Дотоодын агаарын тээврийн “Изинис Эйрвэйз” компани дөнгөж саяхан үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоохоор болсноо мэдэгдлээ.

Тус компани санхүүгийн хүнд нөхцөлд орсон тул ийнхүү үйл ажиллагаагаа зогсоохоор болсон байна. Нислэгийн тасалбар худалдан авсан хэрэглэгчдэд мөнгийг нь буцаан олгож,  “Аэромонголиа” “Хүннү эйр” компаниудтай  “Изинис Эйрвэйз” ХХК-ний  борлогдсон тийзийг шилжүүлэн үйлчлэхээр урьдчилан тохирсноо мэдэгдлээ. Тэд мэдэгдэлдээ “Изинис Эйрвэйз ХХК нь 2006 оноос үйл ажиллагаа явуулж, олон зуун мянган зорчигчдод тогтвортой үйлчилж ирсэн үндэсний агаарын тээвэрлэгч компани бөгөөд компанийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрч цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул 2014 оны 05 сарын 22 өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа тодорхой бус хугацаагаар зогсоох болсоныг үүгээр мэдэгдэж байна. 

Өнгөрсөн хугацаанд биднийг сонгон үйлчлүүлж, хамтран ажиллаж байсан бүх зорчигчид, түнш байгуулагууддаа талархал илэрхийлье. 

Компанийн гүйцэтгэх удирдлага, хөрөнгө оруулагчдын зүгээс өөрсдөөс хамаарах бүхий л бололцоог дайчлан ажиллаж, сүүлийн хоёр жилийн хугацаанд үйл ажиллагааг хэвийн явуулах, ажиллагсагдынхаа ажлын байрыг хадгалах, хамгийн гол нь зорчигчдын эрх ашгийг хангахын төлөө чармайн ажилласан боловч цаашид улам бүр нэмэгдсээр буй санхүүгийн алдагдлыг хиймлээр нөхөн ажиллах боломжгүй болж үйл ажиллагаагаа зогсоох болсондоо олон жил бидэнтэй хамт цэлмэг тэнгэрээр тухлан аялж байсан эрхэм зорчигчид болон эрхэлсэн ажилдаа үнэнч шударга, сэтгэл зүрхээ өгч ажиллаж ирсэн ажилчид, инженер техникийн ажилтнууд, нисэх бүрэлдэхүүн, нийт хамт олноосоо уучлалт хүсье. Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна” гэжээ.