Би нөхөртэйгээ 21 жил амьдарч байна. Бидэнд жаргалтай үе олон байсан ч түүний архи ууж, намайг дээр нь үр хүүхдээ зовоож байгааг бодохоор өөрийн эрхгүй үзэн ядах сэтгэл төрнө.

Салах гэж олон удаа үзсэн ч биднийг үхлээс өөр юу ч салгахгүй гэдгийг төд удалгүй ойлгосон юм. Арга ядахдаа нэг өдөр лам дээр очоод "Нөхрийг минь алаад өгөөч" гэж гуйхад өнөөх лам надад цаасанд боосон цагаан юм өглөө.

Тэр хэлэхдээ "Чи өдөр бүр мантуутай хоол хий, түүн дотроо энэ цагаан зүйлийг холь. Тэгвэл сарын дараа гэхэд нөхөр тань хорвоог орхих болно. Гэхдээ түүнтэй хэрүүл хийж, түүнийг огт үглэх хэрэггүй. Нэгэнт л үхэх гэж байгаа хүнийг амар тайван явуул" гэж хэлсэн юм. Би лам гуайн хэлснийг яг таг хийж байлаа. Мантуун бууз, мантуутай шөл, ороомог, хөөсөн бин гээд л хийж болох бүхнийг хийж, өнөөх цагаан зүйлээ хольсоор... Би нөхөртэйгээ огт ам мурийхгүй, янз бүрийн зүйл болсон ч тун хүлээцтэй хандаж байсан юм. Учир нь лам захисан шүү дээ. Тэр хирээр гэр бүл минь ч амар тайван байв.

Гэтэл нэг орой нөхөр маань ажлаасаа их л эрт тараад, эв эрүүл гэртээ орж ирлээ. Гайхсан гэж... Хөгшин нь та нар луугаа яараад тарангуутаа хүрээд ирлээ гэж хэлэх нь тэр. Тэр өдрөөс хойш нөхөр минь миний хоолыг идэж, гэртээ амархаар эрт ирдэг болсон юм. Гурван хүүхэдтэйгээ инээлдэж, яагаад ч юм надад баярлалаа гэх шиг нүдрүү минь ширтэнэ.

Ламын өгсөн цагаан зүйлийг хийх сүүлийн хоног ирэхэд, өнөөх лам дээр очлоо. Уучлаарай "Нөхрийг минь битгий үхүүлээч дээ" гэж сөгдөн алдаж гуйлаа. Гэтэл лам инээмсэглэснээ "Би чамд Данбаоли л өгсөн шүү дээ" гэж хэлсэн юм даа. Надад тохиолдсон энэ явдал өөрт минь маш том сургамж болсон. Тиймээс бүсгүйчүүд минь гэр бүлийн аз жаргал гэдэг бүсгүй хүний ур ухаан, тэсвэр тэвчээр, уужуу бодлоос шалтгаалан дэлгэрч байдаг гэдгийг гэргий нартаа захимаар байна. Таны гэр бүлд аз жаргал хүсье бүсгүйчүүдээ.