-Эсрэг урсгал-

Монголд аймаар газар олон бий. Нэг нь ТЕГ. 

Хотын төвд, өндөр төмөр сараалжин хашаан дотор, том байшинд энэ газар байх. Дотор нь юу байдгийг хэн ч үл мэднэ. Хэн ч гэдэг нь жирийн иргэд бид гэсэн үг л дээ. 

Харин тэр доторх хүмүүс хааяа гадагш гарахаараа байнга “гэрэл” цохиулчихдаг бололтой юм. Саяхны нэг өдөр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг 08-26 УБЦ дугаартай автомашинтай хэдэн хүн өдөржин дагасан байгаа юм. Эрхэм гишүүн энэ машиныг цагдаагийн байгууллагаар шалгуулбал ТЕГ-ын автобаазын машин байна гэсэн хариу гарч. Асуудал ингээд эхлэв. 

Ж.Батзандан энэ талаар Ерөнхий сайд, ТЕГ-ын даргад хандав. Одоогоор ТЕГ-ын дарга Б.Ариунсан “Удахгүй хариу өгнө. Гэхдээ наадах чинь манай аж ахуйн машин байсан байна лээ” гэсэн албан бус хариу өгсөн гэнэ. Энэ бол тагнуулынхны хувьд маш том алдаа. Гэхдээ тэдний алдаа зөвхөн өнөөдөр гарч байгаа юм биш ажээ. 

Арваад жилийн өмнө дөө, ТЕГ-ын дарга асан Ж.Баатарыг Ерөнхийлөгч асан П.Очирбатын хүргэнийхээс энэ албаныхан баривчилж байв. Гэтэл уг ажиллагаанд голлох үүрэгтэй оролцож байсан н.Одонбаатар гэдэг тагнуулч залуу Ж.Баатар генералд холбогдох хавтаст хэргийн нэгийг гудамжинд хаячихлаа гээд шуугиж байсан. Аз болж тэр оройдоо олсон, айлд мартчихсан байсан гэж байгаа. 

Бас л арваад жилийн өмнө Л.Гүндалайг онгоцны буудал дээрээс баривчлах гэж бөөн зодоон ноцоон болсон. Эцэст нь тагнуулын албаны нэг сахалтай нөхөр “од” болоод өнгөрч байлаа. 

Энэ мэтээр дурдвал монгол тагнуулч нартай холбоотой иймэрхүү хөөтэй, бойтог явдал олон бий. Тиймээс элэг нэгт тагнуулчдадаа хэлэх ганцхан зөвлөгөө байна. Ямар юмны дуугүй нь сүртэй гэдэг билээ дээ, тэр үг л та нөхдөд минь тохирох гээд байна. Хэрэв тэгж чадвал хотын төвд “хөмсөг зангидах” төв байр шигээ сүртэй байхгүй юу.

Б.Дамдин-Очир