-“Hypermarket” энэ маягаараа сард иргэдээс 45 сая төгрөг залилж болох нь-       

      

Өнөөдөр соёлтой боловсон үйлчилгээг хангасан гэх цэвэр цэмцэгэр үйлчилгээний төв, сүлжээ дэлгүүрүүд асар олон болсон. Гэсэн хэдий ч цэвэр цэмцгэрийн ар талд хэчнээн бохир зүйл нуугдаж байгаа нь өдрөөс өдөрт мэдэгдэх болов. Ядарч зүдэрсэн нэгнийг бараанд нь хурууны үзүүр хүргэсэн төлөө цагдаад өгнө хэмээн сүрдүүлж, үнэгүй цэвэрлэгээ хийлгээд авна, бас зодож нүднэ. Барааны үнийг өсгөж, янз бүрээр бичихээс эхлээд хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүн зарах нь энүүхэнд болжээ. Энэ тухай мэдээлэл өдөр бүр шахам манай сайтад ирсээр байна. Хамгийн сүүлчийн ирүүлсэн мэдээллийг сөхье. Манайд хандсан үйлчлүүлэгч иргэн XIII хорооллын “Миний зах” буюу “Hypermarket”-аар үйлчлүүлэхээр оржээ. Тэрээр мах махан бүтээгдэхүүний хэсгээс 8990 төгрөгийн үнэтэй хиам аваад кассанд бичүүлтэл талон дээр 8990 төгрөгийн үнэтэй хиам нь даруй 18990 төгрөгөөр бичигдсэн байжээ. Багагүй хүнс авсан тэрээр авсан зүйлдээ түүртээд талонаа тухайн үед шалгаагүй аж. Тиймээс маргааш өглөө нь талонаа харснаар үнийн зөрүүг мэдсэн байна. Ингээд үйлчлүүлэгч маань өчигдрийнхөө авсан хоёр төрлийн хиамаа аваад кассан дээр нь очоод бичүүлж гэнэ. Харин үйлчлүүлэгчийн  өчигдрийн 6990 төгрөгөөр авсан хиам нь 6090, нөгөө 18990 төгрөгөөр авсан хиамыг нь 6990 төгрөгөөр биччих юм гэнэ. Ёстой л учир битүүлэг зүйл гэгч энэ байх.

Мэдээжийн хэрэг, тэнгэр газар шиг ялгаатай үйлчилж, иргэдийг мэхэлж байгаа учраас тэрээр оффис руу нь ороод ахин бичүүлтэл нөгөө 18990 төгрөгийн хиамыг тэр өрөөний компьютер 8990 төгрөгөөр бичжээ. Энэ үеэр ажилтан нь бололтой гурван эмэгтэй нааш цааш гүйж байснаа дотор байсан касснаасаа 10900 төгрөг авчирч үйлчлүүлэгчид өгсөн байна. Ухаандаа үйлчлэгчээ хохиролгүй болгож байгаа хэрэг л дээ. Тухайн үйлчлүүлэгч яахав, үнийн зөрүүг мэдсэн учраас ийн ажил болж байж хохирлоо барагдуулж байна. Мэдээгүй хэчнээн мянган хүн хулхидсаныг хэрхэн яаж мэдэх билээ. Үйлчлүүлэгч бүр тэр бүрий талонаа шалгаад байдаггүй, ихэнхдээ хогийн саванд базаад шидчихдэг. Тэр базаад шидсэн талон дотор иргэн таниас залилж авсан мөнгөний зөрүү байдаг гэдгийг хэзээ ч мэддэггүй. Ганц хоёр мянган төгрөг бол юу ч биш бололтой. Шуудхан л арав хорин мянгаар нь залилдаг хэмжээнд оччихсон юм биш үү.
 

 


Хамгийн гол нь тухайн дэлгүүрийн ажилтнууд үүндээ ямар нэгэн эмзэглэсэн зүйл ч үгүй, кассынх нь эмэгтэй үйлчлүүлэгчид 10900 төгрөг хээв нэг авч өгчихөөд юу ч болоогүй юм шиг л суух юм гэнэ. Мөн ч  их сурц байгаа биз. Ялангуяа их хэмжээгээр олон төрлийн бараа авсан хүмүүсээс 10, 20 мянгаар нь хулхиддаг бололтой юм. Бага зэрэг, цөөн төрлийн бол хоёр гурван мянгаар гэх зэрэг ханш байдаг гэдгийг ч эх сурвалж нуусангүй. Тэгээд баригдаад зарга хийгээд ирэхээр нь ямар нэгэн хэл ам гаргалгүй өгөөд явуулчихдаг жишиг бүр тогтсон бололтой. Бид өдөр бүр тэдний “чанартай”, “өргөн сонголттой”, “цэвэр цэмцгэр”, “экологийн...”” гэх мэт сурталчилгаанд хөтлүүлэн үйлчлүүлдэг. Гэтэл нөхдүүд бидний зовж олдог хэдээс нэг, хоёр мянга, бүр арав, хорин мянгаар саасаар байдгийн захын нэг жишээ энэ. Өдөрт хэчнээн зуугаараа үйлчүүлж байгаа иргэдээс ийн саагаад байхад ч бас боломжийн шүү. Шуудхан хэлэхэд ёстой л зүгээр сууж байгаад тэрбумтан болчих юм биш үү. Өдөрт дундажаар 300 үйлчлүүлэгч их бага хэмжээгээр үйлчлүүллээ гэж бодъё. Хамгийн багаар шүү. Дээрх 10, 20 мянгын жишгээр бодоод яахав, дундажаар нэг үйлчлүүлэгчээс 5000 төгрөг саая л даа. Тэгэхэд өдөрт л дор хаяхад 1.5 сая төгрөг халааслаж болох нь. Ингээд долоо хоногт 10 сая 500 мянган төгрөг, сард 45 сая, бүр цаашилбал, жилд хагас тэрбум төгрөг халаасалж болох аж. Мөн ч амархан баяжиж болох арга энэ байх. Хэчнээн жил ч ийм маягаар иргэдийг залилсан юм билээ, хэн мэдлээ. Тэгэхээр бид ийм луйварчдаар үйлчлүүлэх хэрэг байна уу. Үйлчлүүлсэн ч талонаа газар дээр нь шалгаж, луйварчдад арга хэмжээ авах хэрэгтэй. Зөвхөн үүгээр ч зогсохгүй цэвэр цэмцгэр байдал, сүржин зар сурталчилгааны ар талд ийм луйвар хйиж суугаа нөхдийг нэг шалгаад үзэхэд буруудах юун.
 

 

Эх сурвалж: Unen.mn