Цадахад цагаан хурганы сүүл хатуу. Өлсөхөд өөхөн цагаан чулуу зөөлөн гэж үг бий.  MCS группийн захирал, ноён Оджаргалын намтар түүх арвин баялаг.

Тэрээр “Надад улс төрд хийх зүйл байхгүй” хэмээн ам бардам хэлсэн нь ясны бизнесмен гэдгийнх нь нотолгоо. Олон нийтийн дэмжлэгийг авах бүхий л бизнесийг сэдэж чаддаг тэрээр анх “Анун” төвийг байгуулсан байдаг. Хуулийн цоорхойг овжин ашиглаж, мөнгөний эргэлтийг дагаж гүйдэг энэ эрхмийн гүйлгээ ухаанаас олон бизнес салбарласан. Олон мянган иргэнийг ажлын байраар хангана гэж ярьдаг боловч шууд утгаар хэлэхэд хордуулсан нь өдгөө тоогоо алдсан билээ. Мундаг төсөлчдийн эгнээ тэлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн энэ эрхмээс сурах зүйл их бий. Хаях зүйл ч их бий. Мөнгөний төлөөх тулаанд хил хязгаар давсан хамтрагчдыг олноор хамруулдаг нь бизнесмен эрийг эх орондоо тийм элгэмсүү эсэхэд ихэнх хүмүүсийг эргэлзэхэд хүргэсэн. Хүссэн ч, эс хүссэн ч хэн нэг нь тэртэй тэргүй хийх байсан архи, хийжүүлсэн ундаа зэрэг эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүний бизнес эрхэлсэн түүнийг учир утгагүй буруутгавал өрөөсгөл юм.

Гараас нь юм гардаг, чухамдаа суусан газраасаа шороо атгадаг хүн гэвэл Оджаргалыг хэлэх байх. “Кэри” группын хямсгар эрхмүүдийг өлхөн “панаалдаж” Монголд “Шангри-Ла” бариулж дөнгөсөн зайтай эр АНУ-ын Элчин сайдын яамны урилгаар “Кока Кола” үйлдвэрийн тендерт оролцон ялж, “Tiger”-ийн албан ёсны борлуулагч болсон юм. Оджаргал гурван хүүхэдтэй. Эхнэр Батмөнх нь түүний эзэмшлийн “Орчлон” сургуулийн захирал. Хоорондоо ямар ч авцалдаагүй, зөрчилдөөнтэй эсрэг тэсрэг бизнесүүдийг ганцаараа удирдана гэдэг жинхэнэ бизнесмен “гөлгөр” чанар байх.

Орчлон сургуулийн хувьд “Бид дэлхийн иргэнийг хүмүүжүүлнэ” уриатай. Бидний нэрлэж заншсанаар цагаан захтны хүүхдүүд гол төлөв суралцдаг. Мэдээж хүмүүжил боловсрол гэдэг үгэнд эрүүл мэндийн боловсрол тусгагдсан байлгүй. Иргэн гэдэг өөрөө өв тэгш байж нийгэм хөгждөг. Харин нэг сонин дуулгахад кола зардаг Оджаргал захирал цэвэр уснаас өөр ямар ч төрлийн ундаа хэрэглэдэггүй гэсэн.