Улсын Их Хурлын Тамгын газраас эрхлэн гаргадаг долоо хоног тутмын хэвлэл-”Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн хууль тогтоомжийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, тайлбарлан таниулах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих эрх, үүргийг нь хэрэгжүүлэхэд төр, захиргааны байгууллага, шүүх эрх мэдэл, хууль хяналтын байгууллагуудад тус дөхөм болгох, түүнчлэн иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, тэдэнд хууль ёсыг чанд дагаж мөрдөх соёл, дадлыг хэвшүүлэх шаардлагыг харгалзан “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үнэ төлбөргүй тараахаар болжээ.

Энэ тухай шийдвэр гарсан талаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн Зөвлөлийн дарга Б.Болдбаатар өнөөдөр сэтгүүлчдэд зориулж хийсэн мэдээллийнхээ үеэр мэдэгдлээ.

Энэ шийдвэрийн дагуу “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг төр, захиргааны байгууллагууд, бүх шатны шүүх, прокурор, Засаг дарга нар, их, дээд, дунд сургууль болон нийтийн номын сангуудад нийт 5 670 орчим ширхэгийг үнэ төлбөргүй тараах ажээ.

Энэхүү “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг хэвлэж үнэ төлбөргүй тараахаас гадна түүнийг Улсын Их Хурлын албан ёсны цахим сүлжээнд байршуулж , андроид үйлдлийн системийг ашиглан эмхэтгэлийн дугаар бүрийг татаж авч унших боломжийг олгосон тухай УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн Зөвлөлийн дарга Б.Болдбаатар онцлон тэмдэглэв.

Улсын Их Хурлын Тамгын газар 1991 оноос хойш хэвлэгдэн гарсан “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн долоо хоног тутмын дугаарууд төдийгүй Монгол Улс нэгдэн орсон, соёрхон баталсан Олон улсын гэрээ, конвенци бүхий “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн тусгай дугааруудыг цахим сүлжээндээ байршуулсан байна.