Энхрийлэн өсгөх ээж, аавгүй гэдгээ мэдэхгүй бяцхан үрс инээн баясаж, хөгжин тоглоно. Өөрсдийнх нь ертөнцөд айлчилж ирсэн танихгүй зочдыг тэд сүрхий гэгч нь ажиглаж, хаашаа л явна дагуулж харна. 

Ухаан орсон цагаасаа л эрэгтэй хүний бараа харж байгаагүй нялх хүүхдүүд манай зурагчныг бүр ч сүрхий ажигласнаа уйлах, мэгдэх аядан асрагч ээж рүүгээ өмөлзөх нь эгдүүтэй хэдий ч цаанаа гунигтай. Эцэг, эхдээ гологдсон, эсвэл орхигдсон, хөгжлийн бэрхшээлтэй, 0-14 хүртэлх насны 30 гаруй хүүхэд Хүүхдийн төв сувилалд хүмүүжиж байна.

Угтаа энэ сувилал нь хоол тэжээл, хөдөлгөөний дутагдалтай, дутуу төрсөн 0-3 хүртэлх насны нярайг асарч, бойжуулах чиг үүрэгтэй байгууллага. Гэсэн ч манай улсад өдөрт хэдэн арван хүүхэд эцэг, эхээсээ өнчирч, хаягдаж байгаа учир цагдаагийн байгууллагын хандах газруудын нэг болоод буйг Хүүхдийн төв сувиллын Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Г.Аззаяа хэллээ. Харж хандах хүнгүй, асаргаа халамж шаардлагатай хүүхдүүдээс гадна дутуу төрсөн нярай үрсийг ч ээжийнх нь хамтаар сувилдаг аж. Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Г.Аззаяа биднийг сувиллынхаа үйл ажиллагаатай танилцуулахаар Амбулатори, уламжлалт эмчилгээ болон дутуу төрсөн нярайн тасгийг хамгийн түрүүнд үзүүлэв.

Хүүхдүүдээ өөрийн үр мэт халамжилж, нэрийг нь хүртэл өгчээ

Тус сувилал нь 90 ортой бөгөөд үүнээс байнгын асаргаатай 30 гаруй хүүхэд байдаг аж. Тэрбээр “Манай сувиллын гол чиг үүрэг нь асаргаа, сувилгаа шаардлагатай нярайг бойжуулах. Хүмүүс манайхыг эцэг, эхдээ орхигдсон хүүхдүүдийг асардаг газар гэж ойлгодог. Зарим муу эцэг, эхчүүд ийм сайхан газар байдаг юм чинь хүүхдийг маань авчихна гэсэн ойлголттой явдаг шиг байгаа юм” хэмээн үйл ажиллагаагаа танилцуулах үеэрээ дахин дахин тодотгон ярьж байв.

Сувиллын төвийн үүдээр ороход л цэвэр цэмцгэр байдал нь нүдэнд тусав. Хүүхдийн, ялгангуяа нярайн амьдрах орчин учир халдварт өвчин гарахаас дээд зэргээр сэрэмжилж, ариун цэврийг чандлан сахидаг гэдгээ ажилтнууд тайлбарлаад, биднийг улавч, нөмрөг өмсөхийг хүссэн юм. Нярайн тасагт дутуу төрсөн 10 орчим хүүхдийг инкубаторт оруулсан байлаа. Үүний дотор хоёр ихэр нярай ээжийн хамтаар хэвтэн эмчлүүлж байв. Тус сувиллын дүрэм нь зөвхөн хүүхэд хүлээн авдаг аж. Гэсэн ч хоёр ихэр учир ээжийнх нь асаргаа хэрэгтэй гэж үзээд, хамт хэвтэн сувилуулахыг зөвшөөрсөн нь энэ аж. Дараа нь уламжлалт эмчилгээний тасгаар оров. Энд гол төлөв хөдөлгөөний дутагдалтай хүүхдүүд физик болон усан эмчилгээ хийлгэдэг юм байна.

Түүнчлэн саяхнаас хоол тэжээлийн дутагдалтай хүүхэд хүлээн авах өдрийн эмчилгээний тасаг нээснээ дуулгав. Аав, ээж нь өглөө хүүхдээ асаргаанд өгч, орой нь авах ёстой. Яг л цэцэрлэг шиг. Гэхдээ эмчилгээтэй гэдгээрээ ялгаатай. Аав, ээжийнхээ дэргэдээс холдож үзээгүй, ой гарантай жаалуудад цэцэрлэг “ахдаж” буй нь илт. Уйлж унжиж, хэнийг ч хамаагүй дагаад явахыг хүснэ. Танихгүй биднийг хүртэл ээж, аавд нь хүргээд өгчих болов уу гэсэн горьдлого тээн харж, гараа сарвайж байгааг нь хараад анх хүүхдээ цэцэрлэгт өгч байсан дүр зураглал өөрийн эрхгүй нүдэнд буув.

Ийн тэднийг харсан баясал маань хормын төдийд уйтгар гунигаар солигдож, өр өвдөж, элэг эмтрэх шиг боллоо. Тээж төрүүлсэн алаг үрээ хэнэг ч үгүй хаяад явсан эх хүн байна гэж бодохоор өөрийн эрхгүй зүрх шимширмээр. Дөнгөж төрсөн, нэг ой ч хүрээгүй 10 гаруй жаалыг хараад хайр хүрэхгүй байхын аргагүй. Сүүгээ нэхэх өлгийтэй үрс асрагч ээжийг тэвдүүлнэ. “Одоохон доо, одоохон. Сүүг нь өгнө шүү дээ. Цаг нь болчихоод л гэдэс нь хоол нэхээд байна уу” хэмээн хүүхдээ өхөөрдөн угжих асрагч ээжийг хараад ямар буянтай хүмүүс вэ гэж бодогдов.

Хэдий төрсөн эцэг, эх нь хаясан ч гэлээ тэдний төлөө, ирээдүйд нь санаа зовнидог хүмүүс байдгийг мэдэх үнэхээр сайхан. Хүүхдүүдээ өөрийн үр мэт халамжилж, нэрийг нь хүртэл өгчээ. Үүгээр ч зогсохгүй “Дэлгүүр ороод тэрэндээ, энэндээ авна гээд хувцас шүүрдэг” хэмээн Азаа захирал сонирхуулж ярьсан. Харамсалтай нь, овог нь тодорхойгүй хүүхдэд заавал Олдох хэмээн овоглох ёстой байдаг аж. Мэдээж хэрэг сонсоход тун эвгүй энэ овгийг хүүхдүүд насанд хүрсэн хойноо хүсэлт гарган солиулах, эсвэл үрчилж авсан ааваараа овоглох бүрэн боломжтой аж.

Нэг хүүхэд өсгөхөд ямар хэцүү байдаг билээ. Гэтэл энд нэг анги нь 13-15 хүүхэдтэй. Тэднийг нэг бүрчлэн хооллоно, босгоно, унтуулна, хуурайлна, хувцаслана, тоглуулна, эмчилгээ үйлчилгээнд явуулна гээд нэг асрагч, нэг сувилагчид оногдох ажил хүнд. Гэсэн ч тэд хэзээ ч хэцүү гэж хэлдэггүй ажээ. Ийм ачтай буянтай хүмүүсээр бахархахгүй байхын аргагүй.

Хүүхдийн төв сувилалд ирдэг хүүхдүүдийн дийлэнх нь ямар нэгэн суурь өвчтэй байдаг аж. Тэрчлэн байнгын асаргаанд байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд цөөнгүй бий. Тэднийг түвэгшээгээд, харж хандах газар байдаггүй учраас том болтол нь байлгахаас өөр аргагүй гэдгийг багш нар нь учирлаж байлаа. Угтаа гурван нас хүртэл хүүхэд хүлээн авах ёстой ч тэнд хөгжлийн бэрхшээлтэй 10-14 насны цөөнгүй хүүхэд байв. Бага насны хүүхдэд зориулсан сараалжин ор нь хүртэл жижигдээд, томыг захиалж хийлгэсэн байна.

Тэдний олонх нь нийгмийн эмзэг бүлэг буюу гэр оронгүй, аав, ээж нь шүүхээр эрхээ хасуулсан, бүтэн өнчин гэх хүүхэд дүүргүүдийн Засаг даргын захирамжаар энд ирдэг юм байна. Харин үрчилж авах хүсэлтэй иргэдийн хувьд мөн л харьяа буюу Баянгол дүүрэгт ханддаг аж. Г.Аззаяагаас жилд хэдэн хүүхэд үрчлүүлдэг талаар асуухад “Тодорхой тоо хэлэх боломжгүй байна. Дүүргээс үрчилж авах гэр бүлийн мэдээллийг сайтар нягталдаг. Хүүхдээ үрчлүүлснийхээ дараа ч гэсэн гэрт нь очиж ямар байгааг нь асуудаг. Учир нь нялх хүүхэд тийм байна гэж хэлж чадахгүй шүү дээ. Тэгээд ч тэд маань дэлгүүрийн лангуун дээр зардаг бараа биш. Иймд үрчилж авах хүсэлтэй хүмүүст маш өндөр шаардлага тавьдаг” гэв.

Сувилалд ирдэг хүүхдүүдийн дийлэнх нь ямар нэгэн суурь өвчтэй байдаг

Хүүхдийн төв сувилал гэх энэ газрыг эмнэлэг, сувилал гэхээсээ илүүтэй цэцэрлэг шиг тохижуулсан нь анги танхим, хонгилоор явах бүрт ажиглагдана. Элдэв янзын тоглоом, үлгэрийн баатруудаар дүүрэн хана гээд тэнд хүүхдийн тохь тухтай байх орчныг үнэхээр бүрдүүлж чаджээ. Ганцхан тэдэнд эцэг, эхийн хайр энэрэл л дутагдана. Саажилттай хүүхдийн анги руу ороход тоглоомоор дамжуулан сэтгэлгээг нь хөгжүүлэх хичээл орж байхтай таарав. Нэгэн хүүг булчингийн чангаралттай учир суллах зорилгоор бэхэлгээтэй сандал дээр зогсоожээ. Хүүгийн урд модон тоглоом тавьж, өнгөөр нь ялгахыг даалгасан байв.

Эхлээд тоглоомыг хатуу зүйл хэмээн мэдрүүлж, гарт нь атгуулж сургах нь энэ өдрийн багш, шавь хоёрын гол зорилго. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд хүний оролцоотой хоолоо идэж, бие засаж, хувцасаа өмсөнө. Энэ нь мэдээж хэрэг тухайн асрагчид хүнд ажил. Заримыг нь даахгүй хоёулаа нийлж өргөдөг аж. Хүүхэд л болсон хойно, дур зоргоороо аашилна.

Заримдаа хоолыг нь өгөхгүй жаахан удах төдийд л орилж, чарладаг аж. Үнэхээр энэ хүүхдүүд цаашид хэрхэх бол гэж бодохоос санаа зовнисноо нуух юун. Болдогсон бол таны төрүүлсэн хүү, охин энд байна. Ганц удаа ч болов ирээд хараач гэж орхиод явсан ээжүүдэд нь хэлэхсэн. Төрсөн үрээ хөхөө шувуу шиг хаяад явдаг цэвдэг сэтгэлтнүүд олширсон энэ нийгэмд төрснөөс дутахгүй асарч хамгаалах газар, сайхан сэтгэлтэй, тэнгэрийн элч нар байгаа нь ямар их аз завшаан бэ.  

Б.Бямбасүрэн

Засгийн газрын мэдээ