Чингэлтэй дүүргийн II хороонд байрлах Улсын тэргүүний хоёрдугаар цэцэрлэгийн байрыг баар цэнгээний газар болгожээ. “Like karaoke” хэмээн томоос том хаяг хадчихсан энэ цэцэрлэгийн барилга Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны харьяа аж.

Өнгөрсөн наймдугаар сарын 10-ны өдөр 400 ам метр талбай бүхий энэхүү цэцэрлэгийн барилгыг бүхлээр түрээслэх гэрээг “Хас өргөө транс” ХХК-тай байгуулжээ. Гэрээний хугацааг ирэх 2016 оны тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл дуусах юм байна. Түүнчлэн Төрийн өмчийн газарт баар цэнгээний газар нээх гэж байгаа “Хас өргөө транс” ХХК-ийн үндсэн үйл ажиллагааны чиглэл нь “Автомашины ачаа тээвэрлэх, аялал жуулчлал, гадаад худалдаа” явуулдаг аж.

Ингээд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн хорооны гишүүн С.Мөнгөнсараас дараах зүйлийг тодрууллаа.

-Хоёрдугаар цэцэрлэгийн байрыг караоке болгосон байх юм?

-Хоёрдугаар цэцэрлэг нь Монголын үйлдвэрчний эвлэлийн харьяа гэж явдаг юм. Тавь орчим жилийн түүхтэй цэцэрлэг. 1960 онд ашиглалтад орж байсан. Сүүлийн жилүүдэд үйл ажиллагаагаа явуулахаа болиулж, хувийн хэвшлийн байгууллагууд ажилладаг байсан. Харин одоо МҮЭХ нь “Хас өргөө транс” ХХК-тай караоке баар ажиллуулахаар гурван жилийн хугацаатай гэрээ байгуулж, түрээслүүлчихсэн байна.

-Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороонд цэцэрлэгийн насны хүүхэд хэд байгаа вэ?

-Дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 13110 хүүхэд байгаа. Үүнээс 4915 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Манай дүүрэгт улсын 23 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр улсын цэцэрлэгүүдийн хүчин чадал нь 2285 хүүхдийн багтаамжтай. Гэтэл одоо 6647 хүүхэд суралцаж байна. Манай II хорооны иргэдийн дунд судалгаа явуулахад 70 орчим хувь нь цэцэрлэгийн асуудлыг хөндсөн байсан. Энэ II хороонд цэцэрлэгийн насны 301 хүүхэдтэй, үүнээс гадна яслийн насны 88 хүүхэд байдаг. Эдгээр хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа.

-Хичнээн хүүхдийн багтаамжтай цэцэрлэг байсан бэ?

-Хоёр зуу орчим хүүхдийн багтаамжтай цэцэрлэг байсан. Уг нь буцаад ашиглалтад орчихвол манай хорооны хүүхдүүд бүрэн хамрагдах боломжтой.

-Энэ асуудлаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд хандахуу?

-Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо ерөнхийлөгч асан УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон одоогийн МҮЭХ-ын ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарт хорооныхоо олон мянган иргэдийн хүсэл саналыг хүргүүлж байна. Нийслэлийн хэмжээнд олон хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Тэр дундаа Чингэлтэй дүүрэгт сүүлийн жилүүдэд цэцэрлэг нэн тэргүүний асуудал болоод байгаа. Гэтэл шинээр цэцэрлэг барих газар байхгүй байна. Сүүлийн хорь гаруй жил нийслэлийг удирдаж байсан удирдлагуудын замбараагүй газар олголтоос болж сургууль цэцэрлэг барих газаргүй болсон. Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон НИТХ-аассургууль цэцэрлэг барих төсөв мөнгийн шийдэж өгч байгаа боловч манай дүүрэгт цэцэрлэг барих газрын асуудал шийдэгдэхгүйгээс болж, төсөв мөнгө буцах тохиолдол байна. Харин манай хороонд төсөв байсан ч цэцэрлэг барих сөөмч газар байхгүй байгаа. Иймээс II хорооны хүүхдүүдийн эрх ашгийг бодож, хоёрдугаар цэцэрлэгийг Нийслэл болон Дүүргийн өмчид шилжүүлж, цэцэрлэгийн зориулалтаар ажлуулах шаардлагатай байна.

- Хоёрдугаар цэцэрлэгийн гаднах орчинд нэлээд шинэ тоглоомыг ашиглалтад оруулсан байна. Мөнгө хөрөнгө нь хаанаас гарсан бэ?

-Хоёрдугаар цэцэрлэгийн урьдах тоглоомын талбайг Орон нутгийн хөгжлийн сангийн 61.4 сая төгрөгөөр барьж, саяхан ашиглалтад оруулсан. Энэ тохижилтыг Шууд ардчилал болон иргэдийн оролцооны хүрээнд энэ оны нэгдүгээр сараас 1-нээс эхлэн хэрэгжсэн Төсөвийн тухай хуулийн дагуу иргэдээс санал авч хийсэн ажил.

МҮЭХ-ны Санхүү, аж ахуй, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Н.Энхманлай:Түрээсийн төлбөр хэлэх боломжгүй

-Чингэлтэй дүүргийн II хороонд байрлах хоёрдугаар цэцэрлэгийн үйл ажиллагаа хэзээнээс зогссон бэ?

-Энэ цэцэрлэг манай өмчлөлийн газар юм. Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хяналтын газраас дүгнэлтгарч цэцэрлэгийн үйл ажиллагааг нь арван жилийн өмнө зогсоосон. Үүнээс хойш агуулахын зориулалтаар ашиглаж байсан юм.

-Арван жилийн өмнө үйл ажиллагааг нь зогсоосон гэж байна. Энэ хугацаанд сэргээн засварлаад цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж болоогүй юм уу?

-Би энэ асуудлыг мэдэхгүй. Тухайн үед шийдвэр гаргасан хүмүүс мэдэх байх.

-Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарч үйл ажиллагааг нь зогсоочихсон байхад, яагаад одоо баар цэнгээний газар ажиллуулж байгаа юм бол?

-Сургуулийн байруудад дүгнэлт гаргахдаа тухайн барилгыг зориулалтаар нь ашиглаж болохгүй гэж гардаг.Үүнийхээ дагуу гарсан байх. Энэ байрыг хөлдөөхгүй гэсэндээ л түрээсэлсэн юм.

-Хэзээнээс түрээслэв?

- Өнгөрсөн наймдугаар сараас “Хас өргөө транс” ХХК -д түрээсэлсэн. Нэг жилийн гэрээ байгуулан ажиллаж байгаа.

-Гэрээ нь гурван жилийн хугацаатай хийгдсэн юм биш үү?

-Үгүй. Ирэх оны тавдугаар сарын 1-нд гэрээний хугацаа дуусна.

-Хэдэн төгрөгөөр түрээслэсэн бэ?

-Түрээсийн төлбөр хэлэх боломжгүй. Ирэх оноос шинэ бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ.Өнгөрсөн 2012 онд МҮЭХ-ныерөнхий зөвлөлөөс шинэ бүтээн байгуулалтын төлөвлөгөө батлаж гаргасан.Ирэх жилийн тавдугаар сараас шинэ бүтээн байгуулалтын ажил эхлэнэ. Үйл ажиллагаа нь зогсоод арван жил болж байгаа цэцэрлэгийн асуудал гэнэт гараад ирэхээр гайхаж байна.

 

Б.Цовоо