БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо 2017 оны 09 дүгээр сарын 26-наас 29-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхий ассамблейн 86 дугаар чуулганд Монгол Улсын цагдаагийн байгууллагыг төлөөлж ЦЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр, Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан, Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Наранбаатар, ЦЕГ-ын Интерполын Үндэсний Төв товчооны ажлын албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Г.Билэгт нар оролцож байна.

Энэ удаагийн чуулганыг БНХАУ-ын дарга, Си Цзинь Пин нээж үг хэлснээр эхлүүлсэн бөгөөд дэлхийн 156 улсын 1000 гаруй төлөөлөгчид оролцож буй нь Интерполын түүхэн дэх хамгийн их хүн оролцсон Ассамблей болж байна.
Тус ассамблейн чуулганаар дэлхийн улс орнуудын цагдаагийн байгууллагын дарга нар дэлхий дахинд учирч буй болон болзошгүй аюул заналын тухай хэлэлцэж, түүнтэй хэрхэн тэмцэх талаар үзэл бодлоо солилцох юм.

Интерполын Ерөнхий ассамблейн 86 дугаар чуулганд оролцож буй төлөөлөгчид Палестин, Соломоны Арлуудыг Интерполд гишүүнээр элсүүлэх эсэх асуудлыг авч хэлэлцэн төөлөөлөгчдийн олонхийн саналаар тус хоёр орныг Интерполд гишүүнээр элсүүлснээр тус олон улсын байгууллага 192 орон гишүүнтэй боллоо.
Мөн түүнчлэн уг Ассамблейд оролцож буй дэлхийн улс орнуудын цагдаагийн байгууллагын төлөөлөгчид терроризм, зохион байгуулалттай шинэ төрлийн гэмт хэрэг, кибер гэмт хэрэгтэй тэмцэх гэсэн дэлхий дахинд аюул занал учруулж буй асуудлуудаар хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийг авч хэлэлцэхийн зэрэгцээ тус олон улсын байгууллагын удирдах дээд байгууллага болох Гүйцэтгэх хорооны гишүүд, дэд ерөнхийлөгч нарыг сонгох сонгуулийн ажиллагаа явагдана.