Завхан/МОНЦАМЭ/. Отгонтэнгэр хайрханд осолдсон иргэдийг эрэн хайх аврах ажиллагааг өнөөдөр буюу 17.00 цагт түр зогсоолоо. Учир нь үзэгдэх орчин хязгаарлагдсан тул Отгонтэнгэр ууланд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байсан бүлгүүдийг буулгажээ. Отгонтэнгэр ууланд авиралт хийж явсан 27 иргэний 17 нь сураггүй болж, 10-ынх нь цогцсыг олоод байна. Өнөөдөр аврагчид осолдсон иргэдийн цогцсыг 3200-3400 метрийн өндрөөс буулгасан байна.

 

Отгонтэнгэр уулын зүүн урд талд 3200 метрийн өндөрт эгц хадан хясаатай.  Авиралт хийсэн иргэд хясаа руу унасан байх магадлалтай байна. Уулын цас дагтаршиж, хунгарласан байгаа уг ажиллагааг явуулахад хүндрэлтэй байна гэж ослын газар эрэн хайх ажиллагааг удирдан явуулж байгаа ажлын хэсгээс мэдээлэл ирүүлсэн байна.

 

Хамт авиралт хийж түрүүлж буусан 10 иргэн шокын байдалд байгаа бөгөөд эмч мэргэжилтнүүд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх эмчилгээ үйлчилгээг газар дээр нь үзүүлж байгаа юм байна.

 

Ослын газар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас нийт 56 алба хаагч, долоон техник хэрэгсэл, бусад байгууллагаас 66 алба хаагч, зургаан техник хэрэгсэл, нийт 122 алба хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм байна. Мөн Завхан аймгийн Эрүүл мэндийн газар, Шуурхай удирдлагын нэгжтэй холбогдож, цагийн байдлын талаар мэдээллийг солилцон, мэргэжил аргазүйн удирдлагаар ханган ажиллаж байна. Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх эмнэлгийн гурван пунктийг тухайн газарт байгуулсан.  Аймгийн Нэгдсэн эмнэлгийн 18 хүний бүрэлдэхүүнтэй баг, сумын Эрүүл мэндийн төвөөс гурван эмч, мэргэжилтэн ажиллаж байна. Ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийн байр, хоол, унааны зардлыг аймгийн Эрүүл мэндийн газраас гаргаж байгаа. Түүнчлэн Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс гурван их эмч, хоёр сувилагчийн бүрэлдэхүүнтэй нарийн мэргэжлийн баг ажиллаж байгаа бол шаардлагатай тохиолдолд нэмэлтээр ажиллах нарийн мэргэжлийн баг бэлэн байдалд байгаа хэмээн Улиастай дахь штабаас мэдээллээ.

 

Б.Мягмарсүрэн 

Эх сурвалж: Монцамэ агентлаг