин суугчид байрнаасаа чөлөөтэй гарах болсон гэлээ. Уг нь халдварын ойрын хавьтал болох хүмүүс 14 хоног гэрээсээ гаралгүй хөл хорио тогтоох ёстой. Гэвч энэ дэглэмээ мөрдөхгүй байлаа. Халдвар гарсан нийтийн байртай хамгийн ойр байрлах хүнсний дэлгүүрийн эзэн А.Долгоржавтай уулзахад “Эхний хэдэн өдөр тухайн нийтийн байрны иргэд хоол хүнсээ утсаар захиалан бид гэрийнх нь үүдэнд ойртуулж өгдөг байсан. Харин одоо шууд дэлгүүрт орж ирж байгаа. Би ямар хүн, хэдэн удаа орж ирэв гэдгийг тусгай дэвтэр гарган бичиж тэмдэглэн авч байна” гэв.

“КОВИД-19”-ИЙН ХАЛДВАР ГАРСАН НИЙТИЙН БАЙРНААС ДАХИН ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ

“Ковид-19”-ийн халдвар гарсан нийтийн байранд амьдарч байгаа иргэдийн эрүүл мэндэд хяналт тавих ёстой Баянзүрх дүүргийн “Миний зөвлөгч” Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Т.Ууганцэцэгтэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа.

-Халдвар гарсан нийтийн байранд хэдэн хүн амьдарч байна. Тухайн иргэдийн хөл хөдөлгөөнийг хэрхэн хянаж байгаа вэ?

-Энэ сарын 2-нд тус байранд нөхөртэйгөө хамт амьдардаг байсан эмэгтэйгээс коронавирус илэрсэн. Халдвартай иргэнийг ХӨСҮТ-д эмчлүүлэхээр хүргэсэн. Мөн хамгийн ойрын хавьтал болох нөхрийг нь тусгаарлах байр руу шилжүүлсэн. Одоо тус нийтийн байранд 12 өрхийн 22 хүн амьдарч байна. Тухайн иргэд нэгдүгээр хавьтал тул 14 хоног гэрээсээ гаралгүй тусгаарлагдах ёстой. Бид долоо хоног бүр шинжилгээ авч байгаа. Сүүлд авсан шинжилгээгээр дахин нэг хүн “Ковид-19” халдвар авсан нь батлагдсан.

- Өчигдөр халдвартай гэдэг нь баталгаажсан тухайн хүн гэртээ хэдүүлээ амьдардаг байсан бэ?

-Нөхөр нь хөдөө ажилладаг тул хамт байгаагүй. Халдвар авсан эмэгтэй хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Өмнө нь халдвар авсан тогооч эмэгтэйн хөрш тул гэрээр нь орж гардаг байжээ. Тиймээс халдвар авсан гэж урьдчилсан байдлаар үзэж байна. Нөхрийг нь дуудуулсан. Халдвар авсан эмэгтэйг ХӨСҮТ-д хүргээд байна.

-Халдвар гарсан нийтийн байрны иргэд гадуур явж байгаатай таарсан. Энэ асуудалд хэн хяналт тавих ёстой юм бэ?

-Цагдаагийн байгууллага иргэдийн хөл хөдөлгөөнд хяналт тавих үүрэгтэй. Мөн иргэд бусдад халдвар тараахгүйн тулд үүргээ биелүүлэх ёстой. Гэвч энэ дэглэм хэрэгжихгүй байна. Мөн гэр хороолол дунд байрлах нийтийн байрнууд ариутгал халдваргүйжүүлэлт муу хийдэг. Орчин нөхцөл нь бохир байх нь их. Хэт жижиг өрөөнд олон хүн амьдрах, бусад айл руу хэсэх, оршин суугчид нэг хаалгаар орж, гарч байгаа нь олон хүн нэг дор халдвар авах эрсдэлийг бүрдүүлж байна. 

Эмч мэргэжилтнүүдийн хувьд хорооныхоо бүх нийтийн байраар явж иргэдээс шинжилгээ авч, зөвлөгөө мэдээлэл өгч байна. Баянзүрх дүүргийн II хороонд 46 нийтийн байр бий. Ийнхүү хоёрт нь халдвар гараад байна. Мөн өмнө нь халдвар гарсан нийтийн байранд дахин нэг хүн “Ковид-19” халдвар авсан гэдгийг бидний уулзсан эх сурвалжууд мэдээллээ. Халдвар гарсан хотын төвийн орон сууцнуудад хөл хориог чангатгаж 14-30 хоног хэнийг ч гаргалгүй эрсдэлээс сэргийлж байгаа. Харин халдвар гарсан гэр хороолол дунд байрлах нийтийн байранд хараа хяналт сул байна. Хэрэв хайхрамжгүй энэ байдал үргэлжилсээр байвал халдварын голомт хумигдахгүй улам цар хүрээ нь тэлж, олон хүн коронавирусийн халдвар авах эрсдэлтэй байна

Үндэсний шуудан сонин - npost.mn