Өнөөдөр Улаанбаатар хот гадаад орчны агаарын бохирдлын хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт орж, гамшигийн хэмжээнд хүрсэн. Агаарын бохирдол аюултай түвшинд хүрч хотын хүн ам ДЭМБ- ын олон улсын стандартад заасан жилийн дундаж нарийн ширхэглэгт тоосонцорын (PM2.5) зөвлөмж хэмжээнээс 7 дахин их1 2, Монгол Улсын үндэсний стандартад заасан жилийн дундаж зөвшөөрөгдөх дээд түвшингээс буюу 25 µg/м3-ээс 3 дахин өндөр бохирдолд өртөж байна.

PM2.5-ын ялгарлын 70% нь гэр хорооллын нүүрсээр галладаг зуухнаас ялгарч байгаа ба үлдсэн хувь нь цахилгаан станц, автомашин болон аж үйлдвэрээс ялгардаг байна. Улаанбаатар хотын гэр хорооллын өрхүүд нүүрс түлдэг зуухыг өвлийн (10-р сараас 3-р сар) турш ашигладаг бөгөөд түлшний зардал нь өрхийн эдийн засагт ихээхэн дарамт болдог. Нүүрсээр галладаг зуух агаарын бохирдлын гол шалтгаан болж байгаа тул агаарын бохирдлын концентраци нь оройноос шөнө дунд хүртэл, мөн үүрээр хамгийн өндөр байдаг.

Хэрвээ дорвитой санаачилга гаргаж, тодорхой арга хэмжээ авахгүй бол өртөлтийн түвшин дараагийн 10 жилийн турш бага багаар нэмэгдсээр байх бөгөөд хотын хүн амын эрүүл мэндэд ноцтой үр нөлөө үзүүлэх хандлага харагдаж байна. Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн (1996) 5.2-т “хүүхэд бүр эрүүл мэнд өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, хүчирхийллээс ангид байх эрхтэй” гэж заасан. Улаанбаатар хотын агаарын бохирдол болон агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь тус хуульд заасан хүүхдийн эрүүл өсч бойжих, аюулгүй орчныг хангаж чадахгүй байна.

Агаарын бохирдлын өртөлтөнд хамгийн эмзэг бүлэг бол хүүхдүүд юм. Агаарын бохирдолоос үүдэлтэй өвчлөлүүдийн улмаас нярай болон бага насны хүүхэд эндэх эрсдэл өндөр байдаг бөгөөд дэлхий дахинд жил бүр 230 000 хүүхэд гадаад орчны агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын доод замын хурц үрэвслээр нас барж, 500 000 гаруй хүүхэд хоол хийхдээ ашигладаг хатуу түлшнээс ялгардаг доторх орчны агаарын бохирдлын улмаас эндэж байна. Үүн дээр нэмээд сууцаа халаах зорилгоор түлж буй хатуу түлшний ялгарлаас үүдэлтэй нас баралт тооцогдох ёстой ч дэлхийн хэмжээнд үүнийг нэгтгэсэн тодорхой тоо байхгүй байна. Мөн агаарын бохирдол төрөлтийн үр дүнд хүүхэд бага жинтэй, эсвэл дутуу төрөх зэргээр нөлөөлж, хүүхдийн уушиг гэмтсэнээр насан туршийн эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлдэг. Иймээс Монгол Улсад хүүхдийн сайн сайхныг хангах нэг гол хүчин зүйл нь тэднийг агаарын бохирдлоос хамгаалах явдал юм.

Дэлхийн өвчний дарамтын судалгаанд Монгол Улсын хүн амын эрүүл мэндэд агаарын бохирдол асар ихээр нөлөөлж байгааг тогтоосон. 2013 оны байдлаар улсын хэмжээнд цаг бусаар нас барж буй гурван өвчин нь агаарын бохирдлоос үүдэлтэй байжээ.  Улаанбаатар хотын хүн амын дунд цаг бусаар нас баралтад зүрх судасны өвчлөл (зүрхний ишеми өвчин болон цус харвалт) хамгийн түгээмэл байгаа бөгөөд хөдөлмөрийн чадвар алдсан амьдралын жилүүдийн (ХЧААЖ) зонхилох шалтгаан нь зүрх судасны тогтолцооны өвчлөл, хүүхдийн хатгалгаа өвчин байна.

