Авлигатай тэмцэх газрын судалгаа шинжилгээний албанаас энэ сарын 20-26 өдрүүдэд 1800-1969 тусгай дугаарт ирүүлсэн гомдол мэдээлэлд  дүн шинжилгээ хийж шалгалтын ажлыг явууслсан байна. Дээрх хугацаанд нийтдээ 110 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авч ажиллажээ.

Тухайлбал нийт гомдлын  26.4 хувь нь ашиг сонирхлын зөрчил, хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой, 3.6 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 7.3 хувь нь харьяалалд хамаарахгүй, 56.4 төрийн байгууллагын ёс зүй, хүнд суртал, удирдах ажилтны гаргасан шийдвэртэй холбоотой гомдол, мэдээлэл зонхилжээ. Үүнээс боловсрол, нутгийн удирдлага, эрүүл мэндийн байгууллагатай холбоотой гомдол хамгийн олон байсан аж. 

Тухайлбал, Нийслэлийн 12 дугаар сургууль, 14 дүгээр сургууль, 52 дугаар сургууль, 6 дугаар сургууль, 71 дүгээр сургууль, 56 дугаар цэцэрлэг, 80 дугаар цэцэрлэг зэрэг боловсролын байгууллагууд хууль бус төлбөр, хандив авч байсан зөрчил илэрчээ.  Мөн Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэг, Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны өрхийн эмнэлгийн албан хаагчдын ёс зүйтэй холбоотой гомдол мэдээллүүд цөөнгүй ирсэн байна.

Тиймээс сургууль цэцэрлэгүүд мөнгө хурааж, хууль бус хандив цуглуулсан тохиолдолд эцэг эхчүүд болон оюутан сурагчид хууль бус үйлдлийн талаар мэдээлэх хэрэгтэй. Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, төрийн байгууллагын хүнд суртлын талаар санал, гомдол, мэдээллийг АТГ-ын 1800-1969 дугаарын утсанд өгч, энэ төрлийн хууль бус үйлдэл дахин гаргахаас сэрэмжлэхийг АТГ-аас зөвлөж байгаа юм байна. 

Г.Нар

zaluu.mn