Өнгөрсөн хоногт нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн дөрөв, зөрчлийн хоёр, зам тээврийн ослын нэг дуудлага ирж нийслэлийн Аврах анги, харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллажээ.  Тухайлбал,  Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-ийн 13 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад  6х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж гал тархсан байсан тул нэмэлтээр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргаж шуурхай ажиллаж унтраасан байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг унтраасан гэв. Түүнчлэн,  Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын 6 дугаар гудамжинд  4 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн тасгийг гаргахад 5х8 метрийн хэмжээтэй байшин шатаж 5х6метрийн хэмжээтэй байшингийн дээвэрт тархаж байсныг шуурхай унтрааж тархалтыг зогсоожээ.

Иймд иргэд сонор, сэрэмжтэй байж гал түймрийн болзошгүй аюулаас сэргийлэхийг анхааруулж байгаа юм.

Х.Даваа