Улаанбаатар хотын гадаад орчны агаарын бохирдол болон үр зулбалтын тохиолдлын статистикийн харилцан хамаарал өндөр байгааг тогтоогдсон. Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдол, гүйцэд тээлттэй боловч бага жинтэй төрөлтийн хооронд өндөр хамаарал байгааг тодорхойлсон байна.

Дэлхийн өвчний дарамтын судалгаагаар тодорхойлсон Улаанбаатар хотын агаарын бохирдлоос үүдэлтэй 5 өвчлөлийн тархалт болон холбогдох зэрэглэлийг 2015 оны байдлаар харууллаа.

Улаанбаатар хотын хүүхдийн агаарын бохирдлоос үүдэлтэй өвчний дарамтын ихэнх хувь нь уушигны доод замын цочмог халдвар буюу хатгалгаанаас үүдэж байна. Хүүхэд насандаа агаарын бохирдолд өртөх нь цаашид агаарын бохирдолтой холбоотой архаг өвчнөөр өвчлөх тохиолдлыг улам ихэсгэх магадлалтай. Тухайлбал, амьсгалын замын өвчний улмаас үүссэн уушигны бүтцийн өөрчлөлт нь хүүхдийн биеийн хөгжлийн чухал үед амьсгалын хэвийн урсгал алдагдуулснаар амьсгалын замын эрхтэнүүдэд архаг, удаан хугацааны эргэшгүй өөрчлөлт үүсэхэд хүргэдэг. Богино ба урт хугацаагаар нарийн ширхэглэгт тоосонцорт өртөх нь зүрх судасны өвчний эрсдэл болон уушигны хатгалгааны улмаас эмнэлэгт хэвтэх эрсдэлтэй шууд хамааралтай.

Гэхдээ Дэлхийн өвчний дарамтын судалгаанд агаарын бохирдолтод өртөлт ба хариу үйлдлийг тооцохдоо агаарын бохирдлын удаан хугацааны өртөлтийн дундажийг авч үздэг. Хэдийгээр агаарын бохирдлын хэмжээ дээд цэгт хүрэх үед хүний эрүүл мэндэд нөлөөлөх боловч үүнийг батлах хангалттай нотолгоо байхгүй байна. Агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөөлөл нь тодорхой нэг газар бус харин хүмүүсийн цагаа өнгөрүүлж буй бүхий л орчны агаарын бохирдлын тухайд яригдах асуудал юм. Агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь зөвхөн нэг газраас ялгарч буй бохирдлоос шалтгаалдаггүй, харин хүний амьдарч буй бүхий л газрууд дах өртөлт болон хувь хүний өвчинд хэр өртөмтгий байдлаас хамаардаг.

Гадаад орчны агаарын бохирдлын концентрацид биш харин түүний өртөлтөд анхаарлаа хандуулах нь хүмүүс цагаа илүү өнгөрүүлдэг, өөр өөр орчны өртөлтийн хэмжээг тодорхойлох нөхцлийг бүрдүүлж ингэснээр тэдгээр орчинд чиглэсэн эрүүл мэндийн үр нөлөөг сайжруулах арга хэмжээг илүү оновчтой болгоход хувь нэмэр оруулна. Агаарын бохирдлын эрүүл мэндэд гарах үр нөлөө нь тухайн өвчлөлд агаарын бохирдолтой хавсран нөлөөлдөг бусад гадаад, дотоод эрсдэлт хүчин зүйлээс шалтгаалдаг. Иймээс агаарын бохирдлоос үүдсэн өвчлөлийг бууруулахын тулд агаарын бохирдолтын өртөлтийг багасгах, дархлаажуулах замаар өвчлөлийн тархалтыг бууруулах, мөн урьдчилан сэргийлж болохуйц эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах зэрэг цогц арга хэмжээнүүдийг авах шаардлагатай. Агаарын бохирдлын өртөлтийг бууруулахад хүүхдийн цагаа өнгөрүүлж буй бүхий л орчинд, ялангуяа хамгийн өртөмтгий эмзэг үед байх байршил бүрт чиглэгдсэн зохион байгуулалт, эрх зүйн зохицуулалт шаардлагатай байна.

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, НҮБ-ын Хүүхдийн сан