Нигерийн хэдэн зуун уурхайчид амьдралынхаа 20-30 жилийг Арева корпорацийн ураны уурхайд өнгөрүүлж буйн ач буянаар өнөөдөр Францчууд гэрэл цахилгаантай, тохилог дулаан амьдарч байна. Нигерийн уранаар хийсэн түлшээр Францын 58 цөмийн реакторыг цэнэглэдэг. Харин энэ бүгдийн цаана цацрагт нэрвэгдсэн уурхайчид хэрхэн шаналж, өвчин эмгэг тусаж, амь насаа алдаж буйг анзаарч мэдэх хүн алга. Хэдий болтол Францын цөмийн салбарынхан нүдэн балай, чихэн дүлий царайлах юм бэ?  

Нигерт явагдаж буй уран олборлолт нь манай гариг дээрх хамгийн аюулгүй үйл ажиллагаа мөн үү? 1970-аад оноос өнөөг хүртэл Францын Арева корпорацийн эзэмшдэг ураны 2 уурхайд 2600 хүн хөдөлмөрлөсөөр иржээ. Гэвч хагас зуун жил өнгөрөхөд Нигерийн хойт хэсэгт байрлах Арлит, Акукан гэдэг 2 уурхайн ажилчдын дунд мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдол ердөө долоохон удаа гарсан гэж Нигер улсын Нийгмийн Xаламжийн Төвд бүртгэгджээ. Мэргэжлийн  өвчин туссан 7 хүний 5 нь Францын цагаачид байсан гэж Нигерийн нийслэл Найами дахь Нийгмийн Халамжийн Төвийн ажилтан Усман Закари ярив. Нөгөө 2 өвчтөн нь насанд хүрээгүй Нигер хүүхдүүд байсан гэнэ. Аревагийн уурхайн ажилчдын 98% нь нутгийн иргэдээс бүрддэг. Тэгэхээр тэд үнэхээр гайхалтай эрүүл хүмүүс байх нь!

Уран олборлохыг сонгино, шар буудай тарих мэтийн хал балгүй ажилтай харьцуулж болно гэж үү? Франц улсын 58 цөмийн реакторын гуравны нэг нь Нигерийн уранаар хийсэн түлшээр ажиллаж, Францын эрчим хүчний нилээдгүй хувийг үйлдвэрлэдэг. Тэгэхээр Арева корпорациас ажилчдынхаа эрүүл мэндэд тавьж буй анхаарал халамжийг Францчууд магтан шагших хэрэгтэй бус уу? “Ураны уурхайд ажиллагсад гадна болон дотроосоо ионжуулагч цацрагт шарагддаг. Тэд ураны карьер, далд уурхайд ажиллах, уран олборлоx явц зэрэгт төдийгүй өөрсдийн гэр орон, тосгон сууриндаа амьдарч байхдаа хүртэл цацрагт өртдөг” гэж Цацрагийн тухай хараат бус мэдээлэл ба эрдэм шинжилгээний судалгааны комисс буюу товчилбол CRIIDAD лаборатори гэдэг төрийн бус байгууллагын (ТББ) тэргүүн Чарирон Бруно хэлэв.

Тус байгууллагаас уурхайчдын Арлит тосгоны ус, агаар, хоол хүнсэн дэх цацраг идэвхитэй хийг илрүүлэх хэмжилт судалгааг удаа дараа хийж гүйцэтгэжээ. Тус нутагт уран олборлосон цагаас хойш бий болсон 35 сая тонн цацраг идэвхит хаягдлыг ил задгай хураадаг аж. Овоолготой шороо чулуунаас цацрагт радон хий болон түүний задралын бодисууд ялгарч, салхинд туугдан тарxаж байна. Тэдгээр бодисууд нь “1988 онд Олон Улсын Хорт Хавдар Судлалын Агентлагаас гаргасан зүйчлэлээр хүний биед хорт хавдар үүсгэх аюултай гэсэн ангилалд багтдаг” гэж цөмийн физикч-инженер мэргэжилтэй тэрбээр тайлбарлав.

Уурхайд өмнө нь ажиллаж байсан уурхайчдад эрүүл мэндийн үйлчилгээ дутагдаж байна

Мэргэжлээс шалтгаалсан өвчин ийм цөөн бүртгэгдсэний учир нь юу вэ? Үүнд ердөө 2 янзын тайлбар байж болох: эсвэл Арева корпораци үнэхээр үлгэр жишээ ажилладаг байх эсвэл мэргэжлийн өвчин эмгэгүүдийг хав даран нууж, статистик судалгаанд оруулдаггүй байх. Найами хотын Нийгмийн Халамжийн Төвийн ажилтан Усман Закари учрыг надад тайлбарлаж өглөө. Мэргэжлээс шалтгаалсан өвчин эмгэг илэрсэн тохиолдолд Аревагийн охин компаниуд болох уран олборлогч Сомайр болон Коминакийн харъяа эмч нар тус улсын Нийгмийн Халамжийн Төвд мэдэгдэх үүрэгтэй. Түүний дараа хөдөлмөр эрхлэлт хариуцсан тусгай эмч давхар үздэг журамтай аж. ” Коминакийн эмч нар мэргэжлээс үүдсэн өвчнийг огт олж оношлодоггүй гэж ажилчид гомдоллодог. Уурхайчдын эрүүл мэндийн тухай бодит үнэнийг тэд нуудаг” гэж Усман ярив.

Нигерт зөвхөн насанд хүрээгүй хүүхдүүд л нийгмийн халамжийн эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах эрхтэй байдаг аж. “Уурхайд ажиллаж байгаад гарсан хүмүүст үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж үзүүлдэг газар байдаггүй. Гэтэл цацрагаас үүдсэн өвчин эмгэг нилээд хэдэн жил өнгөрсний дараа илэрдэг онцлогтой. Дөрвөн жилийн өмнө Арева корпорацийн Хүний нөөцийн асуудал хариуцсан дэд захирал Нигерт ирж, уурхайд өмнө нь ажиллаж байсан хүмүүсийн аж байдалтай танилцсан” гэж Усман хэллээ. Тэглээ гээд байдал өөрчлөгдсөнгүй, ураны уурхайд ажиллаж байсан хүмүүсийг эрүүл мэндийн үйлчилгээ авахад нь компаниас нь ч, төрөөс ч тусалж дэмжсэн зүйл огт алга.

“Тэд цөм нас барсан!“

Гэвч уурхайн ажилчид болон тэдний ар гэрийнхэн бодит баримтууд дэлгэсээр. “Миний нөхөр Сомайр компанийн анхны ажилтнуудын нэг байсан… Түүнтэй хамт ажиллаж байсан бүх хүн хорт хавдар, бөөр, элэгний өвчнөөр нас барцгаасан. Амьд үлдсэн хүмүүсийн дийлэнх нь өвчтэй эсвэл саажилттай. Гэсэн ч энэ бүх зүйл цацрагаас болсон гэх баримт судалгаа огт байдаггүй” гэж Коминак компанийн Арлит дахь Эрүүл мэндийн төвийнг төрөх тасгийн эрхлэгч, эх баригч Хамсату Адаму ярьж байна.

Тэрбээр 2009 онд Бурeйма Хамидугийн байгуулсан Уурхайн хуучин ажилчид, тэдний гэр бүлийнхэн (УХАТГБ) нийгэмлэгээс зохион байгуулдаг долоо хоног тутмын хуралд оролцдог.  Бурeйма Хамиду гэгч хүн Коминак компанид дээж авагчаар ажиллаж байсан ч түүнийг тэтгэвэрт гарахаас нь 5 жилийн өмнө хууль бусаар ажлаас нь халсан гэж ярьдаг. Тэрбээр уурхайчдыг  дайчлан ажиллахаар шийджээ.

Нийгэмлэгийн давчуу өрөөнд бие эрхтэний саажилттай, бөөр элэгний өвчтэй жараад насныхан тэвчээртэй сууцгаана. Тэд бол амьд үлдэгсэд. Аревагийн Арлит, Акукан уурхайд 1970-1990-ээд онуудад ажиллаж байсан уурхайчдаас өнөөдөр амьд хоцорсон хүн бараг үгүй. “1990-ээд оны эхээр тэтгэвэртээ гарсан уурхайчид 2 жил ч амьдраагүй. Тэд цөм үхцгээсэн! Яг л тахал туссан юм шиг бүгдээрээ хиарсан” гэж Сомайр компанийн Арлит уурхайд 20 жил ажилласан Амаду Цисс ярив.

Атга дүүрэн уран

Коминак компанид ажиллаж байсан Маман Сани бол амьд үлдсэн цөөхөн азтаны нэг. Гэхдээ амьдрал түүнд ямар үнэ цэнээр олдов… Мөргөлийн цаг боллоо. Мусульман шашны ёсоор угаалга үйлдэж буй урт хормойтой хувцас өмссөн туранхай хүн хичнээн хичээгээд ч зүүн хөлөө угааж чадсангүй. 1992 онд түүний биеийн зүүн тал саажилт өгч, мэдээ алджээ. Гэвч түүний өвчнийг ажил мэргэжлээс шалтгаалсан гэж оношлоход дэндүү оройтсон гэж түүнд хэлжээ. Коминак компанид 25 жил хөдөлмөрлөсөн Маман Санид компаниас нь эмчилгээний зардал огт өгөөгүй. Маман цөмийн эрчим хүч үйлдвэрлэхэд ашигладаг ураны баяжмал буюу “шар нунтагтай”  шууд харьцдаг ажилтай байжээ.

Уурхайд ажиллаж байсан хэд хэдэн хүн ажлын байрны хамгаалалт хангалтгүй байсныг дурсан ярив. “Би шууд урантай харьцдаг байсан. Эхлээд бүр бээлий ашиглах ёстойгоо ч мэддэггүй байлаа. Амны хаалт маск гэж юм бас байдаггүй байсан. Энэ бүх зүйл чинь сүүлд л бий болсон” гэж УХАТГБ Нийгэмлэгийн тэргүүн, Коминакийн боловсруулагч үйлдвэрт оператороор 20 жил ажилласан Ислам Моункайлад хэлэв. Тэдний ярьж буй зүйл “Анх Нигер улсад үйл ажиллагаа явуулах мөчөөсөө эхлэн хөдөлмөр хамгаалалт, аюулгүй байдлыг бизнесийн үйл ажиллагааныхаа салшгүй нэг хэсэг болгон хэвшүүлж, урьдчилан сэргийлэх бодлогыг хэрэгжүүлж ирсэн” гэдэг Нигерийн хамгийн том ажил олгогч Арева корпорацийн мэдэгдлээс тун ч хол зөрүүтэй сонсогдоx юм.

Ареваг “ноцтой байдлаар хариуцлага алдсан” хэмээн шүүх буруутгав

Арева корпорациас Ажлын байрны эрүүл мэнд, аюулгүй байдлын зөвлөлийг Нигерт дөнгөж…1999 онд буюу анхны ураны уурхайгаа нээснээс хойш 45 жилийн дараа байгуулсан байдаг. Бурeйма Хамидугийн ярьж буйгаар Арева уурхайчин бүрийг амны хаалт, бээлий хэрэглэхийг шаарддаг болсон ч ажилчиддаа шаардлагатай сургалт явуулдаггүй ажээ. Уг нь бол аль эртний л хийгдэх ёстой байсан ажил. “Нигерт ажиллаж байсан Франц хүн мэргэжлээс шалтгаалсан өвчин туссан гэдгийг шүүх хүлээн зөвшөөрсөн байна. Тэгвэл тэр уул уурхайн компанийн үгүйсгээд байгаа цацрагаас, уран олборлолтоос болж Нигерийн уурхайчид болон нутгийн оршин суугчид өвчин эмгэг тусч, амь насаа алдсаныг яах юм бол?” гэж Santй sous traitance Nuclйaire Сhimie  (цөмийн болон химийн үйлдвэрлэлийн компаниудын гэрээт ажилчдын эрүүл мэнд, эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Францын ТББ–Орч.) нийгэмлэгийн тэргүүн Филипп Билард надаас асуув. Урьд нь өөрөө “цөмийн тэнүүлчин” (“цөмийн тэнүүлчин” гэж ихэнхдээ цөмийн салбарын хамгийн осол аюултай ажлыг хийж гүйцэтгэдэг гэрээт ажилчдыг хэлнэ. Тэдний эрх ашгийг хамгаалах эвлэл холбоо гэж байдаггүй– Орч.) явсан тэрбээр Францын Мелен хотын шүүхээс Коминак компанид 1978-1985 онуудад ажиллаж байсан Серж Венелийн хорт хавдар өвчнөөс үүдэлтэй үхэлд Ареваг буруушаасан шийдвэр гаргасанд сэтгэл нь хөдөлжээ. Франц улсын шүүх Арева корпорацийг ажлын хариуцлага алдаж ноцтой дутагдал гаргасан хэмээн буруутгасан. Хариуд нь Аревагийнхан тэр даруйдаа давж заалдсан юм.

Томхон хэрэг өдүүлэx үү?

УХАТГБ Нийгэмлэгийн тэргүүн Моункайла Ислам Серж Венелийг таньдаг байжээ. “Манай захирлаар ажиллаж байсан хүн. Механикчид бид түүнээс илүү цацрагт өртдөг байсан. Машин механизм зогсох, эвдрэхэд захирал оролцохгүй харин механикчид бид л ураны хүдэртэй зууралддагсан” гэж тэрбээр хахаж цацан ханиалгаx завсраа ярилаа.

Хэрэв Нигерийн ураны уурхайд ажиллаж байсан хүмүүс Серж Венелийг үхэлд хүргэсэнтэй ижил өвчин тусвал шүүхээр дамжуулан чамгүй хэмжээний нөхөн төлбөр нэхэмжлэх боломжтой болно. “Серж Венелийн эхнэр нөхөн төлбөр авдаг юм бол Нигерт түүний ижилхэн азгүй хувь заяатай хэдэн мянган хүн бий” гэж 2013 оны 7 сарын 4-нд Парист болох давж заалдах шатны шүүх хурлыг хүлээж суугаа Бурейма онцлов.

Энэ үйл явц Нигерийн уурхайчдад ямар нөлөөтэй вэ? “Мелен хотын шүүхийн туршлагыг  давтан хэрэгжүүлэх бүрэн боломжтой… Мелен хотын шүүхээс шийдвэрлэсэнчлэн, ажил олгогч нь Арева байсан гэхээр гол хариуцах шүүх нь Аж үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн шүүх болно. Уурхайчид өөрсдөө эсвэл уурхайчин нас барсан тохиолдолд ар гэрийнхэн нь  нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж нөхөн төлбөрийн асуудлаар мэргэшсэн хуульч Жан Пол Тесонньер зөвлөв.

Гэвч өнөөдрийг хүртэл өвчин уранаас шалтгаалсныг нотлох баримт олдоогүй гэх

Аль 2003 оноос эхлэн Арлит тосгоны иргэдийн хөдөлгөөн, Дэлхийн эмч нарын байгууллага болон Францын Шерпа ТББ зэрэг байгууллагууд Габон болон Нигер дэх Аревагийн ураны уурхайнууд байгаль орчин, уурхайчдын эрүүл мэндэд ноцтой хор хохирол учруулж байгааг  шүүмжилж ирсэн юм.  Тэдгээр ТББ-уудын зүгээс улам бүр ноцтой шаардлага тавих болсонд байдлыг намжаахын тулд Арева корпорациас  2010 оны 12 сард Нигерийн Агадэз бүс нутагт Эрүүл мэндийн хяналт үйлчилгээний (ЭМХҮ) төв гэгчийг байгуулжээ.

Тус эрүүл мэндийн төвийн зорилго нь “урантай ажилладаг байсан хуучин ажилчдын судалгаа” гэж Арева корпорацийн цахим хуудсанд бичжээ. Төвд хуучин ажиллагдсад эмнэлгийн үзлэг хийж, ураны хүдэртэй ажилладаг байсан хүмүүсийн цээжний рентген зургийг хоёр жил тутамд авч, цусны шинжилгээ хийх юм байна. Эрүүл мэндийн хяналт үйлчилгээний төв нь уурхайн ойролцоо оршин суугчдын эрүүл мэндийг хянаж, гар дорхи эрүүл мэндийн баримт сэлтэнд (өвчний түүх, эмнэлгийн тайлан, сэдэвт судалгаа гэх мэт) тулгуурлан бие даасан судалгаа хийx ажээ. Түүнчлэн “xүн амын  эрүүл мэндэд үзүүлж буй ураны уурхайн өнгөрсөн болон өнөөгийн үр нөлөөг олон нийтэд ил болгох зорилгоор 1968-2005 онуудад тохиолдсон хүүхдийн эндэгдэлд дүн шинжилгээ хийнэ” гэжээ.

Ил тод байх нь! Гайхалтай нь ЭМХҮ төвийнхэн бүтэн жилийн туршид эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхдээ ураны нөлөөллөөс үүдсэн мэргэжлийн өвчний ул мөрийг олж чадсангүй. “Бид хүндрэлтэй дөрвөн тохиолдол илрүүлсэнээс  2 нь хэвийн бус тохиолдол байсан. ЭМХҮ төвийн эмч нарын зөвлөл судалж үзээд тэдгээр өвчнүүд нь уранаас шалтгаалаагүй гэсэн дүгнэлт гаргасан. Гэсэн ч бид тэдгээр өвчтөнүүдэд тусламж үзүүлж байгаа. Бид нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг ярьж байна л даа, тэдний өвчин мэргэжлээс шалтгаалаагүй ч бид эмнэлгийн үйлчилгээ үзүүлсээр байгаа” гэж Аревагийн эмчилгээ хариуцсан захирал Алайн Акер ярив.

Элс гэдэг чинь уранаас ч аюултай…

“Элсэн цөлд үлдэгсэд” гэдэг тайландаа Грийнпийс олон улсын байгууллагынхан Нигерийн ураны уурхай орчмын газар нутгийн ус, агаар, болон гүний ус цацрагт бохирдсон төдийгүй амьсгалын замын өвчнөөс шалтгаалсан нас баралт улсын дундаж болох 8.5%-иас даруй 2 дахин өндөр (16%) байхад Арлит тосгоныхон огт мэдээлэлгүй байгаа талаар бичсэн юм. Үүний хариуд Арева корпорацийнхан “Арева ба Нигер–урт хугацааны түншлэл” гэдэг нэртэй тайлан гаргажээ. Аревагийн тайланд “Гринпийс байгууллагыхныг олон нийтийн  айдас болон буруу ташаа мэдээлэл ашигласан хэмээн шүүмжилж, уурхайчдын тосгоны оршин суугчдын дунд дэлгэрсэн харшлын өвчин нь хүний нүд, уушгинд үзүүлэх элсний сөрөг нөлөөллөөс үүдэлтэй болохоос Гринпийсийнхний бичсэнчлэн ураны уурхайн үйл ажиллагаатай огтхон ч холбоогүй” гэжээ!

Нигер, Габоноор аялж “Уран гэгч хордуулсан өв” гэдэг нэртэй кино хийж ирээд Үндэсний Парламент ТВ-ийн сувгаар цацсан Францын сэтгүүлч Доминик Хэннэкин уул уурхайн компанийн зохион байгуулсан хүлээн авалт Хойт Солонгосыг санагдуулсан хэмээн хэлж зүрхлэснийг нь төлөө Арева корпорацийн төлөөлөгч эсэргүүцэн мэдэгдэл гаргаж байв…Аревагаас 100 % санхүүждэг Эрүүл мэндийн xяналт үйлчилгээний төвийнхэн ил тод байдлын талаар юу гэх юм бэ? “Тус төвөөс өмнө нь ажиллаж байсан уурхайчдын гуравны нэг ч хүрэхгүйтэй холбогдсоны 472 нь Арлитд, 39 нь Агадезд байсан. Тэднээс дөнгөж 100 хүнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан” гэж Сомайр компанид уурхайчин байсан Амаду Цисс ярив.

Харилцаа холбоо

“Хамгийн эмгэнэлтэй нь тэдгээр үзлэгийг Коминак компанийн эмчээр олон жил ажилласан Бараз эмч удирдаж явуулжээ. Ажлаасаа гараад хоёрхон жилийн дотор нас барсан тэр олон уурхайчдад үзлэг хийдэг байхдаа цацрагаас шалтгаалсан ганц ч өвчин олж чадаагүй эмч өнөөдөр өөрчлөгдсөн болов уу?” гэж Амаду Цисc халаглав. Эрүүл мэндийн xяналт үйлчилгээний төвтэй 3 жилийн турш хамтран ажилласны эцэст буюу 2012 оны 12 сарын 18-нд Шерпа байгууллага түншлэлээ зогсоож буйгаа мэдэгджээ. Төрийн бус байгууллагуудын нотолж буйгаар Аревагийн шинэ удирдлага урьд нь хэлэлцэж тохирсон ажил үүргээ жинхэнээсээ биелүүлэхийн оронд холбоо барьсан  дүр үзүүлэх төдийхнээр аргацаадаг аж. Ийнхүү Аревагийн эрүүл мэнд хариуцсан захирал Алайн Акерийн бахархаж байсан  “Нигер улсын эрх баригчид, ТББ-ууд болон хариуцлагатай уул уурхайн компани гэсэн гурван талыг нэгтгэсэн урьд өмнө хэзээ ч байгаагүй шилдэг түншлэл”-ийн ирээдүй бүрхэг болжээ.

Xараат бус судалгааны CRIIDAD байгууллагын тэргүүн Чарирон Бруногийн ярьснаар бол уурхайд хуучин ажиллаж байсан хүмүүсийн эрүүл мэндийн хяналт мониторинг хараат бус байж чадаxгүй гэнэ. Аревагийн ашигласан “цацрагаас шалтгаалдаг мэргэжлийн өвчний жагсаалт” нь хуучирсан, бүрэн бус жагсаалт байсан гэж инженер мэргэжилтэй тэрбээр ярив. “Бага түвшний цацрагийн архаг хордлогын талаарх сүүлийн үеийн баримт мэдээнээс үзэхэд хүний биеийн эрүүл мэндийн ерөнхий доройтол нь төрөл бүрийн хорт хавдар үүсгэж, амин чухал эд эрхтний үйл ажиллагаанд нөлөөлдөг нь тодорхой болсон.

Цацрагийн нөлөөлөл нь уушигний, чөмөгний, цусны хорт хавдар үүсгээд зогсохгүй зүрх судасны өвчин, бөөр болон мэдрэлийн  эмгэг  ч үүсгэдэг“.  Исламын хацар, гар, баруун өвдөг нь мэдээ алдсан, 1976 оноос Сомайр компанид өрөмдлөгчин хийж байсан Маманы тал бие нь саажиж, бөөрний дутагдалтай болсон гээд уурхайчдын өвчин зовлон тоочвол мундахгүй…Тэдний нэгэн адил өвчиндөө шаналж буй Нигер уурхайчид олон бий.  

Уурхайд ажиллаж байсан ажилчид компаниасаа сэтгэл санааны дарамт учруулсаны төлбөр нэхэмжилж болно. Уушигны хорт хавдар үүсгэгч асбестийн тоосонцороор амьсгалсан ч өвчлөөгүй ажилчид компаниа шүүхэд өгсөн бэлээхэн жишээ байна. “Хэрэв уурхайчдын өвчин нь уранаас үүдсэн гэдгийг нотлоход хүндрэлтэй бол Францын Аж үйлдвэрлэлийн асуудал хариуцсан шүүхэд нэхэмжлэл гаргахдаа уурхайчид аюултай цацрагт өртсөнөөсөө болж сэтгэл санааны хүнд дарамтанд орсон гэдэг үндэслэл хэрэглэвэл Арева амар мултрах аргагүй болно” гэж хуульч Жан Пол Тессоньер зөвлөв.

Эрүүл мэндийн асуудлаар мэргэшсэн энэ хуульч асбестийн тоосонцороор амьсгалсан боловч өвчлөөгүй “Этэрнит” компанийн ажилчдыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргаж тэмцсэний дүнд ажилчин тус бүр 5,000-30,000 еврогийн хэмжээтэй нөхөн төлбөр авч чадсан нэгэн билээ. Ямар боловч өнөөдөр хууль зүйн эсвэл улс төрийн аль нэг арга замаар Нигерийн уурхайчдыг эрүүл мэндийн үйлчилгээнд яаралтай хамруулах нь нэн чухал байна.

Орчуулсан: Э. Амарлин
http://www.multinationales.org/article77.html