Сүүлийн үед сүлжээний бизнесийн улмаас хохирсон иргэдийн тоо хэдэн арваараа нэмэгдэж хохирлын хэмжээ ч тэрбумаар тоологдох болсон. 

Тэгвэл өнгөрсөн оноос хүчээ аваад байсан Жи Тайм гэх сүлжээний бизнес буюу Казакстан улсаас Монголд орж ирсэн “Жи Тайм” корпорацийн Монгол дахь албан ёсны салбарын ерөнхий захирал Ж.Маратыг энэ сарын 12-ны өдөр “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлаас хил гарах гэж байхад нь Эрүүгийн цагдаагийнхан баривчилсан талаар мэдээлжээ. 

Марат нь сүлжээний бизнесийн шугамаар дансандаа зургаан тэрбум төгрөг хуримтлуулсан гэх үндэслэлээр ийн саатуулсан бөгөөд хилээр нэвтрэх хориг тавиад байсан аж. Түүний эхнэрийг мөн хилээр гарахыг хориглосон ч хориг тавьсан шийд гарсан тухайн өдөр Монголоос гарч амжсан байжээ. 

Одоогоор албаныхан тэдний дансан дахь мөнгийг битүүмжилсэн байгаа бөгөөд сүлжээ бизнесийн улмаас хэдэн хүн хохирсон болон хэр хэмжээний мөнгө угаасан болохыг тогтоохоор ажиллаж байгаа юм.