Дэлхийн талыг эзэлсэн  Чингис хааныхаа мэндэлсэн өдрийг бүх нийтээрээ  тэмдэглдэг болоод Монголчууд хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.  Гэхдээ өнөөдөр Чингис хааны мэндэлсэн  өдрийг тэмдэглэх ёстой эсэхэд эргэлзмээр.  Өөрөөр хэлбэл түүхэн эх сурвалжуудад  Эзэн богд Чингис хааны  мэндэлсэн янз бүрээр бичсэн байдаг юм билээ. Тэмүжиний мэндэлсэн сар, өдрийн тухай сурвалж бичгүүдийн мэдээ заалтуудыг харьцуулан үзэхэд ерөнхийдөө өвлийн тэргүүн сар, зуны тэргүүн сар гэсэн хоёр хандлага ажиглагддаг болохыг судлаачид тэмдэглэсэн байдаг.  Өөрөөр хэлбэл Чингис хаан маань нэг бол зун, нэг бол өвлийн эхэн сарын шинийн нэгэнд төрсөн болж таарч байгаа юм.  Үүн дээр түүхчид маргаантай ханддаг нь нууц биш. Тэгтэл Монгол улсын  Ерөнхийлөгчийн 2010 оны 3 дугаар сарын 29 – ний өдрийн 03 тоот захирамжаар Эзэн богд Чингис хаан – Тэмүжиний мэндэлсэн огноо, төрсөн газрыг албан ёсны болгож, ёсчлох санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулж, уг ажлын хэсэгт:

1.      Д. Дорлигжав - Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга (Ажлын хэсгийн ахлагч)

2.      Р. Болд - Ерөнхийлөгчийн зөвлөх, доктор (Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга)

3.      С. Чулуун – ШУА, Түүхийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор

4.      Ш. Бира – Академич, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор

5.      Д. Цэрэнсодном – Академич, Хэл судлалын доктор, профессор

6.      Г. Аким – зохиолч, орчуулагч, доктор

7.      А. Очир – НСИОУХ-ийн ажилтан, түүхч, доктор, профессор

8.      Л. Дашням – Уламжлалын академийн тэргүүн, доктор, профессор

9.      Л. Пүрэвдорж – зохиолч, сэтгүүлч

10.  Д. Базаргүр – ШУА, Газар зүйн хүрээлэнгийн ажилтан, доктор, профессор

11.  Ц. Шагдарсүрэн – МУИС, Монгол судлалын төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, профессор нар орж ажилласан байдаг.  Эдгээр “нөхөд” л түүхчидтэй маргасаар байгаад л  Чингис хааныхаа мэндэлсэн өдрийг  өвлийн тэргүүн сарын шинийн  нэгэнд тэмдэглэж байхаар  шийдчихсэн хэрэг.  

 Монголчууд Их хааныхаа мэндэлсэн өдрийг албан ёсны болгож, ёсчлон,  үндэсний бахархалын өдөр болгон ёслон тэмдэглэж, хойч үедээ хэвшүүлэх нь манай улс, үндэстэн, Их Монгол Улсыг залгамжлагчдын хувьд ихээхэн ач холбогдолтой гэдгийг бүх нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаа.

Гэхдээ дээр дурьдсан эрхмүүд түүхийн аливаа судалгаанд сурвалж бичигт өгүүлсэн мэдээнээс гадна ард түмнүүдийн буюу бидний ярьж заншснаар бага ястануудын  зан үйлийн мэдээнд ач холбогдол өгсөн байх юм. Тухайлбал Ордост байдаг Чингис хааны эзэн хорооны тахилгын дотор Тэмүжинг өвлийн тэргүүн сард төрсөн гэж болохоор зан үйлийн улбаа одоо хүртэл уламжлагдсан байдаг гэх.  Мөн Буриад зоны зан үйлээс  улбаалан өвлийн эхэн сард  Чингис хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэхээр шийдсэн ч гэх.

Тэгвэл Эзэн богд Чингис хааны мэндэлэн өдрийг зуны эхэн сарын шинийн нэгэнд тэмдэглэх талаар эх сурвалжуудад дурьдсан байдаг.   Хасаан хааны зарлигаар шадар сайд Рашид-Ад-Дины 1305 онд бичсэн Монголын түүхийн “Судрын Чуулган номонд Чингис хааныг “жилийн дунд төрсөн”, “намрын дунд сард таалал төгссөн” гэсэн ба төрсөн өдрөө өнгөрөөд өөд болсныг өгүүлсэн байдаг. Энэ нь Лувсанданзан Алтан Товчийн зун мэндэлсэн гэдэгтэй ижил болж байгаа юм.  Мөн эрдэмтэн Бадамхатан Чингис хааныг зургадугаар сарын 22-ныг зуны эхний өдөр мэндэлсэн гэдгийг  өөрийнхөө судалгаагаар баталчихсан байгаа. Өөрөөр хэлбэл хэсэг эрдэмтэд Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр нь аргын тооллын 1162 оны долдугаар сарын 7 байна. Ташаагүй үнэн болохыг XIV-XVIII зууны 5 итгэмжит сурвалж бичгийн мэдээ, монгол зан үйл, судалгааны бүтээл нотолж байна гэж тайлбарласаар байгаа.

 Үнэнийг худал, зөвийг буруу болгох нь шинжлэх ухааны судалгааны аймшигт нүгэл гэдгийг түүх судлаач, Оюут овгийн Д.Пүрэвдорж үзсэн байдаг.  

Тэгэхээр саналын зөрүүтэй эрдэмтэд Эзэн хааныхаа мэндэлсэн өдрийг маргаангүй  тогтоочихоод  дараа нь  ёслол төгөлдөр  тэмдэглэбэл зохилтой.  

Т.Энгүүн