Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч В овогтой С  албан үүргээ гүйцэтгэж яваад 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр бусдын гарт харамсалтайгаар амь насаа алджээ.

Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 530 тоот иргэний шийдвэр, 320 дугаартай гүйцэтгэх хуудсаар Сүхбаатар аймаг Баруун-Урт сум 5 дугаар багийн иргэн Батдорж овогтой Эрдэнэсүхээс хүүхдийн тэтгэлэг болон 88 толгой малыг Дорж овогтой Отгонзаяад олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахаар ажиллаж байжээ. Тодруулбал талийгаач  албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч ахмад Ц.Аваасүрэнгийн хамтаар 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун урт хотоос 80 километрийн зайд байрлах Мөнххаан сумын нутаг Тэрэм гэх газарт оршин суугч, төлбөр төлөгч Б.Эрдэнэсүхийн гэр рүү нь очиж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна.

 Энэ үед Б.Эрдэнэсүх нь шийдвэр гүйцэтгэгч В овогтой С-ыг буудаж амь насыг нь хохироогоод зогсохгүй тухайн үед хамт явсан төлбөр авагч талын  иргэн н.Батсайханыг  буудан амь насыг нь хохироож,  иргэн Батсүхийн мөрөн тус газарт нь буудаж хэргийн газраас оргон зайлсан байна.  

Энэ үед хүүхдийн тэтгэлэг авах талаас таван хүн цуг явж байсан бөгөөд гурван  иргэн  одоогоор хаана байгаа нь тодорхойгүй байна. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын хамтарсан эрлийн баг эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж байна.

Энэхүү мэдээллийг нийгэмд сэрэмжлүүлэх зорилгоор мэдээлсэн болно. 

А.Баярмаа