Монголчууд бидний нийгмийн харьцаанд тохиолдож буй алдаа дутагдал, анхаарах сэдэв, бизнес эрхлэгч + иргэний хооронд тохиолдож буй анзаарагддаггүй үл ойлголцол бүгдийг өөрийн бодол ухаанаар хүргэхээр шийдсэн минь амжилттай хэрэгжиж буйд талархал илэрхийлье.

Том компани, том брэнд, том хөрөнгө оруулалтыг жижиг харьцаа, өчүүхэн ухамсар, сэтгэлгүй байдал бүрмөсөн сүйрүүлж, олны ам дамжсан муу яриа болон тархдаг билээ. Монголын үндэсний үйлдвэрлэгч, татвар төлөгч компаниуд маань ойлгоно гэж найдъя.

2017.09.19 өдөр. Энхтайвны гүүрний доор байрлах Наран плаза дэлгүүрийг зорьлоо. Наран группийн энэ худалдааны төв олон жил Монголын нүүр тахлах газар байв. Гадны чанартай хүнсний бүтээгдэхүүн, брэнд хувцас, рестораны үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн гэдгээрээ үнэлэгдэнэ. 4 жилийн өмнө энэ дэлгүүрээс гэр гийгүүлэгч маань надад бугуйн цаг авч бэлэг болгон өгч байлаа. Энэ цагандаа туйлын хайртай. Чухал ажил хэргийн уулзалт, ялалт ялагдал бүхий л цаг хугацаанд надтай хамт байж бодлогошрох үед хань болно. Гэтэл өнөөх найзын маань батарей дуусчээ. Ингээд л Наран плаза руу явах шалтгаан болов. Нэг очсоных хүнсний тасаг, хувцасны дэлгүүрээр орох бодол өвөртлөв. Автомашинаа байрлуулчихаад явж оров. Эхлээд зорьсон ажлаа амжууллаа. Удсан ч үгүй цаг маань цохилж эхлэв. Хэхэ сэтгэлд таатай байна. Хувцасны дэлгүүрээр оров. "Timberland", "Celio", "Esprit" г.м брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагч тул залуусын сонголт болсон хувцас цөөнгүй байдаг юм.

Гэвч 30 гаруй минут хувцас сонирхсон над дээр нэг ч худалдагч ирсэнгүй. Лангууны ард 2 охин ухаалаг гар утсаа үзээд ухаан алга. Хоолой засч үзлээ, хажууд нь очиж үнэ асууж үзлээ доош харсан чигтээ "биччихсэн байгаа..." гэдэг супер хариулт өгөв. Үйлчлүүлэгч орж ирлээ гэж тоож байгаа шинж эрхэм худалдагчдад маань алга. Эдийн засгийн хямралд өртөөд Монгол компаниуд цомхотгол хийсэн, борлуулалт маш муу байна гэдэг мэдээг цөөнгүй сонссон. Гэвч ийм үйлчилгээ, ажилтнуудтай байхад хэрэглэгч мөнгөө төлөх нь юу л бол. Тэнгэрлэг Монголчуудын ад үздэг Азийн орнууд тэр дундаа Хятад Улсад худалдагч үйлчлүүлэгч 2-ын хооронд жинхэнэ нүүр тулсан халуун яриа өрнөдөг.

Огт авахаар төлөвлөөгүй зүйлээ ч худалдан авах тохиолдол бий. Монголын худалдааны компанийн захирлууд салбар дэлгүүрээ эргэх, хааяадаа өөрсдөө худалдагч хийн зогсох цаг ирсэн бололтой. Багагүй үнэтэй бүтээгдэхүүн худалддаг дэлгүүрт дахин очих хүсэл төрсөнгүй. Хүнсний тасаг орж хэрэгцээний зүйлс цуглуулах тухай сэдэл ч үгүй болов. Цагийн сайханд мандаж явсан бүхэн хайнга өчүүхэн алдаан дээр сүйрэн унаж байна даа.

Жич: Орой ирээд энэ тухайгаа гэр гийгүүлэгчдээ дуулгатал тус төвийг зорихоо болиод удсан. Худалдагч нараас нь залхаад өөр газрыг зорьдог болсоноо хэлэв.

Н.Урантогтох

#ХудалдааныСалбар - #ҮйлчилгээнийСүйрэл