Төрийн албанд ах дүү амраг саднаараа шургалж тендер будилуулсан гэх хэргүүд мундахгүй. Үүний нэгээхэн жишээ болж дуулиан тарьсан хүн бол ЗГХЭГ-ын дарга асан, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн юм. 

Түүнийг ЗГХЭГ-ын дэд даргын ажлаас илүүтэй хамтран амьдрагч нь болох Ерөнхий сайд Н.Алтанхуягийн холын хамаатны охин Д.Уянга эзэнтэй “Gobi Power” компани Таван толгойгоос БНХАУ руу нүүрс тээвэрлэх тендерийн сонгон шалгаруулалтад хууль бусаар ялалт байгуулж, 17 тэрбумын гэрээ байгуулсан хэрэг л олонд таниулсан түүхтэй. 

Тэрээр эхэндээ үүнийг эрс няцааж байсан ч  төд удалгүй өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн бөгөөд энэ хэрэг ч тэгсхийгээд намжсан юм.

Тэгвэл саяханыг хүртэл нам гүм байсан Г.Дэнзэн эргэн иржээ. Тэрээр монголын хамгийн том их сургууль ШУТИС-ийн удирдах зөвлөлд ажиллаж байна. Өөрөөр хэлбэл хорь гаруйхан насандаа 17 тэрбумын хэрэгт холбогдон өндөр сэнтийгээс өнхөрсөн хүн Монголын хамгийн том их сургуулийн удирдлагын бүрэлдэхүүнд багтсан байгаа юм.

Нөгөөтэйгүүр Г.Дэнзэн яаж яваад тус сургуулийн удирдах зөвлөлд багтсан нь сонин. Тэрээр МУИС-ыг хэрэглээний математикч мэргэжлээр төгсч тооцон бодох математик, тоглоомын онолын чиглэлээр мэргэшсэн нэгэн. Үүгээр ч зогсохгүй МИУС-д эрдэм шинжилгээний ажилтан, багшаар ажиллаж байв. Энэ бүхнээс үзэхэд Г.Дэнзэн ШУТИС-тэй ямар ч холбоогүй хүн. Гэтэл өөрт нь ог хамааралгүй сургуулийн Удирдах зөвлөлд багтсан нь өнөөх арын хаалга, танил тал гэх хүмүүс ч байгаа юм. 

Түүнтэй хамт дараах нөхдүүд ШУТИС-ийг УЗ-д ажиллаж байна. 

1.    Ц.Буянцогтоо –УИХ-ын даргын зөвлөх 
2.    Г.Дэнзэн –Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан
3.    Р.Эрдэнэбүрэн –БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
4.    Р.Жигжид –УУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
5.    Ц.Цагаанхүү –БШУЯ-ны сайдын зөвлөх
6.    Б.Шинэбаатар –ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
7.    А.Мөнхбат –МЗХ-ны Ерөнхийлөгч
8.    Л.Лувсанжамц –БШУЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга 
9.    Т.Галсанбаатар –Шинжлэх ухааны академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга
10.    Н.Тэгшбаяр –Цөмийн энергийн газрын дарга 
11.    С.Төмөрхүү –Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ний гүйцэтгэх захирал