Монгол Улсын сонгуулийн төв байгууллага түүний тэргүүн  нь Олон улсын сонгуулийн байгууллагын   шагнал хүртэж байсан тохиолдол  өмнө нь үгүй билээ.

              Монгол Улсад  сонгуулийн ардчиллын  зарчим төлөвшиж, үйл ажиллагааны  тогтолцоо, арга туршлага, эрх зүйн  орчин  бүрдээд төдийлөн удаагүй  боловч Монгол Улсын Сонгуулын Ерөнхий Хороо  Олон улсын сонгуулийн байгууллагын  нарийн шалгуурыг  давж,  хатуу болзлыг нь хангаж, өндөр үнэлүүлсэнд хамаг учир оршиж байгаа юм.

            Лондон хотод төвтэй Олон улсын парламентын судалгааны төвөөс  дэлхийн шилдэг сонгуулийн байгууллагад олгодог  энэхүү шагналыг  Малайз Улсын Куала Лумпур хотод саяхан болсон сонгуулийн асуудлаарх 7-р симпозиумын үеэр гардууллаа.

            Дэлхийн 30 гаруй орны сонгуулийн байгууллагын өндөр, дээд хэмжээний төлөөлөгчид, иргэний нийгмийн болон олон улсын судлаач эрдэмтэд зэрэг 150 гаруй төлөөлөгчид оролцсон симпозиумын үеэр дээрх шагналыг гардуулахдаа, Ч.Содномцэрэн даргатай  Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо нь  сонгуулийн ардчиллын  үнэт зүйлсийг сонгогчдод хүртээж,  сонгуулийн үйл явцыг богино хугацаанд шинэчлэн боловсронгуй болгож, сонгуулийн үйл ажиллагааг бүрэн автоматжуулж, сонгуулийг амжилттай зохион байгуулж чадсан хэмээн үнэлжээ.

            Түүний хамт олон улсын сонгуулийн байгууллагын эрхэм дээд шагналыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан хатагтай Мадлен Олбрайт хүртжээ